Э.Бат-Үүл хоёр дахь удаагаа хувьсгал хийхийг хүсэв үү
Улсын баатар, экс хотын мээр Э.Бат-Үүл ойрмогхоноос Ардын их хурал байгуулж, ард түмэнд алдагдсан эрх мэдлийг нь эргүүлж олгох тухай зогсоо зайгүй зурагтаар ярьж, энэ тухай нийтлэл хүртэл бичих болов. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа түүний сонгуулийн гол хөзөр гэдгийг улстөр судлаачид ярьж байна.
Э.Бат-Үүл баатарын тухайд Ардын их хурал нь УИХ-д хяналт тавих бөгөөд тэндээсээ Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийг тодруулж, даварсан 76-ын хандыг дарах гэнэ.
Мэдээж ийм зүйлийг өнөөгийн эрх баригчид хүсэхгүй нь хэнд ч тодорхой. Хэрвээ хүсэх аваас тэд эрх мэдлээ алдаж, ирэх дөрвөн жилд төсөв, тендер нэрийн дор төрийн мөнгийг хувааж идэх зорилго нь талаар болно.
Тэгвэл Ардын их хурлыг хэн дэмжих вэ. Үүнийг Э.Бат-Үүл тайлбарлахдаа, ард түмний хүчтэй дэмжлэг байхад энэ зүйл боломжтой гэдгийг итгэлтэйгээр ярих аж. Ард түмний дэмжлэг гэдгийн цаад утга нь хувьсгал хийх санаа бололтой. Яг 1990 оны Ардчилсан хувьсгал шиг.
Эрх мэдлээ алдсан Үүл Баатарт хувьсгал хийх туршлага бий. Тэрбээр нэг удаа хувьсгал хийж болсон юм чинь хоёр дахь удаагаа хувьсгал хийж, төрийг эргүүлж яагаад болохгүй гэсэн бодол тээж явдаг болохоо нуулгүй зарлах аж.
Түүний энэхүү санааг гүйцэлдүүлэх Ардын их хурал хөдөлгөөн хүртэл байгуулагджээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр Ардын их хурал хөдөлгөөн хийгээд Э.Бат-Үүлийн цаана одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санхүү, улстөрийн хүчтэй дэмжлэг байгаа гэнэ.
Р.Амаржаргал биш бол Э.Бат-Үүл гэсэн сонголт Ц.Элбэгдоржид байгаа бөгөөд энэ хоёрын аль нэгийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд сойхоор бэлтгэж байгаа гэх. Гагцхүү тэдний алийг нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг Ц.Элбэгдорж бус энэ удаад С.Эрдэнэ мэдэх тул тэд далд тохироогоо хэрхэн хийхээс энэ нь шалтгаалах учиртай ажээ.
С.Зоригийн хэрэгт нэр холбогдож, шүүх цагдаагийн хаалга татах дээрээ тулж, уйлахаас наагуур явсан Э.Бат-Үүл саявтархан, “С.Зоригийн хэргийг шударгаар шийдвэрлэсэн Ерөнхийлөгч найздаа баярласан талархсанаа” хэвлэлээр дайсан байна билээ.
С.Зоригийн гэх тодотголтой аллагын хэрэг ийнхүү нэг тийш болсон нь олон жилийн турш уг хэрэгт хардагдаж сэрдэгдэж ирсэн Э.Бат-Үүлийн тухайд буруугүй гэдгээ нотлож, нэр төрөө цэвэрлэж авах сайхан боломж. Энэ шалтгаанаар тэр Ерөнхийлөгчид талархсан болов уу.
С.Зоригийн гэх хэргээс гадна түүний нэр төрийг сэвтүүлсэн өөр нэг “эвгүй сэдэв” бий. Тэр бол Чулуудайн оффшор данс. Харин хүү Чулуудай нь алсдаа Ардын их хурал байгуулах, Ерөнхийлөгчийн суудалд суугаад үзчих санаархалтай Ардын баатар аавынхаа замыг засах үүднээс хэвлэлд хандав.
Тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр, “Намайг 480 тэрбум төгрөгийг далдалж нуусан гэсэн мэдээлэл гарсан. 480 тэрбум төгрөг байтугай 480 төгрөг гадаад руу гүйлгээ хийсэн тохиолдол надад байхгүй. Хэн нэгэн баримт нотолгоотой юм ярьвал би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Би бол офшор бүсэд ямар нэг данс нээгээгүй. Офшорын компани бол байгуулсан” хэмээн ярьжээ. Ямартай ч энэ бол Б.Чулуудайгийн зүгээс аавынхаа нэр төрийг цэвэрлэх гэсэн алхам болох нь тодорхой юм.
Энэ бүхнээс үзвэл Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, эрх мэдлийг дахин олж авахаар нэгэнт шийдсэн бөгөөд хэрвээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол хүсээд байгаа Ардын их хурлаа байгуулж, хоёр дахь удаагаа хувьсгал хийхийг оролдож таарах болов уу. Харин ард түмэн түүнд итгэдэг болов уу, яадаг бол.
Н.Түвшин
Цензургүй.мн
URL: