Кондукторт өшиглүүлж замын голд үлдсэн жаалууд

Нийслэлийн гудамж, буудлуудад хүч түрэн орж ирдэг том оврын автобуснууд үдшийн 21 цагаас хойш цөөрөөд ирдэг. Гэсэн ч иргэд горьдлого тавин хүлээж зогссоор хамаг цаг заваа барах нь бий. Ингэж   тэд хоорондоо тохирсон маягтай өнөө жижиг оврын микро автобусанд зайгаа тавиад өгчихөж байгаа юм. Харин өнөөдүүл нь нэг, бүр гурван ч буудал явсан адилхан 500-700 төгрөг нэхэж зорчигчдыг хөөж буулгачих нь холгүй “дарамталдаг”. Нийтийн тээврээр зорчигчид ийнхүү микроавтобусны жолооч, кондукторт дээрэлхүүлэх зуур ажлын цаг нь дуусаагүй том оврын автобусныхан хажуугаар сүнгэнэтэл явж өнгөрөх нь цөөнгүй.

Өдгөө нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд том оврын автобусаар үйлчилдэг 25 аж ахуй нэгж байдаг аж. Эдгээр аж ахуй нэгжийн автобус нийлээд мянга хол давдаг ч өдөрт том оврын 800 автобус нэг зэрэг үйлчилгээнд явдаг байна. Үлдсэн 200 нь ээлжээ хүлээгээд байх жишээний. Гэтэл нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобусны жолооч, кондукторын иргэдэд үйлчилж байгаа харьцааны соёл маш муу. Иргэдийн хувьд нийтийн тээвэр тэр тусмаа автобусаар зорчино гэдэг нэлээд дарамт болжээ. Иргэд автобусны хаалганы шатанд хөлөө тавьж ч амжилгүй өнөөх нь хөдөлдөг, дээр нь нэмээд ааш муутай кондуктор угтдаг болохоор үйлчлүүлэгчид юу ч хэлээд нэмэргүй.

Угаасаа автобусны кондукторууд хэзээ үйлчлүүлэгчийн үгийг сонсдог байлаа даа. Үг дуулах нь бүү хэл, автобус дотроо дүүжлэгдэх шахам яваа нэгэн цүнхнээсээ хэтэвчээ гаргаж мөнгөө өгөх хооронд кондукторт элдвээр зүхүүлж байгаа нь тэнд зорчиж яваа бусдад их тээртэй. Үүнийг хараад бухимдахгүй байх аргагүй. Ядаж байхад өнөө кондукторууд зорчигчийг элдвээр хэлж доромжлохоос гадна ад үзэж нааш, цааш түлхэж чичилдэг нь бүр ч дарамттай. Хараад дуугүй суух аргагүй ч юм хэлээд нэмэргүй гэдгийг ойлгосон. Бараг өөрөө ч хөөгдөж, олны дунд мөн л элдвээр хэлүүлэх нь энүүхэнд. Бүр кондуктор автобуснаас чирээд буулгачихдаг юм билээ.

Чаддагаараа дунд сургуулийн бага насны хүүхдүүдийг дээрэлхэхдээ гаргуун юм гээч. Ийм явдалтай өнгөрсөн баасан гаригт таарав. “Өнөр хороолол” гэсэн бичигтэй зургаан номерийн автобусанд суугаад явж байлаа. Гэтэл сургуулийн насны 6-7 хүү “Саппоро”-гийн ард талын буудлаас суув. Төд удалгүй кондуктор хашгичиж эхэллээ. Учир нь хөвгүүд кондукторд орж ирсэн даруйдаа мөнгөгүйгээ хэлж, сурагчийн үнэмлэхээ үзүүлсэн ч нэмэр болсонгүй. Хөвгүүд баахан зүхүүлж байгаад нэг буудал ч хүрэлгүй кондукторт өшиглүүлж, хөөгдөх шахам буулаа. Хүүхэд юм хойно юу ч хэлсэнгүй. Хэдий тийм ч кондукторт заамдуулж, өшиглүүлэн хөөгдсөөр замын голд үлдсэн жаалуудын харц гунигтай гэгч нь хоцорсон.

Хараад өрөвдөм ийм байдал нийтийн тээврийн аль ч унаанд тохиолдох нь элбэг болж.
Үүнээс үзэхэд, нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа том оврын автобуснуудын жолооч, кондуктор орлогодоо л хамаг анхаарлаа хандуулдаг болж. Тэрнээс зорчигчдын амь нас, аюулгүй байдал тэдэнд ямар ч хамаагүй. Хэрэв тэр өдөр гадаа хүйтэн байж, кондукторт өшиглүүлж буусан жаалууд осгосон бол яах байсан юм бэ. Нийтийн тээврийнхэнд чиглэсэн, тэдэнтэй хариуцлага тооцох хуулийн заалт байхгүйгээс том оврын автобусныхан ийн дураараа дургиж байгаа хэрэг. Наад зах нь автобусны жолооч, кондуктор хоёр өдрийнхөө орлогоос гадна хэдэн төгрөг илүүчилж, халааслахад хамаг анхаарлаа хандуулдаг гээд хэлчихэд гэмгүй. Үнэндээ бодит байдал ийм л байна шүү дээ.

Халдвартын чиглэлийн “21″ гэсэн дугаартай автобусны жолооч, кондуктор хоёр хоорондоо ярьж байна. “За хэдэн юм цааш нь хийлээ. Хоёулаа тэмдэглээд ойр зуур юм авч идье. Үлдсэнийг нь хувааж авна” ч гэх шиг. Тэгэхээр өдөр тутамд хүмүүсийн кондуктор мөнгө халаасалдаг гээд хардаж, сэрдээд байдаг нь үнэний ортой байж таарлаа л даа. Наад зах нь кондукторууд зарим зорчигчдод билет тасалдаггүй биз дээ. Энэ нь тэр мөнгө нийтийн тээврийн газарт биш, кондуктор, жолооч хоёрын халаасанд орж байна гэсэн үг. Дээр нь жолооч нар хоорондоо хүнээ булаацалдан нэгээс нөгөө буудал хүртэл уралддаг. Тэдний энэ байдлаас болж өнгөрсөн жил гэхэд хичнээн хүн том аврын автобусанд дайруулж амь насаа алдлаа даа.

Бүр хүн тээвэрлэж яваагаа мартдагсанжуу хөгжмөө хамаг чанга дээр нь тавьдагийг яана. Ийм үед мөнгөө төлсөн зорчигчид шаардлага тавиад ч нэмэргүй. Дуугарснаасаа болоод мөн л эдвээр хэлүүлдэг тул амаа үдүүлсэн мэт дуугүй явах хэрэгтэй болно. Уг нь нийтийн тээврийнхэн ядаж үйлчлүүлэгчдээ хүндэлдэг болмоор байна. Нэгэн үе автобусны кондукторыг соёлжуулж харилцааны чиглэлээр сургасан ч тусаа олоогүй бололтой. Үүнээс гадна манай үйлчилгээнд явдаг том оврын автобуснууд бохир, тав тухгүйгээрээ цаг үргэлж шүүмжлэлийн бай болдог. Нийтийн тээврийн автобуснуудын ариун цэвэр стандартад нийцдэггүй. Зарим автобусны цонх, сандал нь өглөөгүүр шороо тоосонд дарагдчихсан байдаг. Харин орой нь хогонд дарагдсан байдаг гээд хэлэх, шүүмжлэх зүйл бишгүй л таарна.

Хүйтний улирал ч айсуй. Өвөлдөө нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг манайхны хувьд бүр ч хэцүү. Автобусны хаалга, цонх нь цантаад мөс болчихдог. Автобусаар зорчигчид хаана яваагаа мэдэх гэж цантсан цонхыг улаан гараараа маажиж, хумсдаж тэрүүхэндээ бөөн л юм болдог. Ингэлээ гээд өнөө л ааш муутай кондукторт мөн л зэмлүүлэх болдог. Ер нь цаг үеэ дагаад нийтийн тээвэр, тэр тусмаа энэ салбарт ажиллаж байгаа жолооч, кондуктороос эхлээд соёлжмоор байна. Мэдээж үүнд жирийн иргэдийн оролцоо ч бий л дээ. Монголчууд бид хэдий хүртэл “нүүдэлчин монгол” гэдэг тодотголыг урдаа барьж цаг үеэсээ хоцрох хэрэгтэй гэж.

Н.АЛТАНЦЭЦЭГ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих