Хуулийг гууль болгодог “Time square”, “River garden” хотхонуудын эзэн Д.Батаа нийтийн эзэмшлийн талбайд эзэн сууж, мөнгө нэхдэг болжээ!
Туул голын сав газарт 38.8 га газар эзэмших эрхийг өөрийн болгосон “Стандарт групп” гэж даварсан компани Монгол Улсын ямарч хууль тогтоомжийг үл тоомсорлон үйл ажиллагаа явуулж буй асуудлыг хэвлэлийнхэн хэдэн жилийн өмнөөс л бичиж, нийтлэж өдийг хүрсэн. Гэвч “Стандарт групп”-ын эзэд Д.Батаа, Д.Ганбат гэсэн ах дүү хоёрын ар, нөмөр нөөлөг том тул тэд хүссэнээ хийж иржээ. Өдгөө тэнд нь “Time square”, “River garden” гэсэн хотхонууд босжээ.
Уг нь тэдний компани нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид нэвтрэн орсон болох нь аль 2010 онд МХЕГ-ын шалгалтаар тогтоогдсон байдаг ч, тэдний үйл ажиллагааг зогсоож дийлэх эрх хаана ч, хэнд ч байсангүй. МХЕГ-аас 2010 онд НМХГ-тай хамтран Туул голын дагуу хамгаалалтын бүсэд хяналт шалгалт хийн, голын ай сав дагуу газар эзэмшсэн 312 албан байгууллагыг шалгаж, зөрчилтэй 147 байгууллагатай хариуцлага тооцон,газар эзэмших эрхийг цуцалсан ч “Стандарт групп”-ийн толгойг илээд өнгөрч байв.
Түүнчлэн “Стандарт групп” ХХК-ийн тансаг хотхонууд барихаар анхнаасаа төлөвлөгдсөн газар болох Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хоорондох бурагсан шугуй ой бүхий талбай нь нийслэл хотын ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын дотоод мужид хамаарагдах газар болохын хувьд анхнаасаа тэдний эзэмшилд очих ёсгүй байсныг хэлэх хүмүүс бий. Өдгөө хотхон боссон газрын тухайн үеийн зургийг хүргэж байна.
Гол нь “Стандарт групп” ХХК-ийн хууль зөрчсөн үйл ажиллагаа хэн хүний нүдний өмнө ил байж ирсэн.Компанийн эзэн Д.Батаагийн тухайд экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын үед бизнесээ цэцэглүүлж чадсан гэгддэг. Түүнд аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэх зориулалтаар 15,6 га газрын зөвшөөрлийг арав гаруй жилийн өмнөх хотын удирдлага өгч байв. Тэнд ах дүү нар нийлж Стандарт кемп гэх амралтын газар ажиллуулж байв. Харин 200 бургасыг нь тайрч шатааж, үерийн даланг сэтэлж дураараа дургиад байгаа 23,2 га газрыг өдгөө сайдын сандалд сууж буй хотын экс дарга өгсөн байдаг. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн 200 метр талбай дотор ямар нэгэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хуулийн заалт байдаг ч, “Стандарт групп”-д энэ хууль огтоос үйлчилж байгаагүй.
“Стандарт групп”-ын эзэн Д.Батаа нь Ерөнхийлөгчийн сонгуульд ИЗН-аас нэр дэвшин өрсөлдөж байсан Л.Дашнямын хүргэн. “Эм импекс” компанийг хувьчилж авч байсан анхны эзэн гэгддэг тэрбээр нөлөөтэй эр гэдэг нь олон зүйлээс харагддаг. Ямартаа л Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатарын нууц хүүгийн амьдардаг “Рапид” харшаас 2 сая 245 мянган юань, 6000 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 419 сая төгрөг хадгалж байсан сейф алдагдсан хэргийг дарж өгсөн хүн бол Д.Батаа. Тэр мөнгийг би хадгалуулж байсан юмаа гэж хэлсэн хүн бол тэр. Д.Батаа, Н.Хүрэлбаатар хоёр Л.Дашнямын хүргэчүүл юм билээ л дээ.
Д.Батаа гэгчийн тухайд өөрийгөө сүр хүчтэй гэдэгт дэндүү итгэсэн нэгэн бөгөөд хэнийг алагчлахаа бас андахгүй гэж байгаа.Ер нь бол өөрийгөө хаан шиг санадаг аж. Ямартаа л түүний эзэмшлийн River garden хотхоны замаар явахыг хүсвэл түүнд мөнгө төлөх ёстой юм байна. Тиймээс ч түүний энэ дээрэнгүй хандлагад дургүйцсэн хүмүүс хэл ам хийж байгаа аж. Д.Батаагийн монополь зангаас болж “Эко констракшн” компани “Маршал хотхон”, “King tower” хотхонуудаа урагшаа “River street”-тэй холбож чадахгүй байгаа гэнэ. За мөн “On and Off” продакшн шинэ байранд төвхнөх гэсэн биш урагшаа харсан хаалгаа гаргаж чадахгүйд хүрчээ.
Уг нь тус газарт анх хурдны зам тавихаар төлөвлөж байсан байдаг. Гэвч Д.Батаа гэгч нь дур мэдэн хотхоныхоо замыг тавьчихаад, эргээд бусдад хүндрэл учруулан, хууль бусаар мөнгө нэхэж байгаа нь даварсан хэрэг юм. Нийслэлийн газрын албаныхан түүний энэхүү даварсан үйлдлийн эсрэг шаардлага тавьж, хашааг нь нураах гэсэн боловч, “Номин” компанийн тусламжтайгаар хашаа хороогоо хэвээр нь үлдээж чадсан гэх мэдээлэл байгаа юм. Чухам юу болоод байгаа талаар эргэн мэдээлэх болно. Д.Батаа гэгч нь нийтийн эзэмшлийн талбайд эзэн суучихаад бусдаас мөнгө нэхэх эрхийг хэнээс авснаа ил тод хэлбэл таарна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: