ТРАМП, СИ НАР ЮУ ТОХИРОЛЦОВ
-Дональд Трамп Си Жиньпиний урилгыг хүлээн авсан байна-
БНХАУ-ын дарга Си Жиньпин өнгөрсөн долоо хоногт АНУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хэд хэдэн хэлэлцээр хийсэн билээ. Уулзалт Флорида мужийн “Мар-а-Лаго” эдлэнд хаалттай байдлаар явагдсан.
Тэдний хэлэлцсэн гол сэдэвт хоёр орны худалдааны бодлого, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн эргэн тойрон дахь нөхцөл байдал, түүнчлэн харилцан ашиг сонирхлыг илэрхийлсэн бүс нутгийн бусад асуудлууд багтжээ.
“Ерөнхийлөгч Трамп, дарга Си Жиньпин нар харилцан бие биенээ хүндэтгэн үл ойлголцлоо даван туулж, хамтын ажиллагааны чиглэлээ өргөжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон” хэмээн БНХАУ-ын даргын айлчлалын үр дүнгийн талаар Цагаан ордноос албан ёсоор мэдэгджээ. БНХАУ-ын ГХЯ-наас ч энэхүү уулзалтыг амжилттай болсон гэж тэмдэглэж байна.
ЦЭРГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР
БНХАУ-ын дарга Си Жиньпин хэлэлцээрийн үеэр Хятад, АНУ цэргийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлж, харилцааны механизмаа хөгжүүлэх, төгөлдөршүүлэх ёстой гэж мэдэгджээ.
Түүнчлэн Хятадын тэргүүн хоёр улсыг цэргийн чухал үйл ажиллагаагаа бие биедээ мэдээлэх механизмаа ашиглах, төгөлдөршүүлэх, үүнчлэн тэнгисийн болон агаарын орон зайн аюулгүй байдлыг ханган ажиллах хэм хэмжээг баримтлах шаардлагатай гэжээ.
АНУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН НӨХЦӨЛ БАЙДЛААР
Цагаан ордны албан ёсны мэдэгдэлд тэмдэглэснээр Трамп Хятад улсын Америкийн эдийн засагт хийсэн интервенцийн үр дүнд гарсан эсэргүүцлийг дурдаад Хятадын аж үйлдвэр, хөдөө аж ахуй, технологи, ажлын байран дахь кибер аюулгүй байдлын салбар дахь бодлого, АНУ-ын экспортод хэрхэн нөлөөлж буй санаа тавьдгаа илэрхийлсэн гэнэ.
АНУ-ын Худалдааны сайд Уилбур Россын мэдэгдсэнээр хэлэлцээрийн үр дүнд талууд Хятадад АНУ-ын экспортыг нэмэгдүүлэх төлөвлөгөөг хүлээн авсан гэнэ. Төлөвлөгөөг 100 хоногоор тооцоолон гаргасан бөгөөд Россын хэлснээр хоёр орны худалдааны тэнцлийн алдагдлыг багасгах зорилготой гэнэ.
БНАСАУ-ЫН ЦӨМИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЭСЭРГҮҮЦЭХ ТУХАЙ
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд түүнчлэн БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хориглох асуудлаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай тохиролцжээ. Цагаан ордны тэмдэглэснээр талууд Хойд Солонгосын зэвсгийн хөтөлбөртэй холбоотой аюул заналхийллийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэдэгт санал нэгдэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох, НҮБ-ын Аюулгүй байдлын тогтоолыг биелүүлэх асуудлаар хүлээх үүргүүдээ баталсан байна.
Үүнээс гадна Бээжин, Вашингтон БНАСАУ-ыг асуудлаа энхийн замаар шийдвэрлэж, хууль бус цөмийн хөтөлбөрөөсөө татгалзуулахад олон улсын нийгэмлэгтэй ажиллах хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ярилцжээ. Гэхдээ асуудлыг шийдвэрлэхэд уриалсан ямар нэгэн багц гэрээний талаар огт хөндөөгүй хэмээн Рекс Тиллерсон тэмдэглэсэн байна. Хятадын талаас АНУ, Өмнөд Солонгос улсыг Солонгосын хойгийн асуудлыг шийдвэрлэхээр цэргийн сургуулилтаа зогсоох замаар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг зогсоохыг санал болгосон төлөвлөгөөгөө танилцуулжээ. Энэ талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдэгдсэн байна. Харин Трамп Си Жиньпинд Зүүн Хятад болон Өмнөд Хятадын тэнгист олон улсын хууль тогтоол, дүрмийг баримтлах, хүний эрхийг дээдлэх нь чухал гэдгийг мэдэгджээ.
Өглөөний сонин
Э.Мөнхзаяа
URL: