“Ганц цоохор цаас чулуудаад л уурхайг чинь хаалгана” гээд 44 саяыг гаргуулж чадсан Мэргэжлийн хяналтын дарга, МАХН-ын гишүүн хэн бэ..

index(61)Энэ өдрүүдэд МАХН-ын экс гишүүн, МАН-ын одоогийн гишүүн Д.Тэрбишдагвын “Зааг” гэдэг номын нээлт өргөн дэлгэр, ёс төгөлдөр сайхан болж байна. Нээлтээс харахад нь ач холбогдол нь номондоо бус харин зохиогчдоо байгаа мэт сэтгэгдэл төрөх нь гишүүнийг булж байгаа магтаалын үгсээс харагдсан. Нэг хэсэг МАХН-ынхан Мэргэжлийн хяналт гэдэг том бас “аймаар” байгууллагыг “атгаж” байлаа.  Бараг л шавсан гэхэд болно. Энэ нь МАХН-ын гишүүн Д.Тэрбишдагва Шадар сайд болсоноос улбаатай. Харин энэ үед “цэргүүд” нь хэрхэн бужигнуулж байсан тухай зэс нь одооноос цухуйж байна. Цагтаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар ажиллаж байсан Х.Мөнхбат нь аймгийнхаа Уянга сумын “Өлтийн Уурхай” гэх газарт алт олборлох үйл ажиллагаа явуулдаг  “Эх нутгийн буян”-ы захирал Д.Давааноров, “Эрдэнэсийн ордон”-ы захирал Т.Тулгабат, “Өлтийн Буян”-ы  захирал П.Мэндбаяр нарыг “ганц цоохор цаас шидэхэд та нарын уурхай хаагдана” гэж айлгаад 44 сая төгрөг авчихсан хэрэгт буруутгагдсан. Ганц цоохон цааснаас айдаг гурван захирал нь өөрсдөө алдарт урт нэр хуулиар хориглосон бүсэд алт ухаж байснаараа даргын “нээнтэгд” нь орсон байжээ. Болсон явдлын тухай өгүүлэхэд дарга өөрөө уурхай дээр нь давхиж очжээ. Өмнө нь Ганчимэг, Хишигт нарын байцаагчид нь шалгалт хийсэн ч илтгэх хуудсанд нь “тодорхой зүйл” байсангүйд тодруулах гэж очсон бололтой. Даргын гадаад төрх ч сүртэй гэнэ. Өндөр биерхүү бас нэлээд ширүүн байрын хүн байсанд захирлууд хараад л сүрджээ. Ирэнгүүтээ гурван компаний нийт дөрвөн экскаваторыг карьер дотроос нь гаргаад бүгдийг нь парклаад тавиулж лацадсан гэнэ. Ингээд “намайг дагаад АУМ алт компаний байр луу алхаад марш” гэжээ. Энэ компаний захирал Ш.Мягмардорж нь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Онги гол” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Н.Гантулга нарыг гүтгэсэн хэрэгт унаж байсныг уншигчид санаж байгаа байх.

“АУМ алт” компаний байранд очоод “Эх нутгийн буян”-ы захирал Д.Давааноров даргатай орж уулзсан бол нөгөө хоёр нь гадаа хүлээж байжээ. Дарга  “би ганц цоохор цаас шидээд л уурхайнуудыг чинь хаалгана, үйл ажиллагааг чинь зогсооно” гэж сүрдүүлээд “та гурав нийлүүлээд 100 сая төгрөг өг, би МАХН-ын гишүүн, хагасыг нь намдаа өгнө, хагасыг нь өөрөө авна” гэж хэлсэн гэнэ. Дараа нь дарга ингэж хэлээгүй хэмээн мэлзсэн ч гурван захирал хэлсэнийг нь баталсан мэдүүлэг өгсөн. Гэнэтийн тулгалтанд мэгдсэн Д.Давааноров “бид дөнгөж гарч ирээд байна, алтаа угааж ч эхлээгүй байна, 20 саяыг өгч болох уу” гэхэд “үгүй ээ, тэгвэл 50 саяыг өг” гэж тулгажээ. Уулзалтаас гарч ирээд хэлсэнийг нь дамжуулахад уурхайгаа хаалгах нь гэж айсан гурав тэр дороо “шуурхай” зөвлөгөөн хийжээ. Дарга үнэхээр ганц цоохор цаас шидээд л уурхайнуудыг нь хаалгачихвал тэд өр зээлэнд унаад балрахаар байсан гэнэ. Тухайн жил ажилд оройтож гарсан тул богино хугацаанд зардлаа нөхөж ашиг олохоор өдөр шөнөгүй шахам зүтгэж байжээ. Ажлын явцад шатахуунаас эхлээд олон төрлийн зардлыг зээлээр авдаг аж. Олсон алтаа зарж зээлээ төлөөд ахин зээл авч дараагийн олборлолтоо эхлүүлдэг байсан хэмээн захирлууд үнэнээ өчсөн. Уурхайгаа яаж ч байсан хаалгаж болохгүй гэсэн гурав дундаасаа мөнгө нийлүүлж өгөхөөр шийджээ. Ингээд 50 саяыг нэхсэнээс  П.Мэндбаяр таван саяыг, Т.Тулгабат 14.6 саяыг өгч үлдсэн мөнгийг нь Д.Давааноров гаргажээ. Тэд авлигалдаж байгаагаа мэдсэн ч уурхайгаа хаалгавал бөөн өрөнд унаад бүр ч балрах байсан тул айсандаа л өгчээ.  Гэхдээ хэдий оройтож гарсан ч бэлэн мөнгөтэй байсан гэнэ. Уянга сумын Өлтөд ажиллаж байгаа уурхайнууд 5-10 сая төгрөгний алтыг нэг их зүдрэхгүй олчихдог. Харин Д.Давааноров ихэнхи мөнгийг ганцаараа гаргасны тухайд эхнэр нь ШТС ажиллуулдаг байжээ. Тэднийх Өвөрхангай аймгийн төвд нэг, Уянга, Хайрхандулаан сумдад нэг, Бат-Өлзий суманд  хоёр ч ШТС-тай гэнэ. Өлтийн алтны компаниудын шатахууныг нийлүүлдэг тул орлогоор тасардаггүй, уурхайнууд зээл авч төлөөд ахин зээл авах зэргээр борлуулалт орлого үргэлжилдэг. Д.Давааноров  нь аймгийн МХ-ын дарга ганц цоохор цаасаар айлгаад мөнгө нэхээд байна гээд эхнэрээсээ орлогийг нь хуу хумаад аваад явсан нь 29 сая төгрөг болжээ. Ингээд 44 сая төгрөг бэлдээд  даргад эхлээд 15, дараа нь 29 саяыг өгсөн гэнэ. Харин дарга мэдээж мөнгө авсанаа хүлээгээгүй, харин ч гүтгүүлж байна хэмээн мэдүүлсээр ирсэн. “АУМ алт” компаний байранд Д.Давааноровтой уулзсанаа хүлээсэн ч мөнгөний тухай яриагүй, таван минут ярилцаад л хөөгөөд гаргасан гэнэ. Мөн тухайн үед МХЕГ-ын дээд удирдлагууд нь “хяналт шалгалт хийхдээ цаад байгууллагаасаа дэмжлэг туслалцаа авч бай” гэсэн чиглэл өгдөг байсан аж. Гэхдээ дэд даргаар ажиллаж байсан Эрдэнэбилэг нь ийм чиглэл өгөөгүй хэмээн үгүйсгэжээ. Ер нь МАХН-ын дээд удирдлага төрийн албанд орсон гишүүдээсээ намын хүчээр явааг нь сануулж мөнгө нэхдэг байсан. Гишүүн байсан Л.Цог нь Энхбаяр дарга надаас нэг сая доллар нэхсэн хэмээн шуугиан тарьж байлаа. Албан өрөөндөө авлигал аваад баригдсан сайд асан Г.Шийлэгдамба намын даргынхаа шахалтаар мөнгө авсанаа хүлээсэн гэдэг.

НУУЦ.мн


URL:

Сэтгэгдэл бичих