Баян орнуудын иргэд гутранги үзэлтэй
Дэлхийн улс орнуудын оршин суугчдын орлого их байх тусам тэдний дунд гутранги үзэлтнүүд төдий чинээ олон байдаг ажээ. Харин ядуу орнуудын иргэд харьцангуй өөдрөг үзэлтэй байдаг гэнэ. Ийм дүгнэлтийг “Globescan” төвийн мэргэжилтнүүд дэлхийн 25 орны 25 мянга гаруй хүний дунд явуулсан санал асуулгын дүнд хийжээ.
Санал асуулгын дүнгээс үзвэл, Франц, Япон болон Их Британийн иргэд хамгийн гутранги үзэлтэй байна.
Судалгааг өнгөрөгч долдугаар сараас эхлэн есдүгээр сар хүртэл явуулжээ. Дээрх гурван улсын оршин суугчдын 10 хувь нь улс орных нь эдийн засаг сайжирна гэж үздэг бол 50 гаруй хувь нь гутранги үзэлтнүүд бөгөөд байдал улам дордоно гэж боддог байна.
Японд хүн амын 60 гаруй хувь нь ийм үзэлтнүүд байдаг бол Их Британийн оршин суугчдын 52, Францын 51 хувь нь гутранги үзэлтнүүд ажээ. Эдгээр улсад иргэдийнх нь ердөө 5, 8, 9 хувь нь л өөдрөг үзэлтнүүд байна.
Испанид 22 хувь нь ирээдүйг сайн сайхнаар төсөөлдөг бол 52 хувь нь үл итгэгчид ажээ. Тэгвэл Австралийн санал асуулгад оролцсон иргэдийн 13 хувийнх нь, АНУ-ын 16 хувийнх нь сэтгэл санаа өөдрөг байна.
Харин хүн ам нь олноороо хэрэглээний огт өөр ертөнцөд амьдардаг Хятадад санал асуулгад оролцогсдын 51 хувь нь нааштай өөрчлөлт болно гэдэгт итгэдэг гэнэ. Буурай хөгжилтэй орнуудын нэг болох Нигерийн оршин суугчид амьдралын гайхалтай баяр баясгалантай гэдгээ харуулжээ. Тус улсын санал асуулгад оролцсон иргэдийн 70 хувь нь “сайн цаг” ирнэ гэдэгт итгэдэг байна.
Африкт харьцангуй өөдрөг хүмүүс аж төрдөг бөгөөд тус тивийн орнууд дээрх үзүүлэлтээр тэргүүлжээ. Египетэд 52 хувь нь, Кенид 55 хувь нь, Ганад 53 хувь нь өөдрөг үзэлтнүүд байна. Гэхдээ эдгээр тоог өөр өнцгөөс харвал тэдний дийлэнх нь “муу зүйл тохиолдохгүй” гэж үздэг гэж хэлж болно.
Бразилд өөдрөг ба гутранги үзэлтнүүд 51 хувийн эсрэг 20 хувьтай, Хятадад 51 хувийн эсрэг 11 хувьтай байгаа бол Энэтхэгт өөдрөг үзэлтнүүд 51 хувь, муугаар зөгнөгсөд 22 хувьтай байна.
Дэлхийн улс орнуудын хэрэглэгчдийн сэтгэл санаа 2010 оноос өөрчлөгдөж эхэлжээ. Хөгжиж байгаа орнууд өөдрөг үзэлтнүүдийн тоогоор хөгжингүй орнуудыг гүйцэж байна. Кенид энэ үзүүлэлт өнгөрсөн оныхтой харьцуулахад 24 пунктээр өссөн бол Мексикт 23 хувиар, Туркт 16 хувиар, Индонезид 14 хувиар дээшилжээ.
Энэ санал асуулгын дүн дэлхийн эдийн засгийн өнөөгийн хандлагатай тохирч байгааг шинжээчид тэмдэглэсэн байна. Хөгжингүй орнууд янз бүрийн байдлаар хямралтай тэмцэж байгаа бол хөгжиж буй орнуудад эдийн засгийн өсөлтийн хурдац нь харьцангуй тогтвортой түвшинд хадгалагдаж байна. Өөрөөр хэлбэл, баян орнуудад ядуучуудын тоо нэмэгдэж байгаа ажээ.
Брукингсын хүрээлэнгийн мэдээлснээр, өнгөрсөн жилийн хугацаанд АНУ-ын 20,5 сая иргэн ядуурлын ирмэгт тулж ирсэн байна. Энэ бол түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт гэнэ. Сүүлийн 10 жилийн хугацаанд тус улсад ядуучуудын тоо 12,3 саяар өсч, одоогийн байдлаар дээд үзүүлэлт болох 46,2 саяд хүрээд байгаа ажээ.
Гэхдээ хөгжилтэй орнуудаас германчууд харьцангуй өөдрөг үзэлтнүүд юм. Германы хүн амын 36 хувь нь удахгүй бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгдөнө гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дийлэнх нь дундыг барьсан хариулт сонгож байв.
Эдийн засгийн хямралыг даван туулаад байгаа Канадын оршин суугчид мөн ирээдүйгээ нааштайгаар төсөөлж байна. Тус улсын хүн амын 28 хувь нь өөдрөг үзэлтнүүдийн тоонд багтжээ.
URL: