Ц.Нямдоржийн улс төр хаашаа чиглэв

7550УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж. Энэ хүний улс төр Ерөнхийлөгч рүү юу, аль эсвэл тохиролцооны үндсэн дээр УИХ-ын даргын суудал руу чиглэв үү. Ямартай ч тэр С.Зориг агсаныг хөнөөсөн хэргийн талаар ам нээх болов. Шүүх хурлаар 3 хүн 24-25 жилийн ял авсан. Үүнийг буруу шийдвэр хэмээн Ц.Нямдорж ярьж байгаа юм. Түүний хэлснээр хэргийн цорын ганц гэрчийг жил гаруй хугацаанд хорьчихоод гэрч, хохирогчоор ч аваагүй нь анхаарал татаж буй аж. Иймд уг асуудалд анхааралтай хандахыг хуулийнханд сануулж мэдээлэл хийсэн юм байна. Тэрбээр яагаад ийн мэдээлэл хийх болов гэдэг нь ч анхаарал татаж байна.

С.Зоригийг хөнөөсөн хэрэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан тушаалаас буухаас өмнө илэрч байгаа нь цаанаа нэгийг хэлж байх шиг. Олон жил илрээгүй хэрэг гэнэт 3 хүн холбогдож, хэргийг үйлдсэн хүмүүс нь ял авч байгаа нь өөрөө хачирхалтай гэмээр. Ц.Нямдорж ч үүнийг эсэргүүцэж дуугарч буй нь 2 сар гаруйн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байх гэсэн хардлага өөрийн эрхгүй төрж байгааг нуух юун.

Улстөрчид олон жил илрээгүй С.Зоригийн хэргийг илрүүлсэн нь ардын баатар болно хэмээн төсөөлөв бололтой. Иймдээ ч энэ авторыг өөр дээрээ авахаар Ц.Элбэгдорж зүтгэсэн нь энэ байх. Харин үүнийг баллуурдах ажлыг МАН-ынхан Ц.Нямдоржоор дамжуулан хийж эхэлсэн биз ээ.

МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой нөхөд бий. М.Энхболд, Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ гээд л…Хамгийн магадлалтай нь М.Энхболд. Тэрбээр намаа сонгуульд удирдаж, үнэмлэхүй олонхи суудал авчирсан учир түүний шагнал Ерөнхийлөгчийн суудал байх нь гарцаагүй. Харин үүнийг эсэргүүцэж, дэвших сонирхлоо илэрхийлж буй нэг хүн бол Ц.Нямдорж. Сонгуульд ялалт байгуулсны дараахан “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьчлалын асуудлыг ярьж, намын дарга удирдлагуудаа хүчтэй шүүмжилсэн хүн бол Ц.Нямдорж байсан. Тэгтэл намын даргатайгаа эвлэрсэн үү, тохиролцсон уу, ямартай ч түүний улс төр Ц.Элбэгдорж руу чиглэв бололтой юм. Мэдээж энэ нь ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан улс төр. МАН-аас М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр болсон бол Ц.Нямдорж УИХ-ын даргын суудал руу зүтгэж ийнхүү С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүх хурлыг өөр дээрээ татаж авчран ярих болов уу гэлтэй.

М.Төр

Цензургүй.мн


URL: http://www.fact.mn/311075.html

Нэр: зочин Огноо: 3 April 2017

Б.Бат-эрдэнэ лав биш шүү тэр бол МҮОХ хурал дээр хэн гэдгээ харуулсан тэр бол нүүрэндээ баг зүүсэн нөхөр шүү.Загдсүрэн гэж гэмт хэрэг хийж байсан шүүхээр шийтгэх тогтоол уншуулж байсан нөхөр.Ийм хулгайчийг өмөөрч байгаа нөхөр Ерөнхийлөгч зүүдлээд хэрэггүй

Сэтгэгдэл бичих