Ж.Мөнхбат: “ЧАЛКО”-гийн өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг харууллаа
ЗГХЭГ-ын дарга Ж.МӨНХБАТТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Хаврын чуулган нээлтээ хийлээ. Завсарлагааны хугацаанд хөршүүдийнхээ итгэлийг сэргээх гэж чамгүй ажиллах шиг боллоо. Үүнд “Чалко”-гийн өрийг дарсан, Японоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон зэргийг дурдаж болох байх?
-Чуулганы завсарлагаанаар Зас гийн газар нэлээд ажлыг амжууллаа. Засгийн газар ажлаа авахад “Чалко”-д төлөх 170 сая ам.долларын өртэй байсныг зургаан сарын хугацаанд төлж дуусгалаа. Энэ нь Засгийн газраас Баруун Цанхийг нээх шийдвэрийг гаргасантай холбоотой. Мөн нүүрс худалдаалахдаа анх удаа дуудлага худалдааны зарчмаар хамгийн өндөр үнэ тогтоосон. Нийт худалдан авах нүүрснийхээ 30 хувиас дээшхи үнийн дүнг төлж, тээврийн зардлаа өөрсдөө шийдсэн компаниудад өгнө гэсэн зарчим барьсан нь оновчтой шийдэл боллоо. Өөрөөр хэлбэл, хоёр, гурван компанийн захирал ширээний ард тохирдог байсан тогтолцоо өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрс худалдаалах зарчимд байхгүй болсноороо давуу талтай. Нүүрсээ нэг тонныг нь 72 орчим ам.доллараар борлуулахад 170 сая ам.долларын өрийг долоон сарын хугацаанд төлж дуусгаж байна. Тэгэхээр “Чалко”-гийн анхны гэрээг 70 ам.доллараар хийсэн байсан. Энэ гэрээг өмнөх Засгийн газар цуцлаагүй байсан бол 170 сая ам.долларын өрийг долоо, найман сарын хугацаанд, 350 сая ам.долларын өрийг 1.6 жилийн хугацаанд төлж дуусах боломж байсныг өнөөдрийн үйл явдал нотлон харуулж байна. Нөгөө талаас Монгол Улс нүүрс борлуулах асуудлаа шийдвэрлээд явах боломж, гарц байгааг харууллаа.
-Японоос хөнгөлөлттэй зээл авахаар болсон. Үүний үр дүнг нь та юу гэж дүгнэж байна вэ?
-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан хоёр орон, гурван байгууллага манай улсад санхүүгийн дэмжлэг үзүүлж байна. Энэ хүрээнд 30 жилийн хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахаар болсон гэж ойлгож болно. 850 сая ам.доллар гэдэг бол Монгол Улсын эдийн засагт том амьсгал авах боломжтой боллоо гэсэн үг. УИХ-ын даргын айлчлал ихээхэн үр дүнтэй болсон гэж Засгийн газар үзэж байна. Айлчлалын хүрээнд Японы Засгийн газар 850 сая ам.долларыг өгч ажил хэрэг болгоно гэдгээ илэрхийлсэн. Солонгосоос 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудлыг шийдсэн. Сангийн сайд саяхан Туркт айлчилсан. Тэндээс 300 гаруй сая ам.доллар авахаар ярьж байсан бол уулзалт, хэлэлцээрийн явцад энэ тоо 700 сая ам.доллар болж нэмэгдэх боломжтой гэсэн мэдээллийг ирүүлээд байна.
-“Эрдэнэт” үйлдвэрийг 100 хувь төрийн мэдэлд шилжүүлсэн Засгийн газрын шийдвэрийг хууль зөрччихлөө. Өр, авлагыг тооцоогүй, хэлцэл хийгээгүй байхад шийдлээ гэсэн зүйлийг яриад байна л даа?
-Энэ талаар би хоёр зүйлийг албан ёсоор хэлье. Нэгдүгээрт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд авах шийдвэрийг УИХ-ын тогтоолоор баталгаажуулсан. УИХ хууль болон тогтоол баталдаг. Хэрэгжүүлэх үүрэг нь Засгийн газарт бий. Тиймээс Засгийн газар нь УИХ-аас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тогтоолыг хэрэгжүүлсэн. Хэрэгжүүлэхдээ төрийн төлөөллийг оролцуулсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийн талтай Засгийн газрын ажлын хэсэг хэд, хэдэн удаа уулзах хүсэлт тавьсан. Харин бидэнтэй уулзаагүй. Ингээд Засгийн газрын шийдвэрээр “Эрдэнэт”-ийн 49 хувийн ТУЗ- ийг төлөөлж байсан гурван хүнийг өөрчилсөн. “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ өнгөрсөн мягмар гаригт хуралдаж дөрвөн орлогч захирлыг нь сольсон. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төлөөлж байгаа Б.Шинэбаатарыг нэгдүгээр орлогч даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Түүнээс биш 49 хувийг огт үгүйсгээд, гаргаад хаясан зүйл байхгүй. Тодорхой хэмжээний төлөөлөл байж, яриа хэлэлцээр хийх боломжийг нь нээлттэй үлдээсэн. Засгийн газар УИХ- аас өгсөн үүрэг даалгавраа биелүүлсэн гэсэн үг. Хоёрдугаарт, өнгөрсөн мягмар гаригаас эхлээд “Эрдэнэт” үйлдвэрийн захирлууд, ТУЗ-ийн гишүүдийн цалинтай холбоотой мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах боллоо. Би Засгийн газрын хэрэг эрхлэх, төрийн өмчийн асуудал хариуцсан сайдын хувьд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлэхэд өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүд нэг ч удаа цалин аваагүй байгаа. “Эрдэнэт”-ийн Ерөнхий захирлын цалингийн хэмжээг ТУЗ нь баталж, тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл, ТУЗ-өөр хэлэлцүүлээгүй асуудал гэсэн үг. Гэтэл тэднийг их хэмжээний мөнгө аваад яваад байгаа юм шиг ташаа мэдээллийг зохион байгуулалттайгаар хэвлэл, мэдээлэл, сошиалаар тараасан байна лээ.
-Тэгвэл тэдний цалингийн хэмжээг хэд байвал болно гэж үзэж байна вэ?
-Төрийн өмчийн компани, аж ахуйн нэгжүүдийн дарга, удирдлагууд маш өндөр цалин, урамшуулал авдаг гэдгийг тогтоож, Засгийн газраас өнгөрсөн намар тогтоол гаргасан. Тогтоолоор цалингийн хэмжээг 30-60 хувь бууруулах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийг хэрэгжүүлж байгаа. Тиймээс бид Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх зарчмыг “Эрдэнэт”-ийн ТУЗ-д чиглэл болгон өгсөн.
-Төсвийн тодотголд Засгийн газрын гишүүдийн зардал 200 гаруй тэрбум төгрөгөөр өссөн нь шүүмжлэл дагуулж байна л даа. Ямар үндэслэлээр нэмсэн бэ?
-Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж байгаатай холбогдуулан улсын төсөвт тодотгол хийхээр болсон. 2017 оны төсвийг батлахдаа Засгийн газар, яамд, сайд нарын зардлыг байж болох хэмжээгээр танасан. Тиймээс үүнд сайд нарын багц ихээр нэмэгдээд байгаа зүйл байхгүй. Энэ талаар Сангийн яамнаас илүү тодорхой мэдээллийг авах боломжтой.
-Ерөнхийлөгч чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ “Ийм Засгийн газартай ирэх жилүүдэд Монгол Улс хөгжихгүй. Энэ Засгийн газар хэтэрхий бядгүй байна” гэж шүүмжлэлтэй хандлаа л даа. Та үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Та бүхэн сайтар сонссон бол Ерөнхийлөгч яг энэ Засгийн газрыг хэлээгүй. “Гүйцэтгэх засаглал бяр, бядгүй байдаг. Ажиллах боломжгүй нь тогтолцоондоо байдаг” гэдгийг хэлсэн. 1990 оноос хойш 26 жилийн хугацаан дахь Монгол Улсын бүх Засгийн газрыг хэлж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын тогтолцоогоо хэрэгжүүлж байгаа Үндсэн хуулийн засаглалыг хуваарилах зарчмаар бол Монгол Улсад хүчтэй Засгийн газар ажиллах ямар ч боломжгүй байгаа нь үнэн. Өнөөдөр Засгийн газрынхаа үүргийг маш олон байгууллага хувааж гүйцэтгэдэг. Тухайлбал, Ерөнхийлөгчийн институт, УИХ нь хувааж гүйцэтгэдэг. Ядаж л төсвийн хуваарилалтыг УИХ хийж, орлого, зарлагыг нь нэмж баталдаг шүү дээ. Үүнээс болж өнөөдрийн нөхцөл байдал, эдийн засгийн хямрал бий болсон. Тиймээс Үндсэн хуулийг өөрчилж байж энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг л хэлсэн. Цаашдаа гүйцэтгэх засаглалаа бядтай болгохын тулд тогтолцоогоо өөрчилж, буруу системээ засах ёстой гэсэн. Тиймээс энэ хаврын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар нэлээд хүчтэй яригдах болов уу.
М.Энхцэцэг
www.unen.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
tertei tergui tulj duusah baisan yumiig yamar mal bga bish de iim l setgehuin yaduurald ortson darvaan bn da
ur tulnu gedeg yaruu nairag bish hooe