Хөгжлийн банкны шинэ захирлууд банкныхаа хөрөнгөнд ГАР ДҮРЖ 2 сая шахам төгрөгөөр золголт хийж, 7 сая төгрөгөөр ГИШҮҮД-ийг дайлжээ!
Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудын луйврын асуудал хуулийн дагуу шийдэгдэж, нэг тийш болоогүй байхад, одоогийн удирдлагуудтай холбоотой анхаарал татсан мэдээллүүд эрхэм танд хүрэх гэж байна. Уг нь засгийн тэргүүн хэлэхдээ элдэв баяр наадмыг төр түмний мөнгөөр тэмдэглэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн. Тэгвэл Хөгжлийн банкны удирдлагуудад энэ нь хамаагүй бололтой. Учир нь Хөгжлийн банкны удирдлагууд Алтан унжлагат тахиа жилийн золголтын арга хэмжээнд зориулж 1 824 000 төгрөгийг банкнаасаа гаргажээ. Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын тушаал гэсэн толгойтой албан бичиг дээр Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирал Ч.Энхбат 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр А/31 тоот тушаалаар гаргаж, гарын үсэг зуржээ.
Тэгэхээр энэ асуудалд Б.Батбаяр, Ч.Энхбат гэсэн хоёр удирдлага хоёулаа холбоотой гэж ойлгоход хүрч байна. Уг нь Б.Батбаяр захирал хэлэхдээ хууль зөрчихгүй л гэж байсан. Гэвч ингээд шинэ удирдлагуудын зэс цухуйгаад эхэллээ. Ч.Энхбат захирлын тухайд бас л том толгойтой нэгэн гэдгээ харуулаад авсан. Хөгжлийн банкны тухай хуулийг хэлэлцэж байх үед, анхаарах асуудал байна гээд Ч.Хүрэлбаатар хэлээд байхад, Ч.Энхбат харин хуулийг хурдан батлах хэрэгтэй гэж хэвлэлээр том дуугарсан удаатай.
Тэгвэл нөгөө том дуугардаг Ч.Энхбат захирал Хөгжлийн банкны хуулийг батласантай холбоотойгоор хуулийн төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүд болон УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн гишүүд Монголбанк, Сангийн яамны хүмүүсийг Туушин ХХК-ийн Прайм ресторанд хүлээж авахад шаардагдах 6 сая 792 мянга 900 төгрөгийг мөн гаргажээ. Энэ мөнгө мэдээж Хөгжлийн банкны хөрөнгө. Тэгэхээр тус банкны удирдлагууд банкны хөрөнгөөр ёстой нэг дургиж байгаа нь харагдаж буй.
Б.Батбаярын тухайд бас л адармаатай. Засгийн хуралдаанаар Хөгжлийн банкны захирлыг томилох эсэх асуудлыг хэлэлцээд, хэдийнэ захирлаар ажиллаад эхэлчихсэн байсан Б.Батбаярыг захирлаар томилох шийдвэр гаргасан. Үндэслэлээ “Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв.” гэжээ. Тэгэхээр хэдийнэ захирлаар ажиллаад эхэлчихсэн Б.Батбаяр гэгч нь хэзээдээ хэнтэйгээ өрсөлдөөд сонгон шалгаруулалтад ялалт байгуулчихсан юм, бүү мэд. Өөрөө өөртэйгөө л өрсөлдөө юу гэлтэй. Тиймээс ч түүнд хандан тийм асуултыг тавихаас өөр аргагүйд хүрч байв.
Тодотгоход, Хөгжлийн банкны шинэ захирал Б.Батбаяр өмнөх захирал Н.Мөнхбатыг төдийлөн буруутгахгүй байгаагаа хэвлэлд илэрхийлсэн байсан. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа бүх асуудал хууль эрх зүйн орчинтой холбоотой гэжээ. Мөн тэрбээр Хууль зүй дотоод хэргийн дэд сайдын хэлж ярьсныг ч үгүйсгэх янзтай байна. Б.Энхбаяр дэд сайд хэлэхдээ “Хөгжлийн банкинд хийсэн хамтарсан шалгалтаар нийтдээ 1.3 их наяд төгрөгийн асуудлыг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлж байгаа” гэж байсан. Тэгвэл Б.Батбаяр “Алдагдал энэ хэмжээнээс бага. Ханшийн болон хүүгийн эрсдэлтэй зээл авснаас болоод багагүй алдагдал хүлээсан тохиолдлууд бий. Тухайлбал, иенийн бондын ханшийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг цаг хугацаанд нь аваагүйгээс шалтгаалан бондын бодит зардал нь 40-50 хувийн өртөгтэй байгаа. Мөн 11-12 хувийн өртөгтэй ам.долларын зээл аваад 6-7 хувьтай дамжуулан зээлдүүлж хүүгийн алдагдал хүлээж байсан тохиолдлууд ч гарсан. Дээрээс нь зээлийн чанар муудах гэх мэт олон хүчин зүйлс алдагдалд нөлөөлж байна” гэсэн байдаг.
За харин нэлээд хэл амтай газарт удирдлагаар очсон тэрбээр экс удирдлага шигээ элдэв асуудалд орох вий гэдэг асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхдээ “Хувь хүнийхээ хувьд надад ямар нэгэн болгоомжлох, айх асуудал алга. Хардлага сэрдлэг байж болно, гэхдээ асуудал гарч болзошгүй цоорхойг нөхөх нь хамгийн түрүүнд хийх ажил гэж бодож байна. Энэ хүрээнд банкны хууль эрх зүйн орчинг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Хууль эрх зүйн орчин, засаглалаа сайжруулаагүй тохиолдолд хэн ч Хөгжлийн банкны захирлаар томилогдлоо гэхэд бусдын хардлага сэрдлэг гарсаар байх болно.Яагаад гэвэл Хөгжлийн банк бие дааж өөрийн зарчим, зорилгод нийцсэн шийдвэрээ гаргахаас илүү улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрүүдийг биелүүлж ажилсан. Эндээс нэг сөрөг үзэгдэл харагдсан л даа. Хөгжлийн банк өөрийн бүрдүүлсэн эх үүсвэрээс даруй хоёр их наяд төгрөгөөр илүү гарсан төслийг санхүүжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан байдаг юм билээ. Энэ дотор хуульд нийцээгүй ч шийдвэрүүд гарсан нь эхнээсээ шүүх дээр тогтоогдоод цуцлагдаж эхэлж байна. Тиймээс тухайн төслийн захиалагч болон дээрээс өгсөн даалгавраар Хөгжлийн банк өөртөө байхгүй мөнгөө өгнө гээд зээлийн шийдвэр гаргаад эдийн засагт хүлээлт үүсгэчихсэн байна.
Хөгжлийн банкны хууль эрх зүйн орчин бүрэн бус байгаатай холбоотой. Ямар зээлийг санхүүжүүлэх вэ, өөрийн хөрөнгөний хэдэн хувьтай тэнцэх зээл гаргах ёстой вэ, төслийн сонгон шалгаруулалтыг яаж хийх вэ, үнэлгээг хэрхэн бодитой тооцох вэ, УИХ, Засгийн газартай ямар нөхцөлөөр ажиллах ёстой вэ гээд шийдэх асуудал олон байна. Нэг ёсондоо УИХ, Засгийн газрын мөнгө өг гэсэн төсөл болгоныг санхүүжүүлэх ёстой юу гэдгээ хуулиар тов тодорхой болгох ёстой л доо. Ийм байдлаар санхүүгийн хүндрэлд орж татан буугдаж, шинэчлэгдэн байгуулагдаж байсан олон улсын хөгжлийн банкнуудын жишээ цөөнгүй байдаг. Хүсэлт гаргасан хүн болгонд хяналтгүй мөнгө өгсөөр байгаад Хөгжлийн банк өөрөө хүнд байдалд орсон байна. Тиймээс хууль эрх зүйн орчноо тов тодорхой болгох ёстой. Банкны ажлыг аваад хуулийн төслийг шинэчлэх талаар саналаа боловсруулаад бэлэн болгосон. Одоо Сангийн яаманд хүлээлгэж өгнө. Одоо боловрсуулсан байгаа хэлбэрээрээ УИХ-аар батлагдсан тохиолдолд Хөгжлийн банкны засаглал сайжирна, үйл ажиллагаа нь тодорхой болно, дунд хугацаанд хөрөнгө оруулагчдад нээлттэй болох юм. Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ оролцоо ямар байх вэ, Засгийн газрын оролцоог хэр байлгах вэ, төслийн сонгон шалгаруулалтын зарчим, эргэн төлөлтийн нөхцөл ямар байх вэ гэх мэт олон асуудал хуульчилагдан шийдсэний дараа хариуцлагын тогтолцоо ч амар болно.” гэхчлэн хэлж ярьсан байдаг.
Б.Батбаярын тухайд Н.Мөнхбат шиг улстөрчдийн утсан хүүхэлдэй болчихгүй байх хууль эрх зүйн орчин эхлээд хэрэгтэй гэж ойлгогддог. Тэрбээр өөрийгөө хэн нэгний хүн биш гэж хэлсэн байна лээ. Тийм бол мэдээж сайн хэрэг. Бас тэр өөрийгөө “Хөгжлийн банкны хувьд шинэ хүн биш. Хөгжлийн банкийг анх үүсгэн байгуулахад би гар бие оролцож явлаа. Тэр үед би Сангийн яаманд Санхүүгийн бодлогын газрын дарга хийдэг байсан юм. Анх Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг боловсруулалцаж, үүсгэн байгуулагдахад анхны дүрэм, журмыг боловсруулж, тодорхой хугацаанд Хөгжлийн банкны ТУЗ-ийн даргаар ч ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны анхны бондыг олон улсын хөрөнгийн зах зээлд арилжиж, мөнгө босгох ажлыг ч хариуцаж явлаа. Харин ч анхны шанг нь тавилцаж, таталцаж явсан хүний хувьд таван жилийн дараа эхлүүлсэн том ажлынхаа бодит байдалтай танилцах бололцоо олдсон гэж харж байна. Түүнээс том банкны захирал болчихлоо гээд баярлаад байсан юм алга.” гэж ярьсан байдаг.
Үнэхээр л тийм л байсан бол тэгээд хууль зөрчихгүй байхыг бодмоор юм. Хөгжлийн банкны нэртэй өр шир тавьж олж ирсэн мөнгийг үрэн таран хиймээргүй л байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
URL: