29-Р СУРГУУЛИЙН БИЕИЙН ТАМИРЫН ТАЛБАЙД БАРИЛГА БАРЬЖ ЭХЭЛЖЭЭ
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 29-р тусгай дунд сургуулийг тойрсон асуудал дахин дэгдлээ. Тодруулбал өнгөрсөн шөнө тус сургуулийн биеийн тамирын талбайд “Кий пропертиз энд констракшн” компани барилга барихаар газар шорооны ажлаа эхлүүлжээ. Дээрх компани Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн захиалгаар барилга барихаар болж нийслэлээс газрын зөвшөөрлөө авчээ.
Тус сургуулийн захиргааны зүгээс, барилга барих зөвшөөрөл олгосон Нийслэлийн засаг даргын 2016 оны А/857 тоот захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа аж. Улмаар энэ асуудлыг шүүхээс шийдвэрлэх хүртэл барилгын ажлыг зогсоох тухай шаардлагыг барилгын компанид хүргүүлсэн боловч ийнхүү барилгын ажлыг эхлүүлсэн нь өнөөдөр эсэргүүцэлтэй тулгараад байна.
Тус сургуулийнхны хэлж буйгаар сургуулийн газарт Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын байрны барилга бариулахаар 2015 онд газар олгосон аж. Улмаар асуудал гарч эхлэхэд сургуулийнхан хандаж болох бүх холбогдох байгууллагуудад хандсан ч нэгээс нь ч хариу ирээгүй байна. Тэр ч бүү хэл салбар яамныхан нь ч тэдний асуудлыг авч хэлэлцээгүй аж.
Дашрамд дуулгахад өнгөрсөн оны 11-р сард мөн дээрх барилгын компани газар шорооны ажлаа эхлүүлэхээр тус сургуулийн хашаанд хамгаалалтын хашаа хатгасан билээ. Харин үүнийг багш ажилчид, эцэг эхчүүд, сурагчдын төлөөлөл хүчтэй эсэргүүцсэнээр барилгын ажлыг түр хугацаанд зогсоогоод байсан юм. Тухайн үед барилгынхны ухсан нүхийг сурагчид өөрсдийн гараараа бөглөжээ.
olloo.mn
URL: