“Номин фейшн” ХХК нь стандарт зөрчсөний улмаас “Теранова”-гийн тааз нурж, хүмүүс гэмтжээ

1491359738_12036974_847342888715365_6809398054860596834_n-600x247Номин их дэлгүүртэй холбоотой асуудал хэвлэлийн хуудаснаа үе үе гардаг. Бараа бүтээгдхүүнийхээ үнийг хоёр нугалж зарж байгаад, хямдрал зарлаж байна гэж зад рекламдаад, хэрэг дээрээ бол тав аравхан төгрөгөөр буулгадаг “Номин”-гийн талаар хэрэглэгчид санаа оноогоо илэрхийлсэн нь олон байдаг. Тэгвэл саяхан Номин их дэлгүүртэй холбоотой нэг асуудал үүссэн нь 3 дугаар хороололд буюу Өргөө кинотеатрын хажууд байрлах “Номин” их дэлгүүрийн нэгдүгээр давхрын бэлэн хувцасны салбар, “Теранова” нэрийн тасгийн тааз нурснаар, хоёр хүн биедээ гэмтэл авсан асуудал юм. Уг осол болсны дараахан 4 хүн гэмтсэн гэх мэдээлэл байсан ч, мэргэжлийн байгууллагаас 2 хүн гэмтсэн гэх мэдээллийг өгч байгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид ослын газарт   ажиллаж, дүгнэлт гаргасан байгаа юм.

Дүгнэлтэд өгүүлснээр бол, “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай нэг давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашиглажээ. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн байна.

“Номин фейшн” ХХК нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 /Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлага хангасан байна./, “Барилгын тухай” хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 /механик аюулгүй байдлыг хангах: барилга байгууламжийн материал, хийц, бүтээц, эдлэхүүн нь барилгын ажлын болон ашиглалтын үед иргэдийн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд аюул учруулахгүй, бат бэх тогтвортой байх;/, 11.1.5 /барилга байгууламж ашиглагчдын аюулгүй байдлыг хангах: барилга байгууламж ашиглалтын явцад хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулахгүй,… эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй байхаар төлөвлөгдөн баригдсан байх/-д заасныг тус тус зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг байцаагчид тогтоожээ.

Түүнчлэн “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны Теранова нэрийн тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн 2017.04.02-ны өдрийн 02-06-038/:::: тоот актаар хэсэгчилэн зогсоогоод байна.

Уг ослын улмаас   нэг ажилтан, тус тасгаар үйлчлүүлж байсан нэг иргэн осолд өртсөн бөгөөд осолдогчдын зүүн гарын булчин хавьд зөөлөн эдийн гэмтэлтэй байдалтайгаар “Гэмтэл согогын үндэсний төв”-д эмчлэгдэж байгаа аж. Тэдний биеийн байдал дунд зэрэг хэмээн байцаагчид дүгнэлтдээ бичсэн байна. Осолд өртсөн ажилтан Ж.У нь  Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1/ ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасан ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байх үед /-д заасан үйлдвэрлэлийн осол мөн гэсэн дүгнэлтийг байцаагчид гаргажээ.

Тэгэхээр энэ дүгнэлтээс харахад  “Номин фейшн” ХХК нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогджээ. Тухайн барилгын хэсгийг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан байсан нь, ийн осол гарахад хүргэж, улмаар хоёр хүнийг эрүүл мэндийн хохирол үзэхд хүргэжээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих