“Сонгогчдын боловсрол” гэж хамгийн ихээр орилдог АН-ын гишүүд хүнсний талон, 3000 төгрөгөөр саналаа худалдаж байхад…
Ардчилсан нам Монголын сонгууль мөнгөнийх болдог гэдгийг дотоод сонгуулиараа батлаад өглөө. Сонгуульд нэр дэвшихийн тулд хэдэн 100 саяар нь цацаж, санал авахын тулд хэдэн тэрбумаар нь мөнгийг гарын салаагаар урсгадаг нь сонгуулийн үеийн энгийн дүр зураг болчихож.
Өчигдөр болсон Ардчилсан намын дотоод сонгуулийн үйл явц бүхэлдээ мөнгөний шинж чанартай болсон гэдгийг нэр дэвшигчид нь хэлж байгаа юм. Нэр дэвшээд ялагдсандаа болсон уу, ямартай ч намынхныхаа булхайг дэлгэсэн олон хүн цахим ертөнцөд бий болчихлоо. Мөнгө тараасан л гэнэ, санал өгөх гишүүдээ унаагаар зөөсөн, цалинжуулсан гэдгээс эхлээд хэл ам таталсан асуудал үүсч байх шиг байна. Үүнээс гадна Улсын Дээд шүүх намынх нь дүрмийн шинэчлэлийг бүртгэчихээд байхад даргад нэр дэвших эрхгүй хүмүүс горилж, ялалт байгуулсан гэдэг гомдлууд ч эхнээсээ гараад эхэлчихлээ. Тодруулбал, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж, ялалт байгуулсан гэж байгаа Д.Баттулга, СХД-ийн намын даргад нэр дэвшсэн М.Чинболд нарыг намаа ялагдалд хүргэчихээд даргын сонгуульд нэр дэвшсэн нь дүрэм зөрчсөн хэрэг гэдгийг АН-ын гишүүд хэлж байна.
Нөгөөтэйгүүр, намын гишүүд үзэл бодлоо мөнгөөр худалдана гэдэг өөрөө эмгэнэл бөгөөд “Хэн ч гарсан ялгаагүй, хэн их мөнгө өгсөнд нь саналаа өгнө” гэдэг ойлголт нам дотор байсаар байгаа цагт тухайн нам шинэчлэгдэнэ гэдэг лөөлөө. Цаашлаад улс төрийн сонгууль манайд шударга болно гэдэг худлаа гэдгийн тод илрэл. Улс төрийн намын гишүүн гэсэн батлахтай хүмүүс мөнгөөр саналаа худалдаж байгаа цагт улстөрчдийн “хар масс” гэж басамжилдаг иргэд нь гурил, будааны төлөө саналаа худалдахгүй гээд яах юм. “Сонгогчдын боловсрол” гэж хамгийн ихээр орилдог АН-ын гишүүд хүнсний талон, 3000 төгрөгөөр саналаа худалдаж байна шүү дээ. Мөнгөний сонгууль аа гэж.
Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг АН-ынхан бүх гишүүдээсээ сонгоно гэж байгаа. Бүх гишүүддээ дахиад л хэн их мөнгө тараасан нь сонгуульд ялалт байгуулах биз. Ер нь тэгээд Ерөнхийлөгчийн сонгуульд МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдийн хэн их мөнгө тараасан нь л сонгуульд ялалт байгуулна гээд хэлчихэд нэг их хилсдсэн болохгүй л байх. Ард түмэн ядуу байна. Ядуу байлгах нь улстөрчдөд ашигтай байна.
У.Жанцан
Цензургүй.мн
URL: