Шорон, цэргийн дарамт, диаграмм ханхалсан СУИС
Соц нийгэмд шинэ хуучин цэргүүдийн дунд оны ялгаа гэж байсан. Хал цэргүүд шинэковуудаа дэглэж, диаграмм хийж байсан тухай зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай “Дэглэгчдэд дэг хэрэгтэй” гэсэн нийтлэл бичиж байлаа. Армид бугшсан энэхүү зодуур, хүчирхийллийн ул мөрөөр сурвалжилсан олон тэмдэглэл гарч төдөлгүй гурван жилийн цэргийн албыг хоёр жил болгож байсан удаатай. Энэ бол өнгөрсөн нийгэмд болж байсан гаж үзэгдэл. Тэгвэл өнөөдөр их, дээд сургуулиудаас СУИС-д оны ялгаа, зодуур, диаграмм байдаг тухай эх сурвалжууд батлаж байна. Ирээдүйдээ уран бүтээлчид, урлагийн менежментийг бэлддэг их сургуульд байдал ямар байгаа тухай өгүүлье.
СУИС-д дарамт хүчирхийлэл байдаг бол өнгөрсөн хугацаанд сургуулийн удирдлагууд яагаад юу ч мэдэлгүй олон арван оюутнуудын мөрөөдлийг тэглэхэд хүргэв. Хэрэв их дээд сургуулиудад энэ мэт үзэгдэл болдог бол оюутнууд болон удирдлагуудад нь хатуу хариуцлага тооцох ёстой. “СУИС-д оръё гэж бодож байсан юм, үнэхээр айдаст автлаа” гэж олон залуус санал бодлоо сошиал ертөнцөөр илэрхийлж байна. Ингээд оюутан Дөлгөөний бичсэн захидлыг хүргэе.
…Жүжигчин болох гээд хар нялхаасаа мөрөөдөж байлаа. Шалгалт нь алалцаан болж олон хүүхдүүдээс шигшиж авдаг юм билээ. Тэнцсэн гэж бодохоор бөөн баяр. Мөрөөдлийн их сургуульдаа анхныхаа өдөр яваад очлоо.
Ямар ч гоё ах эгч нар дүүрэн сурдаг юм. Хаа сайгүй л тогос шиг гоё гоё охид. Чанга чанга чарлалдсан халамцуу оюутнууд. Төдөлгүй миний мөрөөдлийн эхний өдөр гоё эхэлж, хөгийн төгссөнд сэтгэл гонсойж эхэллээ. Ангийнхаа хүүхдүүдтэй хоорондоо танилцаж ядаад л байж байтал үл таних залуу “Хүүхдийн урланд дээд курсынхан дуудаж байна! Хурдан яваад оч” гэв. Солонгос кино л ийм байдаг. Зурагтаар л харж байсан од эгч нар гартаа савхин бээлий өмсөж, ханцуйгаа шамлачихсан зогсож байлаа. Тэд,
-Охид нэг эгнээнд жагс! Хурдлаарай, бид тоглоогүй байна шүү гэлээ. Бид нар гайхалдаад нэг эгнээнд жагсав. Тэгвэл савхин бээлий угласан гараараа эхнээс нь биднийг алгадаж, заримыг нь шанаадаж эхлэв. Энд тэнд чад пад гээд л дуугарна. Солонгос кинон дээр харсан зүйл амьдрал дээр байдаг ажээ. Гэхдээ СУИС-ийн хувьд. Би бүр шоконд орлоо. Тэгтэл зурагтаар нэвтрүүлэг хөтөлдөг кинодрамын гуравдугаар дамжааны оюутан эгч,
-Энэ бол зодуур биш маазраа шүү, гичийнүүд ээ. Манай сургууль бол үе уламжлагдан ирсэн ийм дэглэмтэй их сургууль. Одоо харин охид мөнгөө нийлүүлээд дээд курсын эгч нартаа шоколад, пиво, архи авчирч өгнө дөө гэж тушаал буулгав.
Нүднийхээ булангаар харвал манай ангийн хөвгүүд дээд курсын ах нартаа зодуулаад газар эвхрэлдэн хэвтэж байлаа. Архи ууж халамцсан дээд курсын оюутнууд,
-Нэг эгнээнд жагсаад нэвтрүүлэг хөтөлж байгаа юм шиг чанга дуугаар өөрийгөө танилцуул! гэж халамцуу нүдээр шаардав. Архи уугаагүй байхдаа биднийг зодож хайр найргүй нүдэж байсан улс чинь согтохоороо яах нь ойлгомжтой. Бүгд л айгаад тэдний хэлснээр өөрсдийгөө танилцуулав. Энэ үеэр СУИС төгссөн, хөөгдсөн архичид нь хүртэл хүрээд ирчихсэн “Шинэковууд минь архи авч өг!” гэж дарамтлав. Ингээд л эхнийхээ өдрөөс рекэтлүүлж, дээрэлхүүлж эхэлсэн юм. Нэгдүгээр курсээ төгстөлөө кинодрамын ангийнхан есөн шидээр янз бүрээр дарамтлуулсан. Хувцсаа дээрэмдүүлнэ. Өнгөтэйхэн малгай, ороолт, бээлий өмсөхөөр хэн нэгэн нь шууд л авчихна. За тэгээд нойльд очиж, эгч нарын хувцас барьж өлгүүрийн ажил хийнэ. Дээд дамжааны оюутнуудын барлаг аятай хичээлээ таслан дэлгүүр хоршоо гүйх ч энүүхэнд. Тэмдэглэлт баяр, энэ тэрээр архи авч өгнө гэхчилэн амьдралдаа үзээгүй бүхнээ үзэв. Шантарлаа. СУИС-аа орхиё гэхээр мөрөөдөл минь хайран санагдана. Дөнгөж 16 настай охин хэнд хандахаа мэдэхгүй, сэтгэлдээ уйлж, уруу дорой царайлж явах болов. Манай ангийн нэг охин энэ тухай тайзны ярианы багшдаа хэлээд толгойгоо эргэтэл загнуулав. СУИС-ийн кинодрамын ангийн багш, удирдлагууд энэ тухай мэдэж байсан бөгөөд “Ийм зүйл байдаг юм. Жүжигчин хүн хагас цэргийн зохион байгуулалттай байж, сайн уран бүтээл хийнэ” гэх зэргийн юм ярина. Хүчирхийлэл энд ид өрнөж байсныг хэлэх хэрэгтэй. Ангийн охид жагсаж зогсоод дээд курсын бүх ах нар болон хэдэн эгч нарт “Комислох” гэдэг нэртэй хүчирхийлэлд өртөв. Цээжин биеэ нүцгэлж, хөхөө ил гарган бусдын доог тохуу болж байлаа. Эхнээсээ хөөрхий охид уйлж байв. Дээд курсын ах, эгч нар, -Хөхөө ил гарга, гичийнүүд ээ. Дургүй хүргээд байвал бид нар албан хүчээр нүцгэлээд сургуулийн коридорт гаргачихна шүү! гээд шүдээ хавиран бахирна.
Гуравдугаар курсын ах “Энэ бол мисс-бюст гэдэг тэмцээн. Та нарын дунд хэн нь хамгийн гоё хөхтэй вэ гэдэг тэмцээн зохиож байна, ха ха” хэмээн инээнэ. Тэгээд эрчүүд нь бидний хөхийг илж таалан барьж доог тохуу болгов. Тэр байтугай манай ангийн охидыг бэлгийн харьцаанд уруу татан оруулсан тохиолдол ч бий. Дээд курсын хэн рекетлэгч ахын өврийг дулаацуулж гэмээ нь энэхүү дарамт шахалтаас мултрах юм гэнэ. Энэ мэтчилэн дарамт, доромжлолын дунд тэвчилгүй олон найзууд минь кинодрамын ангиас гарлаа. Аргагүй дээ хэн ч ийм завхарсан сургууль гэж мэдээгүй байх. Тэгсэнч 16-17 насны хүүхдүүд яаж үүнийг ойлгох вэ? Дээр нь СУИС бол ирээдүйн жүжигчин болох тал дээр маш муу боловсрол олгодог газар! Ухаандаа драмын жүжигчин, кино жүжигчин хоёрын ялгааг бидэнд заагаад өгчих тийм тайзны ур чадварын багш байхгүй. Хэдийгээр кинодрамын анги гэж байгаа боловч энд кино жүжигчин болох тал дээр ямар ч хичээл, дадлага заахгүй. Би санаж байна. Ангийн маань нэг хөвгүүн дээрэлхүүлээд гомдоод уйлж байсан. Эр хүн уйлж гомдох үнэхээр өрөвдөлтэй харагддаг юм билээ. Азаар би СУИС-ийг төгсөөгүй дундаас нь хаясан юм. Шантарсан юм. Өнөөдөр дарамтлуулж буй кино драмын ангийнхан дараа жил хал цэргүүдийн дүрийг гэдэг гутамшиг. Хүчирхийллийн шинжтэй ийм уламжлал СУИС байгуулагдсан үеэс эхлэн 17 жил үргэлжилсэн гээд бод. СУИС-ийн багш нар мэдсэн ч мэдээгүй царайлж явдгаас болж олон оюутан, хүүхдүүдийн сэтгэлд томоохон шарх үлдээж, тэдний ирээдүйг сүйтгэж байгааг БСШУС-ын сайд ! Ж.Батсуурь, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нар анхааралдаа аваасай.
СУИС-ийн оюутнуудын үйлдсэн ноцтой хэргүүдийг сөхье.
Баримт. Одоогоос хэдэн жилийн өмнө СУИС-ийн оюутан Д бүсгүй сургууль хичээлийн байрандаа амиа хорложээ. Төгсгөх дамжааны оюутан тэрбээр 23 цагийн үед дөрвөн давхраас өөрийгөө боомилсон байдаг. Тухайн үед сургуулийн жижүүр нь согтуу байж таарснаар талийгаачийг оройн цагаар СУИС-д орохыг зөвшөөрсөн аж. Талийгаачийг амиа хорлосон шалтгааныг тогтоогоогүй ч олон хүмүүс СУИС-ийн оюутнуудын танхай байдал, элдэв хэл ам, нэг нэгнийгээ доромжилж, сүрдүүлж, дарамталдгаас болсон гэж таамаглахад хүрчээ.
Баримт. СУИС-ийн цэнгээнт бүжгийн багш Н.Ганбаяр 16 оюутныг Хятад руу авч яван жуулчны баазад цалин өгнө гэж гурван cap бүжиглүүлжээ. Ингэхдээ сургуулийн нэр барьж эцэг, эхчүүдтэй гэрээ хийсэн байна. Гурван cap бүжиглээд сургалтын төлбөр болгож 2.4 сая төгрөг өгнө гэж гэрээнд тохирсон ажээ. Оюутнууд Хятадад очоод банзан нааран дээр унтаж, хуурсан сонгино, бэлэн гоймонгоор хооллож, өглөө 8.00 цагаас шөнийн 03.00 цаг хүртэл бүжиглэж маш хүнд нөхцөлд ажиллаж, амьдарч байсан гэдэг. Оюутнуудын дунд нэг rap утас өгсөн бөгөөд тэр нь бараг л Монгол руу холбогдох боломжгүй. Хариуцаж авч явсан СУИС-ийн багш эцэг, эхчүүдэд “Хүүхдүүд сайн байгаа. Би ойр ойрхон очиж байгаа” гэж ярьдаг байжээ. Багш Ганбаяр оюутнууд дээр цөөхөн удаа очсон бөгөөд “Багшаа буцъя. Энд хоол унд, ажиллах орчин маш хүнд байна. Хятадууд дээрэлхэж байна” гэхэд нь “Тэсч бай. Багш нь хэлчихсэн. Одоо хэдхэн хоног болоод далинг чинь өгнө” гэсээр есдүгээр сарын 01 хүргэсэн байна. Гэвч энэ явдлыг СУИС-ийн захиргаа эцэг эхчүүдээс нь нууцлан өнгөрч, багш Ганбаярыг ажлаас халснаар асуудлыг шийдсэн гэх юм. Хүний хөдөлмөрийг шулсан багш өдгөө хаана юу хийж яваа талаар мэдэх хүн тус сургуульд алга.
Баримт. СУИС-ийн кинодрам, зургийн ангийн оюутнуудын дунд каннибас буюу “хар өвс” гэх хар тамхины төрлийн ургамлыг ихээр бэлтгэж хэрэглэж, зардаг ноцтой хэргүүдийг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлжээ. Эрдэнэт, Дарханаас ирсэн оюутнууд төмөр замын дагуу ургадаг “хар өвс”-ийг их хэмжээгээр түүж бэлтгэн Улаанбаатар хотод оруулж ирэн хэрэглэж, бие биедээ зардаг гэсэн мэдээллийн мөрөөр цагдаа, тагнуулынхан оржээ. СУИС-ийн оюутнууд хээрийн дадлага, аялал зугаалгын үеэр их хэмжээгээр хэрэглэдэг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Баримт. ЭЦГ-аас галт зэвсэг биедээ авч явсан цөөнгүй тохиолдлыг илрүүлэн холбогдох арга хэмжээ авчээ. Энэ сарын 29-нд “Форд” маркийн машинтай хэсэг залуу зэвсэгтэй явж байна гэсэн мэдээлэл ЧД-ийн цагдаагийн хэлтэст ирсэн аж. Энэ дагуу ЭЦГ, УМБГ, дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар тэдгээр залуусыг СБД-ийн VI хорооны нутаг дэвсгэрт явж байхад нь саатуулжээ. Тэд бол 22-23 настай, СУИС-ийн төгсөх ангийн оюутан зарим нь тус сургуулийг төгссөн байж. Залуус буу эзэмших ямар ч зөвшөөрөлгүй бөгөөд “Хүнээс худалдан аваад явж байна” гэж мэдүүлжээ.
Баримт. Монгол Улсын ЭХ-ийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Цэрэнбаяр, Ө.Аюурсүрэн нарт холбогдох эрүүгийн 201525030680 дугаартай хэргийг хянан хэлэлцжээ. Хэнтий аймгийн харъяат 20 настай Ө.Аюурсүрэн нь СУИС-ийн кинодрамын ангийн гуравдугаар дамжааны оюутан, ам бүл 3, эмээ, дүү нарын хамт амьдардаг байсан нь тогтоогджээ. Энэ мэт СУИС-ийн кинодрамын ангийн дэглэгч оюутнуудын дунд шүүхийн сандалд суусан ялтнуудын хэргийг бичээд байвал сонины 12 нүүр ч багадах буй заа. Өнөөгийн СУИС-ийн захирал Э.Сонинтогос гэгч үе залгамжилсан сургуулийнхаа дэглэгч, “Том ах”-ын дүрд тоглогч дээд курсын оюутнуудыхаа танхай байдлыг нэг тийш нь цэгцлэхгүй бол өөрөө суудлаа тавьж өгөх цаг болсон юм биш үү? гэдэг асуултыг кинодрамын ангийн нэгдүгээр дамжааны оюутнуудын эцэг эх манай сониноор дамжуулан хүргэж байна.
ХОРИОТОЙ СОНИН 2017 он №06/128/
URL: