Өмнөд Солонгос: Умард Солонгос үл мэдэгдэх пуужин харвалаа
БНАСАУ өнгөрсөн лхагва гарагт үл мэдэгдэх пуужин харвалаа гэж Өмнөд Солонгосын цэргийнхэн мэдээллээ.
Пуужинг Умардууд зүүн эргийнхээ Симпо боомт хотын районоос Япон тэнгисийн зүг харвасан гэж мэдээлснийг Reuters агентлаг дамжуулжээ. Өмнөд Солонгосын цэргийнхэн үүнийг баллистик пуужин байсан гэж үзэж байгааг Yonhap агентлаг мэдээлсэн байна.
Энэ мэдээллийг Японы Батлан хамгаалах яамныхан баталж байгааг японы Kyodo агентлаг мэдээлжээ.
АНУ-ын Номхон далайн цэргийн командлал ч пуужин харвасан тухай мэдээлээд Умардын пуужин Япон тэнгист унасан гэсэн байна. Энэ мэдээлэлд умардын пуужинг дунд тусгалын KN-15 баллистик пуужин байсан гэжээ.
Ийн пуужин харвасан нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд ТРамп, БНХАУ-ын дарга Си Зиньпин нарын удахгүй болох уулзалтаар БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн талаар ярилцах гэж байгаагийн өмнөхөн боллоо.
Удирдагч Ким Чен Ун төрийн эрхэнд гараад таван жил болоход БНАСАУ гурван удаа цөмийн туршилт хийсэн бол баллистик пуужинг удаа дараа харваж байгаа юм. Тус улс тив алгасах баллистик пуужин бүтээх ажлынхаа сүүлийн шатанд орсон гэж өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдсэн юм.
Эх сурвалж: www.assa.mn
URL: