Хамтарсан гэрээг халтуурдаж байна

204624-04042017-1491290830-1374204409-afwfawfgghМонголын 21 аймгийн 18-д нь уул уурхайн компаниуд олборлолт хийж байна. Нэг сумын нутаг дээр нэг биш, нэлээд хэдэн уурхай ажиллах нь ч бий. Тухайлбал, зөвхөн Төв аймгийн Заамар суманд 20 гаруй аж ахуйн нэгж уул уурхайн олборлолт явуулж байна.

Харин орон нутгийн хөгжил ямар төвшинд байгааг бид мэднэ. Засгийн газар ярихдаа төсвийн мөнгө хүрэхгүй байна, зах зээл байхгүй, боловсон хүчин дутмаг, дэд бүтэц сул, хүрч ажиллахад хэцүү гэх мэтээр олон зовлон тоочдог. Гэхдээ Монгол шиг улсад орон нутгийг хөгжүүлэхэд заавал төрийн хөрөнгө биш, тэнд ажиллаж буй аж ахуй нэгжүүдийн боломжийг ашиглах боломж өргөн.

Төр засаг үүнийг ойлгодоггүй биш, ойлгодог. Гэвч аливаа шийдвэрийнхээ араас хяналт тавьдаггүй учраас орон нутаг дахь уул уурхайн компаниуд орон нутагт өгөөж муутай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 42.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана” гэсэн заалт бий.

Энэхүү заалтын хэрэгжилт орон нутагт ямар байгааг судлахаар Нээлттэй нийгмийн хүрээлэн, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн санаачлан нийслэл болон орон нутгийн байгаль орчны ТББ-ууд найман аймагт ажиллаж буй 10 компанийн сумын захиргаатай хийсэн хамтын гэрээнд мониторинг хийжээ.

Мониторингийн үр дүнг өчигдөр олон нийтэд танилцуулав. Мониторингийн дүнгээс харахад гэрээ байгуулах процесс нь ч тэр, гэрээ нь ч тэр хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан загвар гэрээний шаардлагад нийцэхгүй байна. Зарим суманд бүр гэрээний эх хувь хаана байгаа нь мэдэгдэхгүй бөөн эрэл сурал болжээ. Дээрх 10 компанийн есөд нь орон нутгийн захиргаа, тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондоо гэрээ байгуулахдаа иргэдийн санаа бодлыг асууж хэлэлцүүлэг явуулаагүй тохиолдол гарчээ.

Сумын удирдлага гэрээ байгуулах ажлын хэсэг гаргасан тохиолдол байгаа ч бүрэлдэхүүнд нь иргэд, иргэний нийгмийн төлөөллийг оруулаагүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын удирдлага Ханшашир ХХК-тай гэрээ байгуулахдаа иргэдийг огц оролцуулалгүй шууд байгуулжээ. Өмнөх жилийн гэрээгээ дүгнэлгүй шууд дараагийн гэрээ байгуулах нь түгээмэл байна.

Нөхөн сэргээлт хийгээгүй байтал ус, газар ашиглах гэрээг дахин олгодог. Иргэдэд тарааж буй тайлан мэдээ ч байхгүй. Нэгдүгээрт, орон нутгийн иргэд хамтын гэрээний талаар ойлголт муу, хоёрдугаарт, гэрээ байгуулаагүй, эсвэл гэрээг шаардлагын дагуу байгуулаагүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт байхгүй нь хяналтгүй байдлыг улам дэвэргэж байна.

Хамтын гэрээнд орон нутгийн удирдлагын гүйцэтгэж буй үүрэгт “маш муу” гэсэн дүн тавихаар байна. Зарим гэрээнд “арай ч дээ” гэмээр нөхцлүүд тусгажээ. Жишээ нь, орон нутгийн захиргаа компанийн үйл ажиллагааг сурталчлах үүрэг хүлээсэн, байгаль орчныг хамгаалах талаар шаардлага гаргах эрхээсээ татгалзсан заалтуудыг гэрээндээ тусгасан тохиолдлууд гарчээ. Үүнээс ч илүү хачирхалтай тохиолдол бий. 2014 онд нэгэн сумын Засаг дарга Хятадын компанитай нийгмийн хариуцлагын гэрээ байгуулахдаа “Энэ компанийн үйл ажиллагаанд ЗДТГ-ын зөвшөөрөлгүй ямар нэгэн шалгалт хийхийг хориглоно” гээд монгол, хятадаар биччихсэн байсныг АТГ шалгаж илрүүлсэн хэрэг гарсан билээ.

Орон нутагт олборлолт явуулж буй тусгай зөвшөөрөлтэй компаниудын талаар сумын удирдлага байтугай улс өөрөө ч бүрэн мэддэггүй аж. Гэрээний үндсэн зорилго нь орон нутгийг хөгжлийг дэмжих ёстой ч компаниас суманд өгч буй мөнгийг голдуу наадмын бай, талбай тохижуулах, гэрэлтүүлэг тавих, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга засварлахад зориулж байна.

Гэвч энэ бол Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжих ёстой тусдаа зардлууд. Мониторинг хийсэн 10 гэрээнд “бололцоотой бол”, “шаардлагатай бол”, “дэмжлэг үзүүлнэ”, “санаачилга гаргана”, “сайн дураар хэрэгжүүлнэ” гэх мэт үнэлж, хэмжих боломжгүй, нэг үгээр хэлбэл, “биелүүлэхгүй ч байж болох” заалтууд орсон нь элбэг байжээ.

Хамтын гэрээ байгуулахад цаашдаа төр засгаас анхаарч зохицуулах ёстой процедурын асуудал ч байна. Жишээ нь, Төв аймгийн захиргаанаас Заамар сумын удирдлагад нийт 21 компанитайгаа дөрөвхөн хоногийн дотор гэрээ байгуул гэсэн даалгавар өгчээ. Энэ тохиолдолд олон нийтийн хэлэлцүүлэг явуулах тухай яриад ч хэрэггүй.

10 гэрээнээс бусдадаа үлгэр жишээ нь болохуйц нь Оюу-Толгой компанийн Өмнөговийн удирдлагатай хийсэн гэрээ юм. Хэдийгээр олон нийтийн оролцоог хангах тал дээр дутагдалтай ч Оюу-Толгой компани тусгай сан байгуулан 10-12 тэрбум төгрөг төвлөрүүлж орон нутгийн хөгжилд зориулдаг байна. Ингэхдээ 2015-2033 он хүртэл орон нутагт хөрөнгө оруулах төлөвлөгөө боловсруулжээ.

Одоо яах вэ? 
Ямартаа ч ийнхүү анх удаа мониторинг хийсэн нь орон нутаг дахь уул уурхайн үйл ажиллагааг нээлттэй болгох анхны том оролдлого болов.

Мониторингийн үр дүнг хэлэлцэхэд оролцсон салбарын мэргэжилтнүүд арга хэмжээний төгсгөлд зарим нэгэн гарц шийдлийг санал болгов. Эхлээд, “компани, орон нутаг хоёр хамтарч ажиллана” гэж юу болохыг нэг мөр тодорхойлж, нэгдсэн зарчмын ойлголтыг талуудад өгөх хэрэгтэй аж. Орон нутгийн удирдлагын чадвар сул, иргэд мэдээллээр хомс учраас шаардлагад нийцэхгүй гэрээ байгуулдаг. Тиймээс гэрээ байгуулах үед хууль зүйн болон мэргэжлийн зөвлөмж өгдөг процессыг нэмж оруулах ёстой гэж мэргэжилтнүүд үзлээ. Мөн гэрээг байгуулахдаа тухайн орон нутгийн онцлог, хөгжлийн бодлоготой уялдсан заалтууд тусгах хэрэгтэй гэлээ.

Г. Даваадорж

Mongolian economy


URL:

Сэтгэгдэл бичих