“MCS”-ийн Ж.Оджаргал, эрхэм гишүүн А.Сүхбат, гишүүн асан Л.Гүндалай тэргүүтнээс газрын төлбөр нэхье!
Манай сайт өмнө нь “Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нар Валютын сангийн нэр барьж залилан хийхээ зогсооно уу!” нэртэй нийтлэлийг уншигчдадаа хүргэсэн. Нийтлэлд олон нийтийн анхааралд хүчтэй өртөж байгаа тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлэх эрх баригчдын төлөвлөгөөний ард шимтгэл төлөгч иргэдийн нэрийн дансанд цугларсан байх ёстой мөнгийг үе үеийн Нийгмийн хамгааллын сайд нар улсын төсөв, урсгал зардал руу гулгуулж, хэдийнэ хоосолчихоод Валютын сангийн нэр барьж иргэдээ золигт гаргахаар шийдсэнийг илчилсэн.
Манай улсын төсөв, санхүүгийн хямрал нь ажил бизнес эрхэлж, татвараа шударгаар төлсөөр ирсэн иргэд, бизнес эрхлэгчдээс бус улстөрчдийн популист бодлого, эрээ цээргүй авлига, нийтийн өмчийг цөөнх завшдаг тогтолцоог өөгшүүлж ирснээс үүдэлтэй.
ОУВС манай дарга нарыг төсвийн орлогоо нэмэгдүүл, зарлагаа хорогдуул гэж шахаж байгаагаас биш тусгаар улсын парламентад шийдэх эрх мэдэл нь хадгалагддаг баахан татварыг Б.Чойжилсүрэнгийн ухуулаад байгаа шиг яаралтай нэм, иргэдээ 65 нас хүртэл нь тэтгэвэрт битгий гарга гэж тулган шаардаад байгаа нь юу л бол?
Уг нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бий болгохыг хэдэн жил уриалж байгаа ухаалаг төр манайд төлөвшсөнсөн бол иргэдийнхээ бүсийг чангалах бус, дарга ангийн хангамжийг танах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжит эх үүсвэрүүдийг дайчлахад юун түрүүн анхаарах учиртайсан.
Харамсалтай нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар хураахад хамгийн амраар нь иргэд цалингаасаа төлдөг хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар, нийгмийн даатгалын шимтгэлийг тус тус нэмэгдүүлэхээр УИХ-д санал болгоод байна.
Хэдэн жилийн туршид авдаг цалин нь нэмэгдээгүй иргэдийнхээ түрийвчийг суйлахаас өөр гарц Засгийн газарт байхгүй гэж үү?
Байна аа.
Төсвийн орлогыг нэмэгдүүлэх маш том боломж бол Монгол Улсад газар хувьчлалын асуудал эрхзүйн хувьд шийдэгдээгүй байхад төв, орон нутгийн газрын байцаагчдыг хахуульдах замаар бүхэл бүтэн уул, хэдэн арван га газар, гол, нуурын үзэсгэлэнт эрэг, хөвөөг газар эзэмших нэрийн дор аль хэдийнэ хууль бусаар хувьчлан авчихаад байгаа олигархиудад өндөр татвар ногдуулах шийдэл юм.
Нийслэл болон төв суурин газруудад хамгийн ашигтай байрлалд хэний ямар шийдвэрээр олгосон нь үл мэдэгдэх, энд тэндгүй хашсан газруудын эрхийг цуцалж, хуулийн дагуу дуудлага худалдаагаар оруулах, чаддаггүй юм гэхэд хууль бус газрын эздээс чинээнд нь тултал татвар хураах боломж байна.
Төв аймагт гэхэд л УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтнүүд Богд уулын урд бэлд өчнөөн га газар буга үржүүлэх нэрийн дор хашиж аваад удаж байна. Нийслэлийн хойд талын Яргайтын зуслангийн төгсгөл уулын амыг MCS-ийн удирдлагын хэдэн гэрийнхэн хашиж аваад харуул хамгаалалт гарган эзэн суусаар цөөнгүй жилийг үджээ.
Монголын Швейцарь гэгддэг Хөвсгөл далайн эрэг хөвөөнд тус аймгийн Засаг дарга асан Л.Цэрэнжав, иргэний нисэхийн Хангарьд компанийн захирал Л.Сэргэлэн, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нарын эрхтэн дархтнууд газрын хувьчлал явагдаагүй байхад аль хэдийнэ эзэн суучихаад далай ээжээ үзэхээр очсон жирийн иргэдэд хоног төөрүүлэх майхнаа босгох ч боломж өгөхгүй, төлбөр ялбар нэхдэг болсон байна.
Дээр нэр дурдсан хүмүүс газар эзэмшигчийн хувьд орон нутгийн төсөвт эрх биш мөнгө төлдөг биз ээ. Гэхдээ энэ дэлхий дээр хамгийн үнэтэй байдаг газрын төлбөрийг манайд нэр төдий л тогтоогоод өөрчлөлгүйгээр бүтэн 20 жил өнгөрчээ.
Засгийн газрын 1997 оны 152 дугаар тогтоолоор Газрын үнэлгээг тогтоосноос хойш огт индексжүүлэлгүй 20 жил царцаасан нь төсвийг асар их алдагдалд оруулж байгаа нь үнэн. 1997 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 12 мянган төгрөг, улсын төсвийн орлого 200 тэрбум төгрөг байсан бол 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг, улсын төсвийн орлого 6 их наяд төгрөг болж 20-30 дахин нэмэгдсэн байна.
Гэтэл эрхтэн дархтнуудын хашиж авсан газрын үнэлгээнд суурилсан газрын төлбөр 1997 оны түвшинд байгаагаас дээрх жишгээр тоймловол улсын төсөв жил бүр 1.8 наяд төгрөгийн орлогоо алдаж байгаатай маргах аргагүй юм. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд аа, Б.Чойжилсүрэн, Н.Номтойбаяр нарын ойрын зайн улстөрчдийн ятгалгад авталгүйгээр иргэдээ бодож тэтгэврийн насыг цаашлуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэх санаархлаа зогсоож, шинэ цагийн газрын эзэд – помещикуудаас зах зээлийн зарчмаар боломжит татвар авч төсвийн орлогоо нэмэгдүүлэхийг Politik.mn сайт Танд санал болгож байна.
POLITIK
URL: