“Эрдэнэт” салаа замын уулзвар дээр
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ ТОМИЛГОО
“Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авахыг дэмжигч хэсэг бүлгийн зүгээс Засгийн газар болон Ерөнхий сайдад хандсан огцруулах асуудлыг өргөн барина шүү гэдэг “сануулга” нь “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг төрөөс бүрдүүлэх ажлыг УИХ-ын хаврын чуулганаас өмнө яаравчлан хийхэд хүргэсэн талаар улс төрийн хүрээнд яригдаж байсан нь оргүй биш байлаа. Засгийн газар өнгөрсөн гуравдугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэгдэж, улмаар хаврын чуулганы нээлттэй зэрэгцэн шинэ ТУЗ байгуулагдаж, хурлаа хийсэн билээ. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ дангаараа төрийн төлөөллөөс бүрдэж байгаа болон тус үйлдвэрийн захирлуудын цалин хөлсний талаар Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорын хийсэн мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байлаа. Шинэ ТУЗ хуралдаж, дотоод бүтцэд өөрчлөлт оруулах, “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын орлогч захирлуудыг томилох шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Ерөнхий захирлын Үйлдвэрлэл хариуцсан орлогчоор Д.Эрдэнэцогт, Хөгжил, их барилга хариуцсан орлогчоор П.Батболор, Эдийн засаг, санхүү хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр, Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч захирлаар Ц.Батсайхан нарыг тус тус томилжээ. Харин “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэгдүгээр орлогчийн түр орлон гүйцэтгэгчээр “Монголын зэс” компанийн төлөөлөл Б.Шинэбаатар ажиллахаар болсон нь 49 хувийг шилжүүлэх асуудал дуусаагүй байгаатай холбоотой аж.
Шинээр томилогдсон орлогч захирлуудыг дагаад олон нийтийн дунд “Хэний ямар хүн оччихов, хэн лоббидов, ашиг сонирхлын зөрчил үүссэн үү” гэхчлэн хардлага хөвөрлөө. Ингэж хардахаас ч өөр аргагүй. Ямар нэгэн сонгон шалгаруулалт энэ тэр гэж юм огт байсангүй. Бас нөгөөх ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар АТГ санал дүгнэлтээ өгсөн эсэх нь ч тодорхойгүй. Ийм нөхцөлд томилгоо хийгдээд гэнэт зарлагдсан нь араасаа олон асуудал дагуулж байна.
Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байхад удирдлагын томилгоог хоёр улсын төрийг төлөөлж байгаа байгууллагаас томилогдсон зөвлөл /совет/ шийддэг байсан. Харин одоо уг үйлдвэр зөвхөн Монголын төрийн өмч болчихож байгаа юм бол, удирдлагад ажиллах бүрэлдэхүүнийг нь тодруулах сонгон шалгаруулалт зарлаж яагаад болохгүй гэж гэдэг асуултыг олон хүн тавьж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн захирал, дэд захирал хийгээд явчихаж чадна гэж өөрийгөө үзэж байгаа олон хүний дундаас сонгон шалгаруулалт хийсэн бол, төр өмчийнхөө эзэн болж, өмчөө зөв удирдаж авч явах эхний алхмаа хийлээ гэж харагдахаар байлаа. Гэтэл төр мэдэлдээ 100 хувь авсан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудын томилгоо улс төрийн албан тушаалтан томилдог жишгээр эхэлчихлээ. Ямар ч сонгон шалгаруулалтгүй, гэнэтийн томилгооны цаана ашиг сонирхлын зөрчил нуугдаж, хууль зөрчигдөж байхыг үгүйсгэх аргагүй учраас олон нийтийн дунд “Хуучнаараа, дарга нарын шахааны газар хэвээр байх нь” гэдэг бас нэгэн хардлага хэвээр үлдэж байна.
НУУХЫГ НЬ АВАХ ГЭЭД…
Шинэ ТУЗ-ийн гаргасан бүтцийн өөрчлөлт нь “Төр хамгийн муу менежер” гэдгийг батлаад эхэллээ гэдэг шүүмжлэл бизнесийн хүрээнд өргөн гарч байна. Бүтэц толгойноосоо данхайж эхэлж байгаагийн жишээнд гурван дэд захиралтай байсан бол одоо дөрвөн орлогчтой болсон, Ерөнхий захирал ажлын алба нэрийн дор долоон зөвлөхтэй болсон, газрын тоо нэмэгдсэн зэрэг багтаж байна. Захирлын тоо нэмэгдэхээр зардал өсөх нь тодорхой. Энэ мэтчилэнгээр хувийн хэвшлийнхэн орж ирснээс хойш хийгдсэн цомхон, зардал хэмнэсэн арга хэмжээнүүд нь эргээд хуучин руугаа явж байгаа нь нөгөө нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч болж байгаа бололтой.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн бүтцийн нэгжүүдийг батласан А199 тоот тушаалын хавсралтаас үзвэл, Дотоод аудитын газар нь Ерөнхий захирлын шууд удирдлагад багтах хэсэгт оржээ. Ерөнхий захирлын шууд удирдлагад байгаа дотоод хяналтынхан захирлынхаа үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж чадах уу гэдэг асуулт эндээс гарч ирж байгаа юм. Компанийн засаглалын сайн жишгээр бол, Дотоод хяналт нь ТУЗ-ийн шууд удирдлагад байж, гүйцэтгэх удирдлагын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг жишиг “Эрдэнэт”-д энэ удаагийн бүтцийн өөрчлөлтөд тусгалаа олсонгүй.
Худалдан авах ажиллагаа гэдэг ганцхан “Эрдэнэт” дээр ч биш төрийн мэдлийн бүхий л газарт хэл ам дагуулсан газар байдаг. Шинэ бүтэцдээ худалдан авах ажиллагаа нь Ерөнхий захирлын мэдэлд байхаар оруулсан нь Х.Бадамсүрэн захирал шахааны бизнестэй хатуу тэмцэх ажлаа өөрөө гардан хийхээр шийдсэнийх үү, эсвэл шинэ ТУЗ нь “Эрдэнэт”-ийг улстөрчдийн саалийн үнээ хэвээр байлгах гэж санаархаж эхлэв үү гэдгийг цаг хугацаа харуулна. Товчхондоо бол, “Эрдэнэт” үйлдвэр өнөөдөр салаа замын уулзвар дээр зогсож байна.
Н.ГЭРЭЛ /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: