ХАР ТАМХИ БОРЛУУЛДАГ ДӨРВӨН БҮЛЭГЛЭЛИЙГ БАРИВЧИЛЖЭЭ
Хар тамхи, мансууруулах бодисын төрөл болох ICE буюу мөсийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж, бусдад зарж борлуулдаг дөрвөн бүлэг этгээдийг 2017 оны гуравдугаар сарын 13-26-ны хооронд баривчилсан байна.
- Монгол Улсын иргэн, 50 настай эмэгтэй Б гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 200 гр орчим хар тамхи нэвтрүүлж, бусдад зарж борлуулж байхад нь 38 настай эрэгтэй А, 33 настай эрэгтэй Э мөн Г гэгч эмэгтэйн хамт саатуулан шалгаж байна.
- Монгол Улсын иргэн, 35 настай эмэгтэй Х гэгч нь 2017 оны гуравдугаар сарын 23-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар 70 гр орчим хар тамхи нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалын албатай хамтран илрүүлсэн.
- Монгол Улсын иргэн 26 настай эрэгтэй Б, 26 настай эрэгтэй Э, 29 настай эрэгтэй А, 24 настай, эрэгтэй А нар 2017 оны гуравдугаар сарын 24-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтоор 14 гр орчим хар тамхи, мансууруулах бодис улсын хил хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг илрүүлсэн.
- Монгол Улсын иргэн 37 настай эрэгтэй А, 24 настай эмэгтэй М нар нь 2017 оны гуравдугаар сарын 26-ны өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаар 45.41 гр хар тамхи хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийг “Буянт-Ухаа” боомтын Гаалийн албатай хамтран илрүүлсэн.
- Монгол Улсын иргэн 37 настай эмэгтэй О, 37 настай эмэгтэй А нар нь 2017.04.02-ны өдөр 40 гр орчим хар тамхи, мансууруулах бодисыг 31 настай эмэгтэй М, 30 настай эмэгтэй М нар зарж борлуулсан хэргийг тус тус илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хар тамхи мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлэх, зарж борлуулах гэмт хэрэг нь Монгол Улсын эрүүгийн хуулиар 20 хүртэл жил хорих ялтай хүнд гэмт хэрэгт тооцогддог.
Монгол Улсад: Хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэнэ гэж Эрүүгийн хуульд заасан байдаг.
ОХУ-д: Бүлэг зохион байгуулалттайгаар үйлдсэн, насанд хүрээгүй хүнийг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд татан оролцуулсан, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, тээвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн бол ОХУ-ын эрүүгийн хуульд 10-20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар, БНХАУ-д 15 жил хүртэл хугацаагаар хорих, хугацаахгүй хорих, цаазаар авах хүртэл ял шийтгэдэг байна.
Гадаад харилцааны яамнаас ирүүлсэн мэдээллээр манай улсын иргэд 2006 оноос хойших байдлаар БНХАУ-д 94, ОХУ-д 5, Казахстанд 3, Германд 1, Малайзад 5, Унгарт 3, Бангладешт 3, Грект 1, Болгарт 1, Словак улсад 1 нийт 117 хүн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шалгагдсанаас тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. Үүнээс торгуулийн ял шийтгэгдсэн 6, баривчлах ял шийтгэгдсэн 10, нас барсан 2, тодорхой хугацаантай хорих ял шийтгэгдсэн 42, хугацаагүй хорих ял шийтгэгдсэн 5, цаазын ял шийтгэгдсэн 7, хэрэг нь хэрэгсэхгүй болсон 7, 2016 оны байдлаар 9 хэрэгт 9 иргэн холбогдон шалгагдсан байна.
Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн хор аюулыг сайтар ойлгож, энэ аюулаас хүн бүр өөрийгөө хамгаалж ангид байхыг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас зөвлөж байна.
URL: