Хүүхэд хулгайлдаг бүлэг этгээд баригдлаа
Хүүхэд хулгайлж, гэртээ нуудаг бүлэг этгээдийг өнгөрсөн амралтын өдөр цагдаа нар баривчиллаа.
Тэд Сонгинохайрхан дүүрэг Нарангийн гол орчимд багачуудыг гэртээ түгжин улмаар зодож дарамтлан зах дээр хулгай хийлгэдэг байсан гэнэ.
Эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн пүрэв гаригт зургаан настай Г хичээлдээ явах гэж гараад ор сураггүй алга болжээ. Цагдаа нар охиныг эрэн сурвалжилсан ч олохгүй байж. Харин өнгөрсөн бямба гаригт охин өөрөө хулгайлагч этгээдийнхээс зугтаж явахдаа замд таарсан Хөдөлгөөнт эргүүлийнхэнд мэдэгдсэнээр хэргийг илрүүлсэн байна.
Цагдаа нарын шалгалтаар тус айлд 6-14 насны гурван хүүхэд байсан гэнэ. Хүүхдүүдийг мухрынхаа өрөөнд оруулан гаднаас нь түгжин байлгаж, зарим үед зах дээр хулгай хийлгэж байсныг багачууд хэлсэн байна. Тэднийг хоёр сарын өмнөөс гэртээ нууж байсан гэнэ.
Харин энэ тухай Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Эрдэнэцогт “Хэргийг дөнгөж шалгаж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй. Ямар зорилгоор гэртээ нууж байсныг тодруулахаар бид ажиллаж байна” гэлээ.
Д.Болормаа
URL: