С.Эрдэнэ эрүүгийн элемент нь үнэн үү
УИХ-ын гишүүд бие биенээ хэлэx хэлэхгүйгээр хэлж байдаг нь чихэнд дасал болж. Чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй хуультай болоод ч тэр үү уурандаа шатсан гишүүд амандаа орсныг л чулуудаж байдаг. Зарим бүр хүний санаанд оромгүй үг хэллэг олж хэлж, олны анхааралд өртөж гол дүрд тоглодог гэхэд хилсдэхгүй.
Харин саяхны нэг байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүд нэгнээ эрүүгийн элементээр нь дуудаж шинэ сонин нэмэв. Гахай нохой хуц ухна мэтийн доромж үг чуулганы танхимд сонсогдож байдаг боловч энэн шиг дуу алдсан тохиолдол урьд нь гарч байгаагүй.
Тэгээд ч тэр үг УИХ-ын алиа салбадай нарын нэгний бус манай урдаа барьдаг хуульчийн амнаасаа унасан нь үйл явдлын эрчийг улам нэмж байна. Хуульчид бол ясны няхуур хашир улс. Тэдний хувьд санамсаргүй үг хэлнэ гэж бараг л байхгүй, номонд нь хазгай.
Сурсан эрдэм, өгсөн өгөгдөл нь хуульчдыг баримт түшиж ярьдаг, хэлдэг болгодог. Тэдний амнаас зөвхөн буух эзэн буцах хаягтай л үг унадаг. Тэгээд ч Ж.Сүхбаатар гишүүн өөрийн хэлсэн үгээ санамсаргүй амнаасаа унагасан үг бус хэлье гэж хэлсэн гэж тайлбар хийжээ.
Ж.Сүхбаатар гишүүн сонинд өгсөн ярилцлагандаа “Би тухайн үед хуулийн үг хэллэгээр л ярьсан. Гэтэл зориуд миний үгийг гуйвуулан намайг янз бүрээр яриад эхлэхээр хуулийн үгээр ярих боломжгүй болчихож байгаа юм. Өөреөр хэлбэл өөрийнх нь үг хэллэгийнх нь хүрээнд л хариуг нь өгсөн гэж бодож байгаа.
Уурандаа биш зориуд хэлье гэж хэлсэн ч арай чангаруулаад хэлчихсэн юм. Гэхдээ энэ үгийг УИХ-ын гишүүний хувьд хэлж болох байх гэж ойлгож байна. Ер нь миний хэлсэн үг С.Эрдэнэ гишүүн намайг доромжилсон үгтэй тэнцэхүйц хэмжээнд байсан” гэж хэлсэн ярьснаа баталгаажуулсан.
Тэд ингэж л асуудалд ханддаг юм. Ясны хуульчийн араншин гэж энэ. Харин “эрүүгийн элемент”-ээрээ цоллуулсан С.Эрдэнэ гишүүн өөрийнх нь саяхны хэлмэгдэж явах үеийн нь явдлыг хэллээ гэж арга ядсан тайлбар хийсэн нь байгаа оносонгүй. Учир юу хэмээвээс эрүүгийн элемент гэдэг нь хэлмэгдэхээс арай өөр ойлголт.
Учир мэдэх хүмүүсийн яриагаар бол С.Эрдэнэ гишүүн залуудаа хүн амины хэргээр ял эдэлж байсан гэдэг. Тэрээр цэрэгт байхдаа хүн амины хэргээр шүүхээр шийтгүүлсэн гашуун намтартай эр. Мань эр эрх чөлөөгөө хасуулж байхдаа сайн хүмүүжигч байж эвлэлийн үүрийн дарга хүртэл хийж байсныг нь мэдэх улс нь ярьдаг.
Залуу насандаа хийсэн алдаа нь С.Эрдэнэ гишүүнийг сүүдэр мэт дагаж төрийн түшээ болсон ч салахгүй дагаж чуулганы танхимд эрүүгийн элементээр нь цоллуулсан нь энэ.
Ингэхэд С.Эрдэнэ гишүүнийг зөвхөн өөрийнх нь хэлсэн ярьсан үгээр л мэдэх төдий. Өөрөөр хэлбэл өөрийнх нь олны дунд бүрдүүлэхийг хүсдэг тэрхүү дүр төрхөнд нь сонгогчид хөтлөгддөг гэсэн үг. Уг нь сонгогчдынхоо итгэл найдварыг хүлээн суугаа төрийн эрх мэдэлтнүүд юугаа ч нуух ёсгүй бөгөөд амьдралынхаа алхам бүрийг олонд ил байлгах ёстой.
Ж.Сүхбаатар гишүүний хэлснээс үзвэл С.Эрдэнэ гишүүн сонгогчдоосоо амьдралынхаа тодорхой үеийг нуугаад байна гэж ойлгогдохоор байна. Гэхдээ тэрээр үнэнийг өөрөө ил тод зарлах ёстой. Учир нь тэр жирийн нэгэн иргэн бус сонгогчдын итгэлийг авч төрд барилцаж яваа төрийн түшээ.
Амьдралын үүх түүхээ сонгогчдоосоо нуусан улс төрчид ардчилсан улс оронд сүйрч дуусдаг жишээ хангалттай бий. Тийм хүнээ дутуу судалсан, эс бөгөөс мэдсээр байж дэвшүүлсэн улс төрийн хүчин өөрөө хүнд байдалд орж нэр хүнд нь шалдаа буудаг.
Ж.Сүхбаатар гишүүний хэлдэг шиг С.Эрдэнэ гишүүн эрүүгийн хариуцлага хүлээж байсан үеэ хэзээ ил болгох вэ ингэхэд. Түүнийг тойрсон элдэв хэл ам энэ мэтээр дуусахгүй.
Баянгол дүүргийн засаг дарга байхдаа холбогдсон газрын наймааны хэргүүд, мөн нийгмийн даатгалын газрын дарга байхдаа нийгмийн даатгалын мөнгийг банкинд маш бага хүүтэй байршуулсан хэрэг, дээрээс нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр түрий барьж хүүхдийн паркаас авсан UB март дэлгүүрийн өмнөх газар дээрх барилгын үнэн түүх гэх мэт хариулт нэхсэн олон олон асуулт түүнийг тойроод эргэлдэж байна.
Эх сурвалж: “Монголын нэг өдөр”
URL: