Идэр суманд юу болов…

527-14911855361vimtvd4vg5e97tun51fmami1k_bӨнгөрсөн долоо хоногт Завхан аймгийн Идэр суманд таагүй хэрэг гарсан билээ. Манай сурвалжлах баг газар дээрээс нь мэдээллийг хүргэхээр шуурхай ажилласан юм. Талийгаач төрийн албан хаагч байсан бөгөөд ажлаас чөлөөлөх шийдвэрийг эсэргүүцэн амиа егүүтгэсэн байж болзошгүй хэмээн нутгийн иргэд хэлж байгаа юм. Тэрээр улсад 28 жил тасралтгүй ажиллажээ.

Анх 2015 онд Идэр суманд санхүү төрийн сангийн мэргэжилтний сул орон тоо гарч төрийн албаны шалгалт авах болсон. Энэ хүрээнд тус ажлын байранд гурван хүн өрсөлдөж талийгаач “Т” гуравт орсон байна. Тухайн үеийн Засаг дарга 73 оноогоор нэгт орсон Н.Нямжавыг ашиг сонирхлын зөрчил үүснэ гэдэг шалтгаанаар талийгаачийг Завхан аймгийн Идэр сумын санхүү төрийн сангийн мэргэжилтнээр томилсон аж. Энэ шийдвэрийг эсэргүүцэж буйгаа Н.Нямжав удаа дараа илэрхийлж байжээ. Тиймээс өнгөрсөн сарын 14-нд “Т”-г ажлаас нь чөлөөлж Н.Нямжавыг ажилд томилох шийдвэр гаргажээ. Талийгаач “Т” нь Идэр сумын Засаг даргын тамгын газарт нягтлан бодогчоор 2005 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн ажиллаж байв. Тэрээр тус сумын сургууль, эмнэлэгт нягтлан байсныг нутгийн иргэд хэлж байлаа. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ үзүүлсэн боловч 11 цагийн орчим амьсгал хураажээ. Бид зарим эх сурвалжийн байр суурийг хүргэж байна.
Х.Баярмаа:
/Идэр сумын Засаг дарга/
ҮҮССЭН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙНА
-Сум орон нутгийн удирдлагын зүгээс харамсч байгаагаа илэрхийлье. Бид төрийн хууль дүрмийн дагуу ажил хэргээ явуулж байгаа. Төрийн албаны төв зөвлөлийн 2015 оны дөрөвдүгээр сарын 24-ний 90 дүгээр тогтоолын наймдугаар хавсралтаар төрийн сангийн мэргэжилтний албан тушаалд нэр дэвшсэн Н.Нямжавыг  ажлын байранд томилон ажиллуулж хариу ирүүлэхийг Завхан аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичгийг үндэслэн энэ оны гуравдугаар сарын 14-нд ажлаас чөлөөлөх, ажилд томилох тушаал гаргасан. 2015 онд энэ асуудлыг өмнөх удирдлагууд маань хуулийн дагуу шийдвэрлэсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Тухайн үед төрийн албаны шалгалтад зарласан ажлын байран дээр гурван хүн өрсөлдсөн бөгөөд 73 оноогоор нэгдүгээрт Н.Нямжав, 70 оноогоор хоёрдугаарт Б.Одхүү, 65.67 оноогоор гуравт С.Тэгшжаргал орсон байдаг юм. Гэтэл тухайн үеийн удирдлагууд  томилгоог хэрхэн хийснийг нь бид мэдэхгүй. Талийгаач 2015 оноос өмнө сургууль, эмнэлэг, Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байсан Төрийн үйлчилгээний албан хаагч байсан. Харин өнгөрсөн хоёр жилийн хугацаанд туслах түшмэл буюу ТЗ-3 гэдэг зэрэгтэйгээр төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан. Ер нь одоогийн үүссэн нөхцөл байдлыг хэт улстөржүүлж байна. Сумын удирдлагын зүгээс хууль, дүрмээ биелүүлж ажилласан. Ажлаас чөлөөлөх тушаал авсны дараа буюу гуравдугаар сарын 20-нд талийгаач надтай уулзсан. Бид хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэсэн учраас хуулийн дагуу шүүхэд хандаж болно гэдгийг нь хэлсэн. Надтай уулзах үедээ тайван байсан. Мэдээж хүний алтан амь эрсдсэнд гүнээ харамсч байна. Үүссэн асуудлыг шүүх, цагдаа, прокурорын байгууллага шалгаж байгаа учраас дүгнэлтээ гаргах байх. Жагсаал, цуглаан зохион байгуулсан хүн өнгөрсөн хугацаанд сум орон нутгийг удирдаж явсан. Тиймээс хэн нэгнээс бурууг хайж, буруутгахыг оролдон хэт улстөржүүлж байгаа нь харамсалтай байна.
Г.Сарантуяа:
/Эрүүл мэндийн төвийн эрхлэгч/
ТАЛИЙГААЧ 84 ХУВИЙН ТҮЛЭГДЭЛТЭЙ БАЙСАН
-2017 оны гуравдугаар сарын 27-28-нд шилжих шөнийн 04:30-д “Хүн түлэгдлээ” гэсэн дуудлагыг нөхөр нь өгч, бид 04:35-д яаралтай очсон. Биднийг очих үед дотуур ухаантай, толгойноос хөл хүртлээ түлэгдсэн, хөнжилд боолттой гэртээ байсан. Ингээд эмнэлэгт яаралтай тээвэрлэн ирж тусламж үзүүлэн эмнэлгийн зүгээс шаардлагатай бүхнийг хийсэн боловч амийг нь аврах боломж байгаагүй. Учир нь талийгаач 84 хувийн түлэгдэлтэй байсан. Бид эмнэлгийн тусламж үзүүлэхдээ аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагтай холбогдож зааварчилгаа авч байсан. Аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай дуудлага өгсний дагуу өглөө 09:30 цагийн орчим ирсэн.
П.Мөнхзаяа:
/Завхан аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Нарийн бичгийн дарга/
ЭНЭ УДААГИЙН ТОМИЛГООНД АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭЭГҮЙ
-Н.Нямжавыг санхүү, төрийн сангийн мэргэжилтнээр томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй гэдгийг хуулийн заалтаас харж болно. Тухайлбал, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаар “Ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй хамаарал бүхий этгээд” гэж бий. Үүнд, төрсөн эцэг эх, ах эгч, гэр бүлийн гишүүнийг хэлдэг. Нөгөө талаар талийгаачийн хашиж байсан алба нь төрийн жинхэнэ алба юм. Үүнийг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Тиймээс дээрх албан тушаалтныг томилох эрх бүхий албан тушаалтан Тамгын газрын дарга бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцлийг энэ албан тушаалтай хамааруулж харах ёстой. Өөрөөр хэлбэл, Тамгын газрын дарга Санхүү, төрийн сангийн мэргэжилтнийг томилох, чөлөөлөх, хянах үүрэгтэй. Харин Санхүүгийн албаны дарга нь өдөр тутмын болон мэргэжил арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй байдаг. Тэгэхээр энэ удаагийн томилгоонд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Ингээд манайд ирсэн Н.Нямжавын гомдлын дагуу Аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс төрийн албаны шийдвэрийг биелүүлж ажиллах шийдвэрийг тухайн сумд хүргүүлсэн. Тиймээс хуулийн дагуу томилгоо хийхдээ шалгалтад нэгдүгээрт орсон хүнийг томилох ёстой байсан. Тэгэхээр тухайн үед ажиллаж байсан удирдлагууд хуулийг хэрэгжүүлээгүй байна гэсэн үг.
Б.Мипан:
/Талийгаачийн том охин/
ЭЭЖ МИНЬ СЭТГЭЛ САНААНЫ ГҮН ДАРАМТАД ОРСОН
-Аймаг явах өдрийнхөө өмнө нь манайд ирсэн. Ажлаас халагдсандаа маш их хямарч, сэтгэл санааны гүн дарамтад орсон байсан. Тиймээс өнөөдрийн болсон үйл явдлыг ажлаас халагдсантай шууд холбоотой гэж бид үзэж байгаа. Түүнээс миний ээж ажил дээрээ алдаа дутагдал гаргаагүй. Цэвэр намын золиос болсноос гадна ах дүүсийн шугамаар төрийн албыг булааж авсан нь ээжийг минь амиа алдахад хүргэсэн гэж бодож байна. Цалингийн өндөр зээлтэй байсан учраас яаж төлөх вэ гэхээс эхлэн сэтгэл санааны гүн дарамтад орох шалтгаан болсон. Бас оюутан дүүгийн маань төлбөрийг төлнө. Ажил хийж байгаа ганц хүн байсан. Одоогоор сумын удирдлагууд ирж уулзаагүй. Тэдний буруугаас ээж минь амиа алдсан учраас маш их гомдолтой байна. Ээж манайхаас гарахдаа “Ээжид нь хэцүү байна” гэж хэлсэн юм шүү дээ. Ингээд аймгийн төв орж шүүхийн хүмүүстэй ажлаас халагдсан тухайгаа ярилцаад ирсэн шөнө ийм явдал тохиолдлоо. Бидний зүгээс шударга бус зүйл тохиолдсон учраас гомдол гаргана. Харин шүүхийн байгууллага үнэ зөвийг нь тодруулж өгөөсэй гэж хүсч байна.
Ш.Батбаатар:
/Талийгаачийн нөхөр/
АЖЛЫН БАЙРНЫ ГАДУУРХЛААС БОЛЛОО
-Надад маш хэцүү байна. Ажлын байрны гадуурхлаас болсон гэж бодож байгаа. Сумын орлогч дарга эхнэрээ ажилд авахын тулд миний ханийг гадуурхсан гэж үзэж байна. Уг нь ажлаас чөлөөлөх тушаал гарсны дараа сумын Засаг дарга миний ханьд “Ажлаа хийж” бай гэж хэлсэн юм билээ. Гэтэл орлогч даргын эхнэр нь нөхрийн өрөөнд ирж суучихаад “Би ажлаа хийж байна” гэх зэргээр сэтгэл санааны гүн дарамтад оруулсан юм шүү дээ. Тэгээд эцэст нь ийм зүйл болчихлоо. Миний хань сэтгэл санааныхаа дарамтыг хариулж чадсангүй. Бид хоёр хамтдаа аймгийн төв орж өмгөөлөгч хөлслөн шүүхэд хандчихаад ирсэн. Энэ хугацаанд надад юу ч хэлээгүй, муудалцсан зүйл байхгүй. Шөнө бие заслаа гэж гараад харамсалтай зүйл боллоо. Хууль, шүүхийн байгууллага газар дээр нь шуурхай ирж ажилласан. Тиймээс үнэн зөвийг нь тогтоох байх гэж найдаж байна.
Ч.Мөнххүрэл:
/Идэр сумын Засаг дарга асан/
АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ ҮҮСЭХЭЭС СЭРГИЙЛЖ ШИЙДВЭР ГАРГАСАН
-Манай сум шилдэг сэхээтнээ цаг бусаар алдсандаа туйлын харамсалтай байна. Талийгаачийн тухай хамгийн үнэн мэдээлэл өгөх хүн бол би. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Тамгын газрын нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгчөөр тасралтгүй ажилласан. Өмнөх Засаг даргын буруугаас ийм байдал үүссэн тухай ярьж байна. Гэхдээ төрийн албанд 28 жил тасралтгүй ажилласан, туршлагатай боловсон хүчин. Тиймээс хуулийг баримталж томилгоо хийсэн. Яагаад гэвэл, манай сумын санхүүгийн албаны даргатай төрсөн эгч дүүсийн хүүхэд учраас ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн. Учир нь санхүү, төрийн сангийн мэргэжилтэнг Санхүүгийн албаны дарга удирдана. Тэгэхээр хуулийг өөрийнхөөрөө тайлбарлах эрх байхгүй. Ер нь төрийн албаны томилгоо хийхдээ ажлын туршлага зэргийг харгалзаж үздэг. Талийгаач манай суманд нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байснаас гадна МУИС-ийг улаан дипломтой төгссөн шилдэг сэхээтэн байсан юм. Мөн ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийг баримтлан ажилд томилох тушаал гаргасан. Тухайн үед Н.Нямжавыг намчирхалаас үүдэн ажилд аваагүй мэтээр ярьж байгаа. Гэхдээ тэр үед Н.Нямжав нь МАН-ын гишүүн байсан гэдгийг хэлмээр байна.
Үргэлжлэл бий…
Д.ОЮУНЧИМЭГ
Эх сурвалж : “Зууны мэдээ” сонин 

URL:

Сэтгэгдэл бичих