ЗҮГЭЭР Л АМЬДАРЧИХВАЛ ЮМ ИХ ХЯЛБАР БОЛНО…
Юнивишн гэгч компани нь үйлчилгээнийхээ үнийг бүхэл бүтэн 3 мянган төгрөгөөр нэмчихэж гэнэ. 300-гаараа боож үхэх шахах шинжтэй буруу шаасан бодол дүгнэлтийг олж үзэв. Хэрэглэгчийн төлөө газарт ховломоор байна л гэнэ. Хэтэрлээ л гэнэ. Даварч байна л гэнэ.
-
Үндэснийх нь л нэг компани шүү дээ. Баяр болохоор хиамныхаа үнийг 500 төгрөгөөр нэмчихлээ гэнэ. 8 нэрийн дэлгүүрт ороод энэний үнэ яагаад нэмэгдчихэв гэж худалдагчид нь үг хаяна. Тав гурван төгрөг нэмэгдээ л биз, тэд дуртайдаа нэмээгүй нь ойлгомжтой талдаа. Дуртайдаа нэмсэн байлаа ч гэж бодъё.
-
Тэгвэл үндэсний нэг хүүхдэд л ганц талхны мөнгө болоод очно биз дээ. Бас нөгөө талаар бол хамаагүй дураараа үнээ нэмээд байх юм бол их удалгүй тийм дэлгүүрийн босгоор алхаж орж худалдаа хийх хүн багасна.
-
ХҮН ГЭЖ “АМЬТАН” ҮНИЙГ МАШ САЙН МЭДЭРДЭГ УЧРААС ТЭР.
-
Тэр дэлгүүрт нь 300 төгрөгөөр хямд байсан, тэндээс нь авна гээд алхчихдаг юм. ҮНЭ ШИГ ҮНЭНИЙ ХЭМЖҮҮР ХААНА Ч БАЙХГҮЙ.
-
Юмны үнэ өсөхөд дуртай хэн ч байдаггүй. Тиймээс үндэсний үйлдвэрийнх учраас үнэтэйг нь авч эх орончоо харуулна гэдэг нь “хайртай юм бол батлаад хамт унт” гэж 18 настай охиныг шахахтай ижил үйлдэл. Тэгээд ч манайх шиг дэндүү олон ядуусыг төрүүлж өөрсдөө томорсон төртэй газарт үндэсний үйлдвэр гэх нь тэгж яригчиддаа л ашиг өгөөд байгаа.
-
Манайд дэлгэцээр гардаг, долгионоор тардаг, сонинд хэвлэгддэг, сайтаар нийтлэгддэг ихэнх зүйл нь эх оронч. Үндэсний үйлдвэрээ л гэнэ шүү, би гэлцэнэ.
-
ХОРВОО ДЭЭР ХҮН НЭГ Л ТӨРӨЛ. ТЭР НЭГ Л ТӨРӨЛ ХҮН ГЭГЧ “АМЬТАН” АЛИВАА ҮНИЙГ Л ХАМГИЙН САЙН МЭДЭРДЭГ.
ӨӨР БУСАД НЬ БҮГД ХУДАЛ, ХУУРМАГ УРИА, ХООСОН ХИЙРХЭЛ.
-
Манай төр энэ хийрхлийг далимдуулж эмч, багш, цагдаагийн цалин нэмэх ёстой баахан мөнгийг цавчаатай үрдэг. Жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх гэж 6.6 их наяд төгрөгийн зээл тараасан гэж статистик мэдээ зурагтаар гарч байсан. Хаана байна, тэр олон үйлдвэрүүд, тэрийг дагасан олон ажлын байр нь?
-
Эргээд үр дүнг нь хэн шалгав? Чи авсан зээлээрээ ямар бүтээгдэхүүн үйлдвэрлээд, аль улс руу экспортолчихов гэж асууж байгаа төр хаана байна?
-
АРД ТҮМЭН, ЭХ ОРОН – ГЭХ ҮГС ХЭНД ХАМГИЙН ИХ АШИГ ӨГӨӨД БАЙНА ВЭ? ТЭДГЭЭР ҮГСЭЭР МАШ ИХ АШИГ ХИЙЖ БУЙ ТЭР ЦӨӨНХ ХЭСЭГТ Л.
-
АТОЗ жагсаал дээр Үндэсний үйлдвэрлэгчдийн дарга Троллейбусны Жаргалсайхан гэж хүн их чанга хашгирсан. ТМ гэж сувгаар шууд дамжуулж байгааг нь харж байхад. Үндэсний үйлдвэрээ дэмжихээс өөр сайн үйлс энэ оронд байхгүй ээ… гээд л хоолой шахан бахирсан.
-
Тээр жилийн нэг цуглаан дээр Социал Демократ намын дэд дарга Л. Бямбажаргал нэг их уйлаад, тэрийг нь журмын анд Б. Цэнддоо нь нэг номдоо элэглэж бичсэн байдаг санагдана.
-
Нэг яриа их явдаг. Нэг солонгос хүн монголд ирж гэнэ. Тэгээд хоол идэх гэтэл солонгос хоол нь байсангүй гэнэ, тэгэнгүүт нь дэлгүүрт гүйж ороод л Чокопай аваад гараад ирж гэнэ. Тэр марзан түүхийг бид нар нэгэндээ тоть мэт байнга давтаж ярьдаг. Өөрөө өөр ямар нэг мэдээ, мэдээлэл олж үзэж, харьцуулж харахаас залхуурдаг учраас нэг жишээ сонсвол тэрийг л давтах талдаа улс.
-
Эх оронч солонгос. Тал гуляш ч болтугай аваад идчихгүй үхэх гээд гуйвж байлаа ч ганц ширхэг Солонгос Чокопайгаар голоо зогоож гэнэ, тэр нөхөр. Солонгос – Павел Корчагин байж.
-
Тэр улсын бодлого өөр. Бодлогод нэмэр бологч хүнийх нь тоо өөр. Дотооддоо авто машин хийгээд гаднаас орж ирэх Бенз машины татварыг дарвайтал нэмчихэд зах зээлийг нь сэгсийтэл босгоод ирэх 50 сая хүн тэнд бужигнаж байгаа. Аливаа дотоодын үйлдвэрлэлд хүний тоо толгой маш их зүйлийг шийднэ.
-
Монгол хүн өлсөөд үхэх нь ховор байдаг нь хүнээсээ олон дахин илүү тооны малтай байгаад оршдог. ХАРИН ТЭД НАРЫН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ХӨГЖСӨН НЬ БИДНЭЭС БАРАГ 17 ДАХИН ИЛҮҮ ТООНЫ ХҮНТЭЙ БАЙГААД Л ОРШООД БАЙГАА ЮМ.
-
Гэвч нөгөө талаар жирийн солонгос иргэд нь бас өөр. Тэнд ч бас л нэвтэрсэн байдаг хятад хямд барааг л авч байгаа харагддаг. Тэр байтугай солонгос кимчи нь үнэтэй учраас хятадуудын дарсан хямд кимчи тэнд их борлогдоод байгаад үндэсний кимчи дарагчид нь дургүйцэх болсон гэж байсан.
-
Гэтэл манайх ямар билээ? Ажил хийж мэдэх хөдөлмөрийн насны хүн нь 1 сая 100-хан мянга. Тэднээс төрийн албан хаагчид гэх баталгаат цалин, баахан хөнгөлөлт, хангамжтай нь 200 мянгуулаа. Үлдсэн нь 900 мянга. Тэрнээс нь 40 гарсан хэд нь хөгшин төгцөг гэж шаарлуулаад жийгдчихсэн.
-
ТҮЦ-энд суухаар нь ачдаг, гурав нугалсан үнэтэй ТҮЦ шахчихдаг, гадаа жижиг бараа зарахаар нь цагдаа нь хөөдөг. Тэгсэн хэрнээ тэтгэврийн насыг нь бол нэмээд НДШ-ийг бол үхтэл нь аваад байх төрийн бодлоготой.
-
Тэгээд гуйвж дайвсаар яваад нэг юм тэтгэврийн насаа даваад орхидог юм гэхэд 5 сар тэтгэврээ аваад хадан гэртээ залрах магадлалаар илүү тийм л их стресс, бухимдалт орчныг бид улс орондоо бий болгосон.
-
Зүгээр л амьдарчихвал цалин багатай жирийн олонход нь зардал бага, амар баймаар. Бүгдийг хийх гэж дайрдаггүй улсууд сөнөчихсөн юм алга.
-
Худлаа үндэсний үйлдвэр ярьж баахан мөнгө дэмий үрж байхаар Оюу толгойдоо, нийслэл хотдоо нэг нэг ширхэг цоо шинэ цахилгаан станц барьчих нь хол дээр.
-
Одоо байгаа хуучирсан станцын өргөтгөл гэгч ч яг үнэн хэрэгтээ худлаа сэтгэлээ хуурсан, баахан мөнгийг шат шатандаа хувааж цавчих гэсэн хуурамч ажил санагддаг.
-
Үйлдвэрээ байгуулдаггүй танил талтай, улсын мөнгийг үндэсний үйлдвэр нэрээр өөртөө цавчаа аваад тараачих бодолтой дарга нартай улсад тэр нь шулуухан бөгөөд алсдаа нийт олондоо ашигтай.
-
Б. П. 2017-04-08
https://www.facebook.com/photo.php?fbid=1442244029160221&set=a.562355700482396.1073741828.100001239146172&type=3&theater
URL: