Дундажаа хамгаалахын учир
“Амьдрал нь дордсоор байхад хүмүүс яагаад тэмцэхгүй байна вэ? Учир нь тэд баячууд хэр зэрэг баян болохыг мэдэхгүй байгаа учраас л тэр”. Энэ бол нийгмийн баялгын тэгш бус хувиарлалтыг илэрхийлсэн егөө.
Бидэнд нүүрлээд байгаа эдийн засгийн хямрал зөвхөн дунд болоод бага орлоготой иргэдийн л хямрал. Харин дундаас дээш орлоготой хэсэг бүлэг тоосон шинжгүй, эгээ л бурзайсаар. Тэдний амьдрал, хэрэглээ зүүд зэрэглээ, үлгэр домгийг санагдуулна. Монгол Улсын хамгийн үнэтэй сургуулиудын жагсаалтанд “Американ Скүүл”, “Орчлон”, “Хобби” зэрэг хувийн сургуулиуд багтана.
Эдгээр сургуулийн төлбөр ядуу Монголд арай л ахадсан гэлтэй. “Орчлон” сургууль л гэхэд жилийн 15 сая, “Хобби” 10 сая, “Американ Скүүл” 16 сая төгрөгийн төлбөртэй. Хэрэглээ буюу зах зээл байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл 12 жилийн турш 10 гаруй сая төгрөг төлөөд хүүхдээ сургуульд сургах хэсэг Монголд бий. Харин жирийн иргэд баян айлын хүүхдүүдийн нэг жилийн сургалтын төлбөртэй тэнцэх хэмжээний мөнгө олохын тулд Солонгост “харлаж” байна.
Гадаадад цөөн тоогоор үйлдвэрлэгдэж, бэлтэй, бэнчинтэй нэг нь үнэ уралдуулж худалдан авдаг машиныг Улаанбаатарын гудамжинд харна гэдэг монголчууд бид хувьтай л хүмүүс. Rolls Royce phantom couple /295,000 доллар/, Porsche Panamera /150,000 доллар/ зэрэг хурд хүч сайтай, барууны төмөр хүлгүүд зөвхөн нэг хэсгийнх нь хэрэглээ. Харин нийгмийн дийлэнх болсон дундаж орлоготой иргэд лизингээр приус авч байна. Гэхдээ амьдралын боломж сайтай хэсэг нь шүү дээ.
Улаанбаатарын урд зүгт баячууд, хойд зүгт борчууд амьдардаг. Богд уулын аманд Монголын хамгийн үнэтэй орон сууцууд байрладаг. Jardin Residence зэрэг дээд зэрэглэлийн орон сууцны метр квадратын үнэ нь 3300 ам.доллараас эхлэдэг. Харин жирийн иргэд найман хувийн хүүтэй зээлэнд хамрагдаад ч болтугай байртай болохыг мөрөөддөг. Харамсалтай нь цөөхөн хэсгийнх нь мөрөөдөл биелдэг.
Энэ бол манай нийгмийн өнгө төрх, нийгмийн баялгийн хувиарлалт тэгш бус байгаагийн илрэл. Ийнхүү тэгш бус байдал газар авахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж буй. Тухайлбал, нийгмийн цөөнх болсон эдгээр чинээлэг хэсэг, ядуу, дунд орлоготой иргэдтэй яг ижил хэмжээний татвар төлдөг. Татварын оновчгүй тогтолцоо нийгмийн тэгш бус байдал даамжрах, нэг хэсэг нь хэт баяжиж боломж өгч, нөгөө хэсгийг нь мөлжих шийтгэл болж байна.
Энэ бол зөвхөн манай улсад нүүрлээд байгаа асуудал биш бөгөөд чөлөөт өрсөлдөөнд суурилсан, зах зээлийн эдийн засагтай улс бүрт тулгараад байгаа асуудал юм. “Капитализмын хамгийн том сул тал нь нийгэмд баялгийг тэгш хувиарлаж чаддаггүй явдал бөгөөд энэ талаараа социализмыг гүйцэхгүй” гээд улмаар социализмийг нарийвчлан судлах шаардлагатай гэж зөвлөх эдийн засагчид ч нэмэгдсээр байна. Капитализмын энэхүү том цоорхойг бусад орон татварын тогтолцоогоор нөхдөг. Энэ бол прогрессив татварын тогтолцоо юм.
Энэхүү тогтолцооны онцлог нь татварыг иргэдийн орлогын түвшинтэй уялдуулан тогтоодогт оршино. Өөрөөр хэлбэл, их орлоготой хэсгээс их хэмжээний татвар авч, харин бага орлоготой иргэдээс бага татвар авна. Энэхүү тогтолцоо дундаж орлоготой иргэдийг нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд нийгмийн дийлэнх болсон дундаж орлоготой иргэдээс авах татварыг тогтвортой барьж байхыг чухалчилдаг.
Прогрессив татварын тогтолцоог амжилттай нэвтрүүлсэн улс бол Япон юм. Тус улс нийгмийн цөөнх болсон чинээлэг хэсгийн орлогын 40 гаруй хувийг татвар болгон авдаг. Харин ядуу иргэдээс таван хувийн татвар ноогдуулдаг байна. Тэгвэл нийгмийн гол хөдөлгөгч хүч болох дундаж давхаргаас авах татварын нөхцлийг уян хатан төлөвлөж, аль болох тогтвортой байхаар зохицуулсан байдаг. Үр дүнд нь Японы хүн амын дийлэнх нь дундаж давхаргад харьяалагдаж байна.
Баян чинээлэг улс гэдэг бол ядуу, нэн ядуу иргэд “дундаж” гэсэн ангалалд шилжихийг хэлнэ. Харин буурай улс гэдэг нь дундаж орлоготой иргэд “ядуу” гэсэн ангилалд олноор шилжихийн нэр юм. Дундаж давхаргынхныг хамгаалах, нийгмийн баялгийг шударгаар хуваарилах, оновчтой татварын систем нэвтрүүлэх нь эргээд улс орныг хүчирхэгжүүлж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл дундаж давхаргаа хамгаална гэсэн үг. Яг ийм дундаж давхаргаа хамгаалах ”хамгаалалтын систем” монголын эдийн засагт үгүйлэгдэж байна. Иргэд баян бол улс баян гэсэн үгний утга нь ч энэ биз ээ.
М. Билгүүн
Mongolian economy
URL: