Ц.Шинэбаяр: Ардчилсан намын дарга, хүмүүсийг дураараа дарамталж байна шүү дээ

-Эрх ашгийн сонирхолтой хүмүүсийн бөөгнөрлийг нам гэдэг болжээ-

-Сонгуулийн хуулийг ид хэлэлцэж байна. Хэрвээ хоёр намын бүлэг зөвшилцөж чадахгүй бол гишүүдээр санал хураалгана гэдгээ УИХ-ын дарга анхаарууллаа. Одоо яригдаж байгаа хувилбарын алийг нь та дэмжиж байна  вэ?

-Энэ хуулийн төслийг маш удаан хэлэлцэж байна. Хамгийн гол нь ямар тогтолцоогоор сонгууль явуулах гэдгийг нарийн зарчим дээр тохиролцож чадахгүй байгаад асуудлын учир байгаа юм. 28:48 харьцаан дээр  арай гэж тохирох нь бололтой. 52:24 байснаа 38:38 болгож Ардчилсан нам буулт хийсэн. Тэгснээ бүр 28:48 болж бүр бууж өглөө. Ардчилсан нам яагаад ингэж арчаагүй буулт дандаа хийж байдаг юм. Уг нь тоо чухал биш. Үүний цаана МАН, АН юу хүсээд байна гэдэг нь сонин. Тухайлбал, мажоритариар явах гээд зүтгүүлээд байгаа юм уу, эсвэл нэг шат ахиж холимог тогтолцоог сонгох гээд байна уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Эцэст нь 28:48 хувилбарыг сонгоод 26 тойрогтой байя гэж байх шив.

Тэгвэл яаж санал хураах юм. Нэрсийн жагсаалтад 48 мажоритар байршуулах нь ойгомжтой. Харин 28-ыг яаж шийдэх юм бол. Намуудыг тусгай саналын хуудсан дээр жагсааж бичээд нэг сонгогчийг хүний төлөө, бас намын төлөө санал өгдөг эрхийг нь хадгалж үлдэх үү, үлдэхгүй юү гэдгийг анхаарах ёстой. Хэрвээ сонгогчийн энэ эрхийг хадгалж үлдэхгүй хүний төлөө өгсөн саналыг намын төлөө өгсөн гэж үзэх юм бол  ерөөсөө мажоритар болно шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ярихгүй тоо  ярьсаар  цаг алдаж,  будлиантуулаад байгаад асуудлын гол байна л даа.

-Хамуг Монголын хөдөлмөрийн нам Дээд шүүхэд бүртгүүллээ. Бодвол 2012 оны сонгуульд бэлтгээд эхэлсэн биз. Зарим намын пиар эхэлж,  нэр дэвших хүсэлтэй  нөхөд  өрсөлдөөнд аль эрт орсон. Танай намын хувьд бэлтгэлээ хэр базааж байна?

-Сонгуулийн хууль гараагүй байхад бэлтгэх асуудал эрт байна. Ерөнхийдөө бид намынхаа гол бүрэлдэхүүн хүмүүстэйгээ нэг ойлголттой болохын тулд Хамуг Монголын хөдөлмөрийн намын мөрийн хөтөлбөр, тунхагийг ард түмэнд яаж хүргэх талаар сургалт явуулж байгаа. Мөн ардчилсан нийгмийн ардчилсан үнэт зүйл гэж чухам юуг тодорхойлдгийг хөндөх гэж байна. Өнгөрсөн 20 жил бид ардчилал гэсэн  нэрийг түрүүлж авсныг л ардчилал гэж ойлгодог байлаа. Энэ  буруу тогтолцооноос салах ёстой. Ардчилал гэж ярьдаг хэрнээ ардчиллын эсрэг байр суурьтай хүмүүсийг  жинхэнэ ардчилсан үзэлтэй хүнээс хэрхэн ялгах талаар  намынхаа  гишүүд, Бага хурлынхаа төлөөлөгчидтэй хамтарсан сургалт хийж байна. Ардчиллын үнэт зүйл Монголд байна уу, эс байна уу гэдгийг хөндөж, ардчиллын үнэт зүйлсийг Монголд нутагшуулах зорилготой сонгуульд оролцоно уу гэхээс биш одоогийн нөхдийн яриад байгаа шиг явахгүй ээ. Өнгөрсөн 20 жил ардчиллаас маш их ухраасан, хүний эрхийг уландаа гишгэсэн  ийм хүмүүсийг сонгож болох уу, үгүй юу гэдэг нэдсэн ойлголт өгөх гэж бэлтгэл хийж байна.

-Намын үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр  их чухал зүйл. Танай нам ямар үзэл баримтлалтай юм бэ?

-Хүний эрхийг дээдэлсэн, ардчиллын үнэт зүйлийг Монголд нутагшуулсан, хүн бүрийг ажилтай, орлоготой болгох үүднээс хөдөлмөрийг дээдлэх  загвараар Монгол Улсыг  авч явах. Мөн монгол хүнийг мэдлэгтэй болгох. Хүний хөгжил, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг чухалчилна. Хүнээ хөгжүүлэхгүйгээр улс орон хөгждөггүйн жишээг бид өнгөрсөн 20  жилд харлаа. Энэ жилүүдэд хүнээ хаячихаад хоосон улстөржсөн маягаар явлаа шүү дээ. Тэгсэн атлаа нэг их ардчилал ярьдаг, үнэн хэрэгтээ хүнээ хаячихсан. Хүнээ хаядаг ардчилал байдаггүй л дээ.

-Танай нам Сонгуулийн хуулийг харзнаж байгаа юм байна. Ямартай ч энэ хууль батлагдаж, эс бөгөөс хуучин хуулиараа ч болтугай сонгууль явах нь ойлгомжтой. Нууц биш бол  ямар мөрийн хөтөлбөр боловсруулж өрсөлдөх гэж  байгаа вэ?

-Мөрийн хөтөлбөр боловс­руулах том баг гаргасан. Одоогоор үндсэн зарчмаа хийсэн. Тактикийн хувьд арай болоогүй. Сонгуулийн хууль албан ёсоор батлагдаагүй байхад ийм эрт ярих нь зохимж муутай гэж үзэж байна.

-Та ер нь яагаад өөр нам байгуулчихав аа. Уг нь таныг МАХН-ын дарга болно гэж бодож байлаа?

-Гэнэт гаргасан шийдвэр биш. Манай улс төрийн намууд ерөнхийдөө улс төрийн намын сонгодог үзэл баримтлалаасаа буцаж, итгэл үнэмшил, үзэл баримтлалаараа нам болохоосоо илүү эрх ашгийн нэгдмэл сонирхолтой хүмүүсийн бөөг­нөрлийг нам гэж нэрлэдэг болчихоод байна. Үүнээс л бид зайлж яваад байгаа юм.

-Тухайлбал Н.Энхбаяраас ийм шалтгаанаар холдсон гэсэн үг үү?

-Энэ намууд бүгд л тийм байна. МАХН хурдтай ажиллахгүй байсан тул би гарсан. Өнөөдрийн нийгэмд энэ их бугшмал зүйлтэй тэмцэхийн тулд маш их хурдтай ажиллах шаардлага нийгэмд тулгараад байна шүү дээ.

-Сонгууль дөхөх тусам хүмүүсийн хар пиар газар авах нь. Н.Энхбаярын хийж буй үйлдэл хэрээс хэтрээд байх шиг. Та нэг хэсэг түүнтэй хамт зүтгэж байгаад холдсон. Танд ч гэсэн түүнтэй цаашид  хол явахааргүй санагдсан уу?

-Гэхдээ эх орноосоо урвасан үйлдэл хийгээгүйгээрээ ялгагдана. Эрх баригчдын алдаа дутагдлыг шүүмжлэхээс гадна огт эрх барихгүй хүмүүстэй ноцолдож, анхаарлыг өөр тийш нь  хандуулж байгаад  цаг хожих гэсэн санаа  бийг  анзаараасай гэдгийг хэлмээр байна.

-Н.Энхбаяр авлигын загалмайлсан эцэг нэртэй  атлаа авлигатай тэмцэгч мэтээр ярих боллоо. “Авлига, 500 сая” гэж өөрөө  анх удаа дуугарч байсан. Улс төрөөс хаягдахаараа ингэж хашгирахдаа тулдаг юм болов уу. Та юу гэж бодож байна вэ?

-Хүнийг юу гэж ч цоллож болно. Хэвлэл мэдээлэл бүгд хараат болсонд бас учир  байна. Ардчилсан нийгэмд амьдарч байж хэвлэлээр гарсан нэр хочийг албан ёсны юм шиг ярих нь учир дутагдалтай байх.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр эхний ээлжинд Ц.Нямдоржтой үзэлцэнэ гэсэн. Харин дараа нь хамт зүтгэж явсан нөхдөө хормойдно гэдгээ илэрхийлж байна билээ. Таны ээлж удахгүй ирэх нь. Идэж уусан, нууж гувчуулсан хөрөнгө  тань ил болох нь дээ?

-Манайхан нууц хөрөнгө гэж яриад байгаа юм. Татвар төлсөн хүнийг төлсөн татвараар нь ямар ажил хийж байсныг тодорхойлдог. Огт татвар төлж үзээгүй хүмүүсийн хөрөнгийн эх үүсвэр нь тодорхой бус байдаг. Тэгсэн атлаа  гэнэт хөрөнгөтэй болчихдог. Ямар ч бизнес хийж үзээгүй хүмүүс шүү. Би бол 1999 онд Монгол Улсын шилдэг 50  татвар төлөгчийн нэг байсан хүн. Бүр анхны шалгаруулалтаар Ж.Наранцацралт агсныг Ерөнхий сайд байхад өөрийн биеэр гардан авч байлаа. Хөдөө, орон нутагт хамгийн өндөр татвар төлдөг компанийн захирал би байсан шүү. Ингэж татвараа төлдөг байж  үлдсэн ашиг нь яагаад минийх байж болдоггүй юм. Татвараас  үлдсэн ашгаараа би хөрөнгөжсөн. Гэтэл энэ хүмүүс татвар төлөлгүй хөрөнгөжсөн,  баяжсан, бизнес ч эрхэлж үзээгүй. Хамгийн их татвар төлсөн хүмүүсийн жил бүрийн жагсаалтыг гаргаж үзвэл бүх юм ойлгомжтой болно. Татвар төлдөггүй хүн яагаад баяжаад байгааг би гайхдаг юм.

-Ярианыхаа сэдвийг өөрчилье. МАХН шинээр байгуулагдсан болон жижиг намуудыг залгих зорилго, хүсэлтэйгээ илэрхийлсэн. Иргэний Зориг болон Ногоон намд  ийм санал тавьж байх шиг байна. Танай намд санал тавибал нэгдэх үү. Энэ талаар бодож үзэв үү?

-Энэ бол хувь хүний шийдэх асуудал биш. Намын асуудал тул намын гишүүдийн олонхиор шийддэг.

-Тэгвэл намынхандаа санал болгох уу?

-Мэдээж санал ирвэл ярилцаж л таарна шүү дээ. Асуудлын гол нь энэ. Харин ямар шийдвэр гаргах нь хамт олны шийдвэр. Одоо бусад намыг хараад байхад дандаа нэг хүн шийдвэр гаргадаг. Манай намын хувьд өөр дүрэмтэй. Өөрөөр хэлбэл, Хамуг Монголын хөдөлмөрийн намын дарга дур мэдэж шийдвэр гаргадаггүй. Намын дарга  дур мэдэн шийдвэр гаргаж, ёс зүйн алдаа гаргавал намын даргаа хэлэлцдэг дүрмийн бүтэцтэй юм. Тиймээс манай намын дарга дураараа аашлах эрхгүй. Бусад намын дарга нар тухайлбал, Ардчилсан намын дарга  хүмүүсийг дураараа дарамталж байна шүү дээ. Бусдын Үндсэн хуулиар олгогдсон  эрхэнд халдаж байна. Өөрөөр хэлбэл,  сонгогдох эрхэнд нь халдаж байна. Чамайг нэр дэвшүүлэхгүй шүү гэж айлгаад л гишүүдээ бүгдийг нь барьчихсан, барьцааны хэдэн гишүүнтэй нам байгаа шүү. Тэгвэл манай намд ийм барьцааны хүмүүс байхгүй. Ардчилсан нам болон бусад зарим намын гишүүд  намынхаа даргад барьцаалагдсан.

-Сонгогдох эрхэнд халдлаа гэж байна. Ардчилсан намыг хэлж байх шиг байна. Танай нам нэр дэвшигчдийнхээ халаасыг хоослох уу. Тухайлбал, Ардчилсан нам 50 сая төгрөгийн босго тавьсан. Ил хэлж байгаа нь энэ боловч далдуур хахууль өгч нэр дэвших явдал их байдаг юм билээ?

-Мэдлэг, боловсролыг үнэлдэггүй нам  хулгайлсан өмч, хөрөнгөөр үнэ цэнээ тогтоож, мөнгө шаардаж байгаа юм. Бид нар  мэдлэг боловсролыг шалгуур болгоно. Ажлын туршлага, мэдлэг боловсрол, хариуцлага сахилга, эх орноо гэсэн сэтгэлтэй байх нь манай намын үндсэн шалгуур. Ямар эх үүсвэрээс орж ирж байгааг нь мөнгө гэх юм бэ. Хулгайлж ирээд 100 сая төгрөг тушаачихвал нэр дэвшүүлэх нь л дээ. Ер нь олонхийнх нь хулгайн мөнгө. Хулгайн мөнгөөр намын сонгуулийн дүрмээ бүрдүүлж байгаа намуудыг сонгуульд оруулж, тэр намуудын сонгуулийн дүнг зөвшөөрнө гэдэг утгагүй. Тиймээс 2012 оны сонгуулиар хэрвээ  нэлээд суудал авах юм бол зөвшөөрөх, зөвшөөрөхгүй асуудал яах аргагүй хөндөгдөнө. Яагаад гэвэл мөнгөө  дандаа хулгайлж олсон. Дээрэм, эх орноосоо хулгайлсан мөнгө юм чинь. “Бороо гоулд”-ын мөнгийг хулгайлсан хүн тэр мөнгөөрөө сонгуульд орж байна. Мөн Оюутолгойтой холбоотой улс байна, бас Тавантолгойтой холбоотой, Нарийн сухайтынхан гээд дандаа хулгайч нар бий.

-Та яаж мэдэж байгаа юм. Батлах юм уу?

-Батлана. Би саяхан Өмнөговиор явж, өч төчнөөн бичлэг хийж телевизээр харуулсан.

-Таныг ингэж ярихаар хулгайч гэлээ, Шинэбаяр  ярьсныхаа хариуцлагыг хүлээ гээд хэл ам болно гэдгээс эмээхгүй байна уу. Өөртөө дайсан бэлтгэж байгаа юм биш үү?

-Өгөг л дөө. Чаддаг юм бол. Дайсан бэлтгэлээ гэж, би үнэнийг хэлж байна. Үнэнийг ярьсан хүн дайсан нь болдог юм уу. Худлаа гэвэл Ашигт малтмалын тухай хуулийн 5.5 дахь заалтыг хараарай. Стратегийн ач холбогдол бүхий ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтооно гэж заасан. УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоол дээр стратегийн нэг, хоёрдугаар ордуудыг хавсралтаар хийгээд өгчихсөн байтал нэг хэсэг компани төрийн хувийг завшаад явж байна. Үүнийг хулгай гэхгүй юу гэж хэлэх юм. Улаан цайм хууль зөрчиж байхад.

-Хөндөх эрх нээлттэй биз дээ. Асуудал үүсгэе гэж бодохгүй байна уу?

-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр өчнөөн хэлсэн. Байнга ярьдаг хоёр гишүүн л бий. Хуулийг уландаа гишгэчихээд болно гэж тооцож байна шүү дээ, тэд. Амжилтанд ийм маягаар хүрэхгүй л дээ.

-Та ер нь яагаад МАХН болон Энхбаяраас зайгаа барьсан юм бэ. Үүнтэй холбоотой юу?

-Энэ бол өөр асуудал. Би энэ намыг байгуулж өгье гэсэн  бодлоор  26  мянган гишүүнтэй нэгдсэн. Миний бодол бол Монголд жинхэнэ ардчиллыг авчрах. Мэдлэг боловсролыг дээдэлдэг хүмүүс  Монголын улс төрийг авч явах ёстой гэдэг байр суурьтай байсан учраас тэр. Зорилгоо биелүүлсэн учраас өөрийнхөө хийх ёстой ажил руу орсон.

-Гэхдээ Н.Энхбаяртай суудал булаацалдаж, МАХН-ын дарга болох гээд бүтэхгүй болохоор нь гарсан гэдэг юм билээ. Н.Энхбаяр үүнийг үгүйсгэдэггүй шүү дээ?

-Өмнөх 20 жилд хүмүүс албан тушаалыг чухалчилдаг байсан байхгүй юу. Бид нар албан тушаалыг чухалчилж байгаа юм биш. Шударга ёсыг тогтоох, үнэнийг ард түмэнд хэлдэг болох, баялгыг тэгш хуваарилах болон ардчиллын үнэт зүйлсийг тогтоох үзэл баримтлал дээр нэгдсэн. Ер нь өмнөх 20 жилд янз янзын хүмүүс байсан. Олонх нь албан тушаал, эрх ашгийн төлөө явж байсан. Үүнийг дуусгах цаг болсон. Энэ бохир, зүйлд цэг тавихгүй бол монгол хүн дэлхийн хүн төрөлхтөнд  арчаагүйгээр дуудуулж хэдий олон жил явах ёстой юм. Тиймээс өөрчлөхийн төлөө тэмцэх хэрэгтэй. Ард түмэн үүнийг буруу гэдгийг мэддэг болсон.

Л.СУГАР

“Өдрийн шуудан” сонины редакцын зөвшөөрлөөр цахим хуудаст нийтлэв.


URL:

Сэтгэгдэл бичих