Дэлгүүр хэсч яваад амь насаа алдлаа гэхэд гайхах зүйлгүй болсон цаг юмуу?

8562

Нийслэлчүүд нэг хэсэгтээ байнгын дээшээ харж толгой тархин дээр ямар нэгэн юм унаад ирэхвий гэх айдастай өөрсдийнхөө эрүүл мэнд эрх ашгийг чадах чинээгээрээ хамгаалсаар ирсэн. Тэгвэл байтлаа бүр гадна талбайд биш хэдийнээ ашиглалтанд орчихсон том том сүрлэг үнэтэй барилгууд дотор ч иргэдийг касктай явах шаардлагатай гэдгийг дараах мэдээлэл нотлох болов уу? Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны “Терранова” тасгийн дүүжин тааз нурж 3-44 насны дөрвөн хүн бэртсэн гэсэн дуудлага 04 дүгээр сарын 02-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт НОБГ-т иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн алба хаагчид очиход тус дэлгүүрийн спорт барааны хэсэгт 15х20 хэмжээтэй дүүжин тааз нурж, хоёр хүүхэд болон хоёр том хүн хөнгөн гэмтсэн байсныг гаргаж, Яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөнөөр одоогийн байдлаар ГССҮТ эмчлүүлж байгаа гэнэ. Осол гарсан шалтгаан нь “Номин фейшн” ХХК-ийн үйлчилгээний зориулалттай 1 давхар барилгын угсармал төмөр бетон нүхт хавтан хучилтад бэхэлсэн гипсэн дүүжин таазны төмөр рамыг стандартын дагуу угсраагүй, бэхэлсэн бэхэлгээг зориулалтын бус аргаар бэхэлсэн, чанарын шаардлага хангаагүй материал /тэлэгч боолт/ ашигласан. Энэ нь ашиглалтын хугацаанд олон тооны гэрэл дүүжилсэн, гипсэн таазны өөрийн жинг дийлэхгүй байсаны улмаас бэхэлгээ хэсгээрээ суларч унасан нь осол гарахад нөлөөлсөн гэдэг дүгнэлтийг  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас гаргасан байна. Улмаар “Номин фейшн” ХХК-ийн “Номин их дэлгүүр”-ийн бэлэн хувцасны /Терранова/ тасгийн үйл ажиллагааг зөрчил арилгах хүртэл хугацаагаар улсын ахлах байцаагчийн  актаар хэсэгчилэн зогсоосон байна. Тус байгууллага нь өнөөдрийн байдлаар үйл ажиллагаагаа сэргээхээр ажиллаж байгаа талаар албаны эх сурвалжууд мэдээлж байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


URL:

Сэтгэгдэл бичих