СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ
Эрт цагт Судана гэдэг хүү байжээ. Тэр Гэгээрэлд хүрэхийг хүсч үнэнийг эрж байжээ. Далайд загасчилж буй загасчин дээр очиж далай тэнгисийн тухай мэдлэгийг олж, өвчтэй хүнийг анагааж буй эмчээс хүнийг энэрэн хайрлах сэтгэл чухал юм гэдгийг мэдэж авчээ. Баян хүнээс ганц зоос хэмнэснээр баяжихын их булаг болдгийг мэдэж авчээ. Бясалгал хийж байгаа хуврага хүнээс түүний тогтсон сэтгэл нь нүүрэн дээрээ илэрч буйг, бусдын сэтгэлийг ариусгаж, бусдад хичнээн гайхамшиг нөлөө үзүүлдэг болохыг мэджээ.
Ариун сэтгэлт эмэгтэйтэй уулзаж, бусдын тусын тулд хэзээд бэлэн сэтгэлийг таньж гайхав. Гэгээрэлд хурэхийн тулд биеийг үл хайхран хатуужип үйлдэж буй даяанчтай уулзаж жинхэнэ гэгээрэлд хүрэхийн тулд жад шиг хурц ууланд авирч, гал дундуурч туулах зайлшгүйг ойлгов.
Тэгээд тэр чин сэтгэлийг эрхэмлэвэл чихээр сонссон, нүдээр үзсэн бүхэн эрдэм болдгийг мэдэв.
Ядуу бүсгүй хүнд ч гэсэн Гэгээрэлд хүрэх сэтгэл байдаг. Гудамжинд тоглож буй хүүхдэд ч гэсэн өөрийн ертөнц байдаг гэдгийг ойлгосон. Эелдэг найрсаг, дөлгөөн зантай хүнээс бүх ертөнцийн хүмүүс эвтэй найртай амьдрах нууцыг олж мэдэв.
Хүжийн найрлага цэцэг чимгийг урлагт ч гэсэн Бурханы сургаал, гэгээрлийн зам буйг олж мэдэв. Нэгэн удаа тэр ойд амарч байгаад модноос шинэ мөчир ургаж гарахыг харж ертөнц оршихын мөнх бусыг олж мэдэв. Нарны гэрэл, шөнийн одод Гэгээрлийг эрж буй Суданы сэтгэлийг ариутгаж байв. Хүү хаа сайгүй Гэгээрэлд хүрэх замыг хайж байлаа. Газар бүр сайн сургаалыг хүртэж, газар бүр Гэгээрлийн хэлбэрийг үзэж байлаа. Үнэндээ гэгээрэлд хүрэхийн тулд сэтгэлийн бат бөхийг хамгаалж, түүнийг улам чимэн баяжуулж байх хэрэгтэй юм гэдгийг ойлголоо.
Сэтгэлийн хэрмийн хаалгыг онгойлгож, дотор нь Бурханыг нандин шүтээн болгож залаад баяр бахдалын цэцгэн хэлхээ, итгэлийн хүжийг өргөх хэрэгтэй.
URL: