МАН-ынхан “Монгол 999” нэгдлийн лообийд орсон уу
Ингэж үзэх сэдэл байгаа бололтой. УИХ-аас “Тавантолгойн ордыг ашиглах зарим асуудлын тухай” тогтоол баталсан. Түүнд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр заасан. 10 хувийг нэрлэсэн үнээр дотоодын аж ахуйн нэгжүүдэд худалдах заалт бас бий. Энэ сургаар Монголд компани олширч, компани худалдаж авдаг, худалддаг бизнес газар авч туйлширч байв. Тэгээд ч компанийн эзэн Монгол Улсын иргэн гэдэг утгаараа өөрт ногдох хувьцаагүнэгүй эзэмших юм. Энэ бүхнийг харгалзан УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Б.Батбаяр нар компанид нэрлэсэн үнээр худалдах 10 хувийг шилжүүлж “Эрдэнэс Тавантолгой”-н 20 хувийг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх тогтоолын төслийг өнгөрсөн оны долдугаар сард санаачилж өргөн барьсан. Засгийн газар ч төслийг дэмжсэн байр сууриа илэрхийлсэн. УИХ дахь АН-ын бүлгээр гишүүдийн төслийг хэлэлцээд Байнгын хороо, нэгдсэн чуулганд шилжүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Түүнээс хойш яг нэг сарын хугацаа өнгөрсөн ч төсөл хэлэлцүүлэгт шилжээгүй нь МАН-ын бүлэгтэй холбоотой аж. Тодорхой шалтгаан хэлэлгүй төслийг удаа дараа хойшлуулж ирснийг нь Я.Батсуурь, Б.Батбаяр нар тэссэнгүй. Ийн удаашруулж байгааг нь “Монгол 999″ нэгдэл гэгчийн лообийтой холбон тайлбарлаж байна.Төсөл санаачлагч гишүүд өнгөрсөн баасан гаригт УИХ дахь МАН-ын бүлгийн даргад албан шаардлага хүргүүлжээ. Түүнд “Танай намын бүлэг төслийн хэлэлцүүлгийг удаа дараа хойшлуулж байна. Энэхүү тогтоолын төслийг УИХ-аар батлуулахгүй байх сонирхол бүхий улс төр, бизнесийн бүлэглэлийн лобби үйл ажиллагаа идэвхтэй байгаа энэ үед Та бүхнийг тэдний нөлөөнд автахгүй байж, намын бүлгээрээ төслийг нэн даруй хэлэлцүүлж, шийдвэрлэхийг эрхэмлэн хүсье. Энэхүү тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэж баталснаар Монгол Улсын иргэд эх орныхоо байгалийн баялгаас эрх тэгш, шударгаар ахиу хэмжээтэй хүртэх эрх зүйн орчин бүрдэх болно гэдгийг энэ ялдамд онцлон тэмдэглье” гэжээ.
Г.ЭНХ
URL: