Хямралыг ялах “Хувьсгалын тохироо”
УИХ-ын дарга М.Энхболдын чуулган нээсэн үгнээс “Эдийн засгаа эмнэлгээс гаргах, Үндсэн хуулиа өөрчлөх, оффшор данстангуудын өмнө төр хаалгаа барих тухай” ийм гурван агуулга илүү тодорхой, их хүлээлттэй асуудал учраас анхаарал илүү татаж байна. Нэг талаас УИХ-ын даргын үг, нөгөө талаас эрх баригч намын хийх ажил, тавьсан зорилго, хүрэх үр дүнг зааж дэлгэсэн замын зураг.
УИХ-ын 85 хувь, аймаг, нийслэлийн ИТХ-ын 70 хувь, 330 сумын 232, есөн дүүргийн зургаад нь олонх болж эрх барьж буй намын албан ёсны байр суурь М.Энхболд, МАН-д өнөөдөр юу л байна, бяр байна, боломж байна. Бэрхийг туулахаар бүтээсэн гэдэг шиг засаглалын хямралыг эдийн засгийнхтай нь цуг, хөтөлгөө морьтой туулж давах хувьсгалын тохироо МАН-ын өмнө нэгэнт бүрдсэн. Олон нийтийн хуримтлагдсан хүлээлт, чамлахаар чанга атгахуйц эерэг нааштай үзүүлэлт өөрчлөлтүүд ч МАН, М.Энхболдын гарт буй бодит боломжийг зузаалж байна.
ЭДИЙН ЗАСАГ ЭМНЭЛГЭЭС ГАРАХДАА…
“…Эдийн засаг “эмнэлгийн сэхээнээс энгийн тасагт шилжсэн бол одоо эдгэрэх ёстой. Эдийн засгаа эрүүлжүүлж, “эмнэлгээс гаргах” гол ажил энэ хавар эхэлж, энэ ондоо багтааж дуусгахыг эрмэлзэх учиртай…
“Хэлэхээс илүү хийх нь чухал” гэсээр УИХ-д орж ирж байсан М.Энхболд үгээр хөөцөлддөг ч улс төрч биш.Тиймээс эдийн засгийн хямралыг энэ ондоо багтаан гэтэлж гарах цаг хугацааг хүртэл оноон товлосон, ихээхэн итгэл тээсэн үг хэлсний цаад үндэслэл нь юу байв? Засгийн газрын өрийн үлдэгдэл өнөөгийн үнэ цэнээр 18,9 их наяд төгрөг, зөвхөн хүүнд нь 2017 оны төсвийн зардлын 16 хувь буюу 1,3 их наяд нь алга болох хүндхэн нөхцөл арилаагүй байхад хямралыг даван туулах ямар боломж, бололцоо байгаа хэрэг вэ? Товчхондоо, “Гараа сайн бол бариа сайн” гэдэгт суурилж байгаа гэмээр байна. Өөрөөр хэлбэл шийдсэн асуудал, авсан арга хэмжээний үр дүнд гарч эхэлсэн эерэг нааштай өөрчлөлт ийм итгэл үнэмшил, тооцоо дүгнэлтэнд хүргэжээ.
Их хурлын дарга эдийн засгаа эдгээх эхлэл нэгэнт тавигдсаныг илтгэх дараах тоо баримт хөндсөн. Монгол гэдэг нэг улс 5 өөр төсөвтэй, айлаар бол таван гал тогоотой болчихсон байсныг УИХ эмхэлж нэгтгэсэн, Хөгжлийн банкны хуулийг өөрчлөн баталсан зэрэг санхүү мөнгөнд тогтоосон сахилга бат эерэг үр дүнд хөтөлжээ. Оны эхний хоёр сард төсвийн орлогоо ноднин жилийн мөн үеийнхээс 36 хувь буюу 254,5 тэрбумаар нэмсэнийг зарласан. Төсвийн хэмнэлт эхний хоёр сард 154,4 тэрбум болсоныг хавсаргасан. Монголчууд гадаадаас авсанаас гадаадад худалдсан нь илүү гарч, долларын ханш тогтож эхэлсэн. Хоолойд тулаад байсан Хөгжлийн банкны 580 сая еврогийн бондыг “Хурилдай”-д хөрвүүлсэн.
Энэ арилжааны үеэр олон улсын санхүүгийн зах манай 3,3 тэрбум долларын үнэт цаас авахад бэлэн буйгаа илэрхийлсэн. Хөрөнгө оруулагчдын хөрсөн итгэл эргэн сэргэснийг нотолж, нэг дотогш нэвтэрвэл буцаад гарч чадахгүй шүү хэмээсэн сэрэмж утгатай Hotel Mongolia хоч мартагдаж эхэллээ гэсэн үг. Хятадын “Чалко” компанид тавьсан өр тэглэгдлээ. ОУВС-тай амаргүй хэлэлцээр өрнүүлж, өргөтгөсөн хөтөлбөр урьдчилан тохирсон нь Монголын төсөв, банк, санхүүгийн байдал, бизнесийн орчин тогтворжих, эрүүлжих эерэг хүлээлт гадаад, дотоод орчинд үүсгэсэн…
Өнгөрсөн өдрүүдэд Японоос Монголд 850 сая долларын нэн хөнгөлөлтэй зээл олгож дэмжихээ мэдэгдсэн, хоёр улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрийн гэрээ зурагдсан. Манай улсын экспортын орлогын 90 хувь болсон зэс, нүүрс, алт, эрдэс баялгийн үнэ өсч эхэлсэн….
Энэ бүх тоо баримт эдийн засгийг эмнэлгээс гаргах, эргэж өвдөхгүй эерэг хүлээлт, итгэл найдварыг тэлж байна.
ОФФШОРТНЫ ӨМНӨ ТӨР ХААЛГАА БАРИНА
Оффшор гэдэг үг уулзалт хийсэн газар бүхэнд иргэдийн амнаас гарч, шүүмжлэн хэлэлцэж байна. …Төрд алба хашиж буй хүн оффшор бүсэд данстай байж огт болохгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа хэлье.
Оффшорчин гэдэг үгээр нь тоглож, улс төрийн оноо хөөхөөс илүү хуульчлан журамлаж, бодитой шийдэх боломж бололцоо нь өнөөгийн УИХ-д бодитой байна. Эргээс хол газарт нууц данстай бол энд төрийн алба хашихгүй шүү гэж М.Энхболд хоёргүй нэг утгаар мэдэгдлээ. Хэлсэн үгэндээ эзэн болох арга зам нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” гэдэг урт нэртэй хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах явдал. Хэн бэ? гэдэг нь чухал ч Ямар учраас гэдэг асуудал нь илүү чухал. Оффшор гэдэг сэдвээр шуугиад өнгөрөх бус эргээс хол нууц данстай бол төр, төсвөөс ч бас хол байх хууль батлах онцгой чухал.
ҮНДСЭН ХУУЛИА ӨӨРЧЛӨХ ҮНДЭСЛЭЛ
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн…“Долоо хэмжиж, нэг огтлох” монгол ухаанаар нэн хариуцлагатай, хянамгай хандах ёстой…
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх эхэн хэсэгт Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэхээр тусгасан байна.Өмнөх УИХ нийгмийн захиалгаар Үндсэн хуулиа өөрчлөхөөр оролдсон ч чадаагүй. Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй гэдэг эгэл иргэдээс эрдэмтэн мэргэд, төр, нийгмийн зүтгэлтнүүд хүртэл дуу нэгтэй үздэг. Санаа бодлын судалгаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсгүүдэд цугларсан мэдээлэл, баримтаар энэ хандлага илэрхий нэг талдаа гарсан. Олон арван мянган хүн Үндсэн хуулиа ингэж өөрчилсөн нь дээр гэсэн судлаачийн түвшний төсөл, төлөвлөгөө гаргаагүй нь мэдээж. Гэхдээ үндэс хөрсөөрөө болохгүй байна, суурь нь буруу учраас буруу тийшээ яваад байна, Үндсэн хуулиа өөрчилж, төрийн эрх мэдлийг оновчтой, хяналттай, хариуцлагатай болгох хэрэгтэй гэсэн санал хүсэлт их байгаа нь илэрхий.
Үндсэн хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулах бас нэгэн хувьсгалын тохироо бүрдсэн, алдах эрхгүй боломж нээлттэй байна. Алдагдсан боломжийн өртөг илүү их гэдэг. Зарим судлаачийн нотолж буйгаар өнөөдөр ухарвал ахиад 4-8 жилээр хойшлох магадлалтай.Үндсэн хуулиа илүү өргөн оролцоотой, “Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй”, “Долоо хэмжиж нэг огтолно” зарчим баримталж өөрчилнө гэдгээ УИХ-ын дарга илэрхийллээ. УИХ, Засгийн газрын түвшинд байгуулсан ажлын хэсэгт нь эрдэмтэн судлаачдаас гадна М.Батчимэг экс гишүүн, сөрөг хүчнийхэн ч орсон, санаа оноогоо уралдуулаад явж байна. 2000 оны дордуулсан долоон өөрчлөлтийн гашуун түүхийг давтахгүйгээр олон нам, эрдэмтэн судлаачид, иргэний байгууллагаар хэлэлцүүлж байж өөрчлөх нь тодорхой боллоо.
М.Энхболдын хэлсэнээр “Хүндрэл бэрхшээл Монголынх, биднийх. Хаа нэг газраас, хэн нэгэн хил давуулаад түлхчихээгүй. Тиймээс шаварт суусан байдлаас улсаа гаргах үүрэг төр, засгийн эрхийг түмэн олноо төлөөлөн барьж суугаа Та биднийх. Энэ удаагийн УИХ Монголын түүхэнд сайнаар үлдэх олон зүйл хийгээсэй гэж хүсч байна.”
Судлаач Ж.Бат-Ирээдүй
URL: