Хаврын чуулган нээлтээ хийж, Нийслэлийн АН-ын дарга нар тодорсон долоо хоног

149155760658e75ce6f3c47Хаврын чуулган нээлтээ хийж, төсвийн тодотголыг хэлэлцэв

Энэ сарын 5-нд Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулган нээлтээ хийж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Хаврын ээлжит чуулганы нээлтэд Улсын Их Хурлын гишүүдийн 71,1 хувь буюу 54 гишүүн хүрэлцэн ирсэн байлаа. Мөн чуулганы нээлтэд Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн зарим гишүүд, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцов. Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга М.Энхболд үг хэлсэн бол дараа нь Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн юм. Энэ удаагийн хаврын чуулганы эхний хэлэлцэх асуудал нь олон нийтийн дунд хүлээлт үүсгээд байсан төсвийн тодотгол байсан юм.

29-р тусгай сургуульд хийсэн хяналт, шалгалтын дүн гарлаа

Энэ долоо хоногийн онцлох үйл явдал яах аргагүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуультай холбоотой асуудлууд байлаа. Тодруулбал, тус сургуулийн сурагч А-гийн зарим багш нар нь эмэгтэй хүүхдүүдийг оролдож бэлгийн дарамт үзүүлдэг, эрэгтэй хүүхдүүдийг зоддог хэмээн ярилцлага өгсөн юм. Гэтэл тус сургуулийн багш нар үүнийг нь эсэргүүцэн, худал мэдээлэл, манай сургуулийн багш нар тэгдэггүй хэмээн сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тэгвэл өчигдөр Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29-р сургуультай холбоотой үүссэн асуудлын талаар хяналт, шалгалт хийсэн дүгнэлтээ БСШУСЯ-наас олон нийтэд тайлагнасан юм. Тодруулбал, Сурагчдын зүгээс багш нарын ёсзүйн тал дээр хөндөж гаргасан асуудлаар ажлын хэсэг газар дээр нь ажиллаж нийт багш нараас санал асуулга судалгааны ажлыг хийсэн. Эхний судалгаагаар багш нарын ёсзүйгүй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Гэхдээ хэвлэл мэдээллээр гарсан шиг ноцтой зүйл одоогийн байдалаар илрээгүй. Бэлгийн дарамттай холбоотой асуудал гарсан. Гэхдээ хүчирхийлсэн зүйл одоогоор нотлогдоогүй. Энэ асуудал дээр онцгой анхаарал хандуулна” гэв.

Аймаг, нийслэлийн АН-ын дарга нар тодров

АН-ын дотоод сонгууль болж, шат шатны дарга нараа сонголоо. Энэ удаагийн сонгуульд нийт 565 хүн өрсөлдсөнөөс ҮБХ-ны гишүүнд 380 хүн, аймаг, нийслэл, дүүргийн даргад 54 хүн сонгогдсон байна.

Сонгуульд ялалт байгуулсан гишүүдийн нэрсийг доорх жагсаалтаас харна уу.

№ Аймаг, нийслэл Сонгогдсон гишүүн /хамгийн олон санал авсан/

1 Нийслэлийн АН-ын даргад Д.Баттулга

2 Архангай М.Батжаргал

3 Баян-Өлгий Е.Зангар

4 Баянхонгор Д.Ширмэн

5 Булган Б.Ариун-Эрдэнэ

6 Говь-Алтай Ц.Нанзаддорж

7 Говьсүмбэр Д.Сүрэнжав

8 Дорноговь Б.Батбаяр

9 Дорнод П.Алтангэрэл

10 Дундговь Ц.Мөнхбат

11 Өвөрхангай Хяналтын тооллого дуусаагүй

12 Өмнөговь Р.Сэддорж

13 Сэлэнгэ Хяналтын тооллого дуусаагүй

14 Төв Ц.Мэндсайхан

15 Ховд Ч.Чинбат

16 Хөвсгөл Ш.Идэрбаясгалан

17 Хэнтий Ш.Батдэлгэр

18 Дархан-Уул Г.Гантулга

19 Орхон Д.Алтанхуяг

20 Увс Ч.Чимид

21 Багахангай дүүрэг Ц.Алтанцэцэг

22 Хан-Уул дүүрэг Хяналтын тооллого явагдаж байна

23 Чингэлтэй дүүрэг Г.Баярсайхан

24 Сонгинохайрхан дүүрэг М.Чинболд

25 Налайх дүүрэг М.Дашхүү

26 Багануур дүүрэг Ч.Очирхүү

Өрхийн амьжиргааны судалгаа үргэлжилж байна

“Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-ны ажил үргэлжилж байна. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох эхлүүлсэн. Аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газруудад Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын хэсгүүд байгуулагдан уг ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, улсын хэмжээнд 7900 гэрээт ажилтан болон төрийн албан хаагчдын төлөөлөл оролцон ажиллаж, Өрхийн мэдээллийн нэгдсэн сан дахь нийт 600.000  өрхийг судалгааны мэдээлэл цуглуулалтад хамруулахаар ажиллаж байна. Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны өрхөөс мэдээлэл цуглуулах хугацаа 2017 оны энэ сарын 09-ны өдрийн 18.00 цагийг хүртэл үргэлжилнэ. Улсын хэмжээнд мэдээлэл цуглуулах ажил бүх аймаг, дүүргүүдэд эхэлж мэдээлэл цуглуулалтын хамруулалтын хувьд энэ сарын 6-ны  өглөөний 09.00 цагийн байдлаар мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 49.1  хувьд  буюу 283,001 өрхөд хүрч ажилласан байна” гэлээ.

Г.Дэнзэн, Я.Батсуурь нарт ял оноолоо

ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд таван өдөр үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3,6 жил, Я.Батсуурьт 2 жилийн ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биеэр эдлүүлэх шийдвэр гаргасан бол шүүгдэгч н.Түмэнхүү, н.Төгсбаяр нарт 2 жилийн тэнсэн харгалзах ял, шүүгдэгч н.Баярмаад мөнгөн торгууль ногдуулахаар шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нараас 5,5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Т.Цогтод 20 жилийн хорих ял оноолоо

Төрсөн охиноо зодож амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.
Тодруулбал, Т.Цогтод 20 жилийн ял өгч чанга дэглэмтэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр боллоо. Харин хойд эх Г.Маралмаад оногдуулсан 23 жилийн хорих ялыг хэвээр үлдээж чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Цогт, Г.Маралмаа нараас тус бүр 2.324.420 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

Нийслэл хотын төв талбайд ерөнхий боловсролын сургуулийн 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг нэгэн зэрэг уншлаа.

Урьд хожид тохиож байгаагүй энэхүү содон үйл явдлыг ямар нэг дээд амжилт тогтоох гэж, эс бөгөөс Гиннесийн амжилт тогтоох гэж зохион байгуулаагүй гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Сурагчид энэхүү 16 бадаг шүлгийг гурван сарын хугацаанд цээжилж үндэснийхээ дээл хувцасаар гоёж Монгол улсын газрын зураг шигээ жагсаж шүлгээ унших гэж байгаа нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэх томоохон үйл явдал боллоо.

Дашрамд сонирхуулахад, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, яруу найрагч, Д.Пүрэвдорж “Чингис”, “Тусгаар тогтнол” зэрэг шүлгүүдээ бичсэнээрээ тухайн үедээ үндсэрхэг үзэл гаргасан хэмээн буруутгагдаж, хэвлэхийг хориглон, төрийн шагналд бүтээл нь дэвшихэд МАХН-ын төв хорооноос удаа дараа хасч 1981 онд олон түмний хүсэлтээр арга буюу уг шагналыг олгож байжээ.

Т.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих