Р.Фрийдландын охин компаниуд Монголын ордуудыг Хятадуудад өгөхөөр нууц уулзалтуул хийж байна

Монголын хөрсөн доорх эрдэс баялгийг шинэ ажлын байр, улс орны хөгжил цэцэглэлт, эдийн засгийн тогтвортой хөгжил рүү хөрвүүлэхийн төлөө ажиллаж байгаа хэмээн өөрөө өөрийнхөө ажлыг магтдаг Саусгоби сэндс ХХК үнэн чанартаа улс Монголын үндэсний аюулгүй байдалд харшилахуйц үр дүнд хүрэхийн төлөө ажиллаад байгаа юм биш үү?

Монголын нэрийг ашиглаж мөнгө хийх дайнд мордчихсон юм биш үү? Яг ингэж асуух шаардлага магад ирээдүйд гарах вий дээ хэмээн хэвлэлийнхэн хоёр жилийн өмнөөс бичиж байв. Харамсалтай нь өнөөдөр тэр ёсоор асуух шаардлага гарчихаад байна. Яагаад гэдгийг дуулгахаас өмнө өгүүлэх зүйл бий.

“Айвенхоу Майнз Монголия Инк” компани дөрвөн жилийн өмнөх наймдугаар сард нүүрсний эрэл, хайгуул хийх өөрийн охин компани болох “Саусгоби Сэндс” ХХК-ийг манай улсад байгуулсан юм. Үүнээс хоёр сарын өмнө буюу 2007 оны зургадугаар сард олон улсын бирж дээрээс мөнгө босгох зорилготойгоор “Southgobi Energy Resources” компанийг байгуулсан байдаг.

Улмаар “Southgobi Energy Resources” нь “Саусгоби Сэндс”-ийн Монгол дахь нүүрсний ордууд дээр тулгуурлан Торонто, Хонгконгийн биржүүд дээр хувьцаа гарган арилжаалж эхэлсэн түүхтэй. Тэгэхээр “Southgobi Energy Resources” ч бай, “Саусгоби Сэндс” нь ч бай Оюутолгойн “загалмайлсан эцэг” хэмээн өөрийгөө өргөмжлөх шахдаг Р.Фрийдландын “Айвөнхоу”-гоос угшилтай юм.

Саусгоби сэндс ХХК-ийн тухайд эргэн өгүүлэхэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотоос 320 орчим км, нийслэл Улаанбаатар хотоос 950 км зайд Гурвантэс сумын нутаг дэвсгэрт оршдог Овоот толгой нүүрсний орд газарт 2008 оноос эхлэн олборлолт явуулж байгаа бөгөөд Овоот толгойн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэд бүтэц бүрдүүлэх, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг ажлыг, хийж хэрэгжүүлэхийн тулд хэмээн 2009 оны арваннэгдүгээр сард БНХАУ-ын төрийн өмчит “China Investment Corporation” компаниас 500 сая ам.доллар зээлсэн байдаг.

Өөрсдөө л зээл гэж тайлбарладаг болохоос угтаа бол 500 сая ам.долларын төлөөс нь “Southgobi Energy Resources” компанийн хувьцааны 29,9 хувь, Нэг ёсондоо Хятадын төрийн өмчит санхүүжилтийн корпораци 500 сая доллараар ийм хэмжээний хувьцааг нь авч Монголын нүүрсний баялагт хүрэх өмнөд хөршийн эрмэлзэл тодорхой хэмжээнд биелэлээ олсон харагдаж байгаа юм.

Тэгэхээр зээлсэн гэхээсээ худалдсан гэх ойлголт энд илүү зохицмоор. Ямартай ч энэ мөнгө нь зөвхөн Монголд зарцуулагдаж, Овоот толгойн уурхайн үйлдвэрлэлтэй холбоотой тал талын ажлууд урагшилж байх учиртай. Тэдингэжл ойлгуулсан. Тэгж л Монголын нүүрсийг баталгаа болгосон.

Дагаад, эхэнд өгүүлээд байсанчлан тэд улс монголын эдийн засагт тустай үр дагаврыг оруулах ёстой юм. Гэтэл бүтэн хоёр жил өнгөрчихөөд байхад Саусгоби сэндс ХХК нь”ирэх 2-З жилийн дотор хүчин чадлаа нэмж жилдээ 8-15 сая тонн нүүрс олборлож, экспортлох төлөвтэй.

Цаашид Овоот Толгой уурхайгаас Шивээхүрэнгийн боомт хүртэл 47 км хатуу хучилттай зам барина. Нүүрсээ угааж баяжуулах зэрэг ажлууд хийхээр төлөвлөж байна” гэсэн зүйлсээ ярьсан хэвээрээ л байна.

Одоогоор тус компани Өмнөговь аймагт ашиглалтын 303 км2 газap хамарсан, Монгол улсын урд хилээс 50 -150 км зайд байрлалтай 600-700 сая тонн нүүрс агуулж байгаа 3 ордын лиценз эзэмшиж, нэг ордоос олборлолт хийж, найман сумын нутагт хайгуул хийж байгаа ч, нүдэнд үзэгдэх ажил хийлгүй “санхүүжилт байхгүй, мөнгө байхгүй” гэсэн шалтаг барин Монгол ажилчдынхаа тоог цөөлөх аяныг өрнүүлжээ.

Гэхдээ уурхайн ажиллагсдаа биш Улаанбаатар хот дахь компанийхаа төв оффист нь ажилладга сайн менежерүүдийг,  гадаад
удирдлагуудын өөдөөс юм ярьдаг, Монгол улсын болон монгол ажилчдынхаа эрх ашгийг хамгаалдаг хүмүүсийг 2010 оноос эхлэн шахан зайлуулах болсон бөгөөд “Уучлаарай танд орон тоо байхгүй” гэсэн үг сонссон ажилчид нэг нэгээрээ явсаар нэг л мэдэхэд халагдсан хүний тоо 20 хүрчихээд байгаа аж.

Гол нь орон тоогүй гэдэг шалтгаанаар явуулсан тэр хүмүүс нь компанийн үйл ажиллагаатай холбоотой нарийн мэдээлэл, тоо баримтуудтай харьцдаг хүмүүс бөгөөд тэднийг явуулсаныхаа араас орон тоо гарган гадаад удирдлагуудын хэлсэн бүгдийг ёсоор хийдэг, худалдагдахдаа амархан хүмүүсийг эсвэл гадаад мэргэжилтнүүдийг төв оффистоо суулгах болж, компани доторх уур амьсгал ч хэдийнэ эвгүй болжээ.

Хэдийгээр энэ нь хувийн компанийн асуудал мэт харагдаж болох ч, Монголын баялаг дээр эзэн суусан гадны компанийн зүгээс гаргаж байгаа энэ авирын цаана юу нуугдаж байна вэ гэж харвал арай өөр. Хийхээр төлөвлөсөн ажлууд нь Монгол Улсын төрийн байгууллагуудтай харилцахад хүндрэлтэй байдгаас, Монголчуудын дээрэлхүү хандлагаас болоод болохгүй байна, урагшлахгүй байна гэх зүйлийг хэлж ярих дуртай Саусгоби Сэнд ХХК-ийн удирдлагууд сүүлийн үед Хятадын компаниудын төлөөллүүдтэй, голчлон санхүүгийн хүмүүстэй нь уулзах нь олширсон талаар баттай эх сурвалжууд хэлж байгаа юм.

Бизнесийн шугамаар хэн ч хэнтэй ч уулзаж болох ч, Хятадуудын зүгээс Саусгоби Сэнд ХХК-ийн уурхай, лицензүүдийг, өрөөс “Southgobi Energy Resources” ХХК-ийг худалдаж авах тухай мэдээлэл гарах болсон нь хэдийнэ нууцлалаа алдаж, хятадууд өөрсдөө тэр санаагаа илэрхийлэх сонирхолтой байгаа талаар яригдаж байна.

Монголын  нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд бид л хүргэнэ хэмээн итгэлтэй даналзаж байгаа Хятад улсын засгийн бодлого нь улам бүр өсөн нэмэгдэж байгаа нүүрсний хэрэглээгээ ойр зэргэлдээ тэрдундаа Монголоос хангахаар эрмэлзэж байгаа нь мөн л нууцлалаа алдсан.

Энэ нь Хятадын компаниуд төрийнхөө дэмжпэпэйгээр Монголын ордууд руу улайрч яваа цагт, тэд “Southgobi Energy Resources” -той тохиролцож чадвал, өдгөө 29.9 хувь нь Хятадын эрхшээлд байгаа компани бүтнээрээ Хятадын мэдэлд очихыг үгүйсгэх аргагүй байна.

Ашигтай л байвал Монголын эрх ашиг энэ тэр тэдэнд падлий байхгүй. Хэдэн зуун саяыг халааслаад, юун яасан Монгол, дуулаагүй юм байна гээд л яваад өгөхөд бид яах билээ. Хэрэв өдгөө Саусгоби Сэнд ХХК-ийн мэдэлд байгаа Овоот Толгой, Цагаан толгой, Сүмбэр-Билүүтийн ордуудын лицензүүд компанитайгаа хамт Хятадуудын гарт орвол Монголын өмнийн говийн нүүрсний ихээхэн нөөц Хятадын мэдлийнх боллоо гэсэн үг.

Учир нь нэг зурвас дагасан байршилтай энэ гурван ордод агуулагдаж байгаа нөөцийн хэмжээ Ухаахудагийн нүүрсний нөөцөөс илүү гэдгийг, цаашлаад нөөц нь нэмэгдэнэ гэдгийг геологичид хэлдэг. Ордуудын судалгааг 250-300 метр гүн хүртэл гүйцэтгэсэн учир гүн рүү нөөц нь их хэмжээгээр өсөх нь тодорхой бөгөөд тоймолж үзвэл 300 сая тонн нүүрс нэмэгдэх боломжтой гэж байгаа юм.

Энэ гурван ордын нөөц 1 тэрбум тоннд дөхөх прогноз байна гэсэн үг. Гүн рүү нүүрсний чанар сайжирч коксжих нүүрс болдог учраас чанарын хувьд ч улам өсөлтийг үзүүлэхээр аж. Тэгэхээр ийм ордуудынхаа замыг заах эрхийг харийнханд тэр чигт нь өгчихсөний балаг ирэхгүй гэх баталгаа өнөөдөр алга.

Хэрэв Хятадууд энэ ордуудыг авчихвал Тавантолгойн нүүрсийг хэрхэн үнэгүйдүүлэхээ тэд биднээр заалгахгүй. Эрдэнэс Тавантолгой уурхайн 70 доллараар борлуулж байгаа нүүрсээ бидний монголчууд яаж үнэд хүргэх билээ гэж зүдэрч байгаа.
100 долларт хүргэчихээд баярлаж суутал Хятадууд энэ гурван ордын тонн нүүрсийг 80-аар өгнө гээд зүтгэвэл яах билээ. Энэ манай эдийн засгийн аюулгүй байдалд заналхийлсэн аюул биш гэж үү. Монголын нүүрсний экспорт тэртээ тэргүй Хятадаас хамаарч байна.

Эрдэнэс Тавантолгойн нүүрс Чалко руу шууд очиж байна. Ийм байхад Хятадууд дахин нэрмэж, дахин ордуудад эзэн сууж үндэсний компаниудыг шахах магадлал өндөр байна. Ерөөс Монгол улсын нүүрсний үнэ, олборлолтын хэмжээ, нүүрсний үйлдвэрлэлд Хятадууд улам их нөлөөлж өөртөө ашиггайтаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэдэг нь үндэсний компануудыг туйлдуулан улмаар өөрийн мэдэлдээ аваачих замыг засна гэсэнтэй агаар нэг юм.

“Southgobi Energy Resources” Хятадын мэдэлд очвол өмнийн говийн бүсийн хөгжил, нийгмийн амьдрал, байгаль орчинд хүссэн хүсээгүй хүчтэй нөлөөллүүд ирэх аюул бий. Хятад компаниуд хятад ажилчдаа л дагуулж ирнэ. Тэгэхээр өмнийн говь дахь хятадууд улам өнөржиж, Монголчуудын удмын санд нөлөөлөхгүй гэх баталгаа үгүй.

Одоо ч гарч л байгаа нутгийн иргэд болоод хятадуудын хоорондох зөрчлүүд газар авахгүй гэх баталгаа үгүй. Ингээд аваад үзэхээр явж явж туурга тусгаар Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал болоод эдийн засгийн хараат бус байдалд тулах хэмжээний эрсдэлийг дагуулж мэдэхээр билээ.

Ийм байдалд хүрэхгүйн тулд төрийн бодлогын зохицуулалт хэрэгтэй харагдаж байна. Уг нь дээрх гурван орд нь стратегийн ордын үргэлжлэлюм. Гөологич эрхмүүдээс асуухад Овоот толгойг Нарийн сухайтын ордын үргэлжлэл гэдгийг, нэг төрлийн нүүрс явж байгаа гэдгийг хэлдэг.

Гэтэл Монгол Улс нэг хэсэг болох Нарийн сухайтын ордыг стратегийн орд гээд хуульчлаад өгчихсөн. Харин үргэлжлэлүүдийг нь зүгээр л гадныханд өгчихсөн. Уг нь эдгээр орд Нарийн сухайтын ордын нэгээхэн хэсэг гэдэг нь дараах зурагаас ойлгомжтой харагдаж байгаа юм.

Э.Болор
Монголын нэг өдөр”


URL:

Сэтгэгдэл бичих