Сирийн баазад пуужингаар цохилт өгснийг “түрэмгийлэл” гэж Москва зэмлэн буруушаав

149162137458e855fea4828Сирийн агаарын цэргийн хүчний баазад АНУ пуужингаар цохилт өгснийг Ерөнхийлөгч Владимир Путин зэмлэн буруушааж байна гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Сирид босогчдын хяналтад байдаг хот руу химийн зэвсэг ашиглан дайралт хийсний хариуд тус улсын баазад АНУ пүрэв гарагт пуужингаар цохилт өгсөн гэж Пентагоны албаны хүмүүс өнөөдөр мэдэгдсэн юм.

Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын хэлснээр, пуужингаар цохилт өгсөн нь тусгаар тогтносон улсын эсрэг “түрэмгийлэл” бөгөөд олон улсын хуулийг зөрчсөн хэрэг гэж В.Путин үзэж байна.

Мөн Д.Песков хэлэхдээ “энэ мэт үйлдэл нь ОХУ болон АНУ хоорондын харилцааг хөндийрүүлнэ гэж Ерөнхийлөгч В.Путин үзэж байна” гэлээ. Сирийн армийнхан ямар ч химийн зэвсэг хэрэглээгүй гэж тэрбээр хэлэв.

Энэ долоо хоногийн мягмар гарагт Сирийн Идлиб мужийн Хан-Шейхун хот руу мэдрэлд нөлөөлдөг химийн бодис ашиглан дайралт хийсний улмаас хэдэн арван энгийн номхон иргэн, тэдний дотор хүүхдүүд амиа алдсан юм.

Уг дайралтыг Сирийн засгийн газрын хүчнийхэн хийсэн гэж тусламжийн байгууллагууд болон АНУ тэргүүтэй улс орнууд үзэж байгаа билээ.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих