Монголын эдийн засгийн “гал хамгаалагч” зэс зүтгүүр хүч болох уу
Монголын экспортын бараа бүтээгдэхүүнд саяхныг болтол зэсийн баяжмал тэргүүлдэг байлаа. Үндсэндээ дэлхийн зах зээл дээр Монголын нүүрийг тахалж байдаг ганц түүхий эд гэж тодотгож болмоор. Зэсийн баяжмалын дэлхийн зах зээлийн үнээс монголчуудын амьдралын хэмнэл, эдийн засгийн эрчим хамаардаг. Хэдийгээр үнийн хүлээлт санаснаар биш ч гэлээ эдийн засгийн гол тэжээгч судас нь болсоор байгааг онцлох учиртай байх.
Манай эдийн засаг, тэр дундаа улсын төсвийн орлого энэхүү улбар металлаас ихээхэн хамааралтай. Одоо тодотгож байгаа 2017 оны төсөвтөө тонн цэвэр зэсийн үнийг 5400-5800 ам.долларын хооронд байхаар тооцсон нь бодит хандлагаас нэг их хол зөрөхөөргүй байх янзтай. Цагтаа тонн нь 10 мянган ам. долларт дөхөж байсан зэсийн үнэ 2012 оноос уруудаж эхэлсэн. Мөн энэ хэрээрээ Монголын мөнгөний авдар дундарсан. Үүнийг тухайн үеийн Ерөнхий сайдтай холбож “Н.Алтанхуягийн азгүйтэл” хэмээн нэрлэж байсан удаатай. Гэхдээ цаг цагаараа байдаггүй. Сүүлийн хэдэн жил тувт доош уруудсан зэсийн үнэ эргэн сэргэх хандлагатай байгаа. Тодруулбал, 2017 оны хоёрдугаар сарын дунджаар Лондонгийн металлын бирж дээр зэсийн үнэ 5941,6 ам доллар хүрсэн. Тонн нь 10 мянгаас давж үүлэн чөлөөний нар шиг үнэ цойлж байсан тэр 2010-2011 оны үетэй харьцуулахад чамлалттай хэдий ч өмнөх жилийн мөн үеэсээ 1346 ам доллараар өссөн үзүүлэлт юм. Үүнийг хувиар тооцвол үндсэндээ бараг 30 хувийн өсөлт харагдаж байна. Гэхдээ үнийн энэ өсөлтийг мэргэжилтнүүд түр зуурынх хэмээн үзэхгүй байна. Цаашдаа ойрын 10 жилд үнэ тогтвортой өснө гэж шинжээчид онцолж байна. 2030 он гэхэд тонн цэвэр зэсийн үнэ 7000 ам доллар болно гэдгийг Дэлхийн банкны улирлын тайланд бас тэмдэглэжээ. Зэсийн үнээс ихээхэн хамааралтай Монгол улсын хувьд энэ сайн мэдээ. Эдийн засаг өндийх урьдач дохио болж байна. Гэхдээ тайлан бол сайтар тооцсон таамаг. Ямартай ч зэсийн үнэ ханшид үүлэн чөлөөний нар хэсэгтээ гийх магадлал өндөр байна. Үүнтэй зэрэгцэн дуулдаж байгаа мэдээлэл гэвэл дэлхий зэсийн омсдолд орж магадгүй гэсэн бас нэг таамаг. Ямартай ч энэ урьдач дохио эрэлтийг нэмэгдүүлж үнэ ханшийг нэмэгдүүлж болох юм. Тэгвэл монголчуудын хувьд “тэнгэрийн нөгөөдөхийг атгах” алтан боломж болно. Монголын зэс манай эдийн засагт ямагт “гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.
Харин зэсийн хэрэглээ яагаад ингэж өсөх болов, энэ хэр бодитой таамаглал вэ. Улстөр хийгээд эдийн засгийн шалтгаан юу байж болох вэ. Хэдхэн жилийн өмнө үнэ ханш нь уруудаж байх үед дэлхий нийтэд зэсийн үлэмжхэн илүүдэл нөөц бий болсон гэж шуугьж байсан биш бил үү. Тэр ч байтугай 2017 оны төсөвт уул уурхайн бүтээгдэхүүний үнэ хэмжээ ямар байх талаар Австралийн Улсын Аж үйлдвэр, инноваци, шинжлэх ухааны газраас 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн үйлдвэрлэл 24 сая тонн, хэрэглээ 23.8 сая тонн байна гэж төсөөлсөн бол Олон улсын зэс судлалын төвөөс хийсэн судалгаагаар 2017 онд дэлхийн нийт цэвэр зэсийн хэрэглээ, үйлдвэрлэл 23.4 сая тоннд хүрч, зэсийн нийлүүлэлт, хэрэглээнээс ялимгүй их байх төсөөллийг гаргаж байсан. Энэ хоёр төсөөлөл нэг их хол зөрүүгүй гарчээ. Үүгээр бол зэсийн үнэ нэг их өсч чадахааргүй дүр харагдаж байгаа юм. Хэрэв дэлхийн зах зээл дээрх цэвэр зэсийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс 100 ам.доллараар буурвал төсвийн орлого 3.9 тэрбум төгрөгөөр, зэсийн баяжмалын экспорт 50 мянган тонноор багасвал төсвийн орлого 6.6 тэрбум төгрөгөөр буурах эрсдэлтэй байгааг манай эдийн засагчид тооцоолж гаргасан нь бий.
Гэтэл мэргэжилтнүүдийн тооцоолсноор дэлхий нийтэд одоо байгаа зэсийн нөөц ердөө гуравхан сарын хэрэглээг хангана гэнэ.
Үүний шалтгааныг нэгдүгээрт дэлхийн эдийн засаг идэвхжиж байгаатай холбон тайлбарлаж болох юм. АНУ, болон барууны орнуудад үйлдвэржилт идэвхтэй нэмэгдэж байна. Ерөнхийлөгч Д.Трампын дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн хэмжээгээ нэг их наяд ам.долларт хүргэх амлалт өгөөд буй. Дэлхийн зэсийн хамгийн том хэрэглэгч манай урд хөршийн эдийн засгийн өсөлт нэмэгдэж, томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр зорьж буй. Тухайлбал, дэлхийн зэсийн хэрэглээний 40 хувийг дангаараа үүрдэг БНХАУ-ын Засгийн газар “Нэг бүс, Нэг зам” төслийн хүрээнд хэд хэдэн төмөр зам шинээр барихаар төлөвлөсөн. Энэ бол Ази Европыг холбосон өргөн уудам газар нутгийг хамрах томоохон төсөл гэдгийг санаж байгаа байх. Энэхүү бүтээн байгуулалтыг дагасан зэсийн хэрэглээ үлэмжхэн нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Түүнчлэн Энэтхэгийн эдийн засаг, үйлдвэржүүлэлтийн эрчим нэмэгдэж буй. Энэ мэт олон хүчин зүйлийн улмаас 2017 онд дэлхийн зэсийн хэрэглээ нь 3.5 хувиар өсөх хүлээлттэй байна. Жил жил дамнан хэрэгжих томоохон төслүүд цааш үргэлжлэх учраас үүнийг дагасан зэсийн хэрэглээ ойрын жилүүддээ буурахгүй байх магадлал бас бий.
Нөгөө талаасаа зэсийн олборлолт боловсруулалт үнэ ханшид нөлөөлнө. Саяхан Индонезийн Папау-д оршдог “Grasberg” зэсийн уурхай олборлолтоо зогсоов. Энэ уурхай нь дэлхийн алт зэсийн уурхай дотроо томоохонд тооцогддог, жилдээ 600 гаруй мянган тонн зэс, 50 гаруй тонн алт олборлодог, 20 000 шахам ажилчидтай гэсэн үзүүлэлт бий. Индонезийн Зөсгийн газар тус уурхайн зэсийн баяжмал экспортлох лицензийг нь цуцалсан гэх мэдээлэл байна. Бөмбөрцөгийн нөгөө талд Өмнөд Америкийн Чили хэмээх зэсийн уурхайгаараа Монголын урд гишгэдэг томоохон олборлогч бий. Тус улс 1991 онд дэлхийн зэсийн экспортын 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байсан гэдгээс цар хэмжээ нь төсөөлөгдөх байх. Чилийн дэлхийд тосоохонд тооцогдох “Escondida” зэсийн уурхайд 43 хоног буюу хамгийн урт удаан үргэлжилсэн ажил хаялтын улмаас уурхайн олборлолт бүтээмж, тэр дундаа экспорт буураад байгаа бөгөөд байдал сайн талруугаа эргэж очвол ирэх 2018 оноос л урьдын өсөлт эргэж ирнэ гэсэн мэдээлэл бас байна.
Ийнхүү Монголын зэсийн эргэн тойронд од шүүрэх боломж бодит болох зураглал тодорч эхлэв. Үүнийг дагаж эдийн засаг сэргэх итгэл ирж, зэс эдийн засгийн зүтгүүр хүч болохыг үгүйсгэх аргагүй.
П.Булган
http://www.zaluu.com/read/10c11b8fa
URL: