Аав, хүү хоёр (Өгүүллэг)
МОЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион явуулж буй Дэлхийн сонгодог өгүүллэгийн орчуулгын уралдаанд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээс манай сайт уншигчдадаа цувралаар хүргэж байна.
Жинсү эргэж ирэх нь ээ. Жинсү маань амьд мэнд эргэж ирэх гэж байна. Зарим нэг нь дайнд амь үрэгдсэн гэх мэдээ ирж, нөгөө хэсэг нь үхсэн, амьд нь мэдэгдэхгүй огт сураггүй байхад харин манай Жинсү амьд сэрүүн ирэх нь байна шүү дээ. Бодох тусам магнай тэнийм сайхан мэдээ байв. Сэтгэл нь хөөрсөндөө Пак Манду жирийн үед заавал хоёр, гурвантаа сууж, амсхийж байж давдаг Луут толгойгоо ажралгүй даваад гарчихлаа. Толгодын цаана харагдах галт тэрэгний буудлаас цагаан утаа суунаглаж, галт тэрэгний дуут дохио сонсдон улам адгуулна. Амьсгал давчдаж, хөл нь чилж байсан ч толгойг уруудахдаа бэлд нь амрахыг бодсонгүй. Хүүгийнх нь суусан галт тэрэг үдийн хэрд ирэх учир амжих гэж яарна. Нар дөнгөж уулын хярд тусаж эхэлж байгаа учир үд болтол овоо зай байна. Гэхдээ түүний сэтгэл яарч, тэвдэж байлаа. Иймхэн юманд амарч цаг алдахгүй шүү.
Хамрын нэг нүхээ хуруугаараа дарж байгаад хатсан нусаа нирхийтэл нийв. Тэгээд гуйвж дайвлан давааг уруудаж эхэллээ.
Уруудах нь өгсөхөө бодвол ядах юмгүй байв. Хөлөө зөөгөөд, гараа савлахаар аяндаа өнхрөөд уруудаад байх шиг. Гэхдээ Манду баруун гараа л урагш, хойш нь савж байлаа. Зүүн ханцуйгаа хантаазныхаа халаасанд хайш яйш хийчихсэн байв. Удам залгах ганц хүү нь үхэх эрхгүй шүү дээ. Амьд эргэн ирж байгаа нь тун зөв юм болж. Гэхдээ эмнэлгээс гараад ирж байна гэхийг бодоход цоо эрүүл биш, гэмтэж бэртсэн л бололтой. Тэглээ гээд над шиг өрөөсөн гартай болчихоогүй байлгүй дээ. Манду хүрэмнийхээ зүүн халаасанд хийсэн ханцуй руугаа хяламхийв. Тэр ханцуйнд нь гар байхгүй. Мөрнөөс унжсан хоосон ханцуй. Энэ ханцуй байнга л халаасанд нь шургуулаатай байдаг. Аминаас хол гуя юм уу эрээн булчинг нь л сум шүргээ биз. Над шиг нэг гар нь тэр чигээрээ байхгүй болсон бол янгууч юм чинь тэсэхгүй л байх байсан. Тэрүүхэндээ санаа зовнин ийн бодож явлаа.
Уруудах үнэхээр амархан байлаа. Толгойн орой хэдийнэ ард хоцорчээ. Одоо хормойг нь тойроод гарчихвал тал харагдана. Хурдан уруудсан энэ эрчээрээ Манду тэгш талаар гүйх нь холгүй алхаж байгаад жалганд дөхөөд л нэг юм алхаагаа сааруулав. Нарийхан гүүртэй жижгэвтэр цөөрөмд хүрлээ. Зуны борооноор хүйс давахаар их устай болдог бол одоо өвдөг давахтай, үгүйтэй гүехэн байв. Намрын дунд үе учраас ёроол нь харагдахаар тунгалаг устай ажээ. Нам гүн урсах усыг харж зогсоход шүд өөрийн эрхгүй хүйт даав.
Манду усны захад очоод явган сууж, нэг гараараа өмдөө шувтлаад шээлээ. Толь шиг тунгалаг усыг шээс хөөсрүүлж, загас сүрэглэн цугларав. Эрхийн чинээ хэдгэнэ ч дутахгүй шавав. Сагс дүүрэн загас бариад сайхан шарж тавьчихаад шил юм уувал ч… Өөрийн эрхгүй арааны шүлс нь асгарчээ. Загаснууд руу нусаа нийчихээд нарийн гүүрээр болгоомжтой гарлаа.
Нэг их урт гүүр биш ч доошоо харвал бас л бие арзайхаар эвгүй байв. Уначих вий гэхээс их л санаа зовов.
Нэг удаа тосгонд архи уучихаад гуйвж дайвлан буцах замдаа усанд унаж байсан юм. Аз таарч ойр хавьд нь хүнгүй байсан. Хэрэв хэн нэгэн харсан бол нүдний булай болохгүй юу. Өрөөсөн шагайгаа бага зэрэг хөндсөнөөс бусдаар сүртэй гэмтэж бэртээгүй. Намрын эхэн байсан учраас хувцсаа тайлан шуудуун дээр дэлгэж, хатаасан тулдаа булай болоогүй өнгөрчээ. Хувцас нь шалба норсондоо, эсвэл хаттал нь нүцгэн хүлээх хэрэгтэй учраас булай болно гэж бодсонгүй. Харин нэг мөчгүй эрэмдэг биеэ түмний нүдний бай болгоогүйдээ олзуурхаж байв. Ойр хавьд хүн байсан бол усанд лав ороод толгойгоо л гаргаад суух байлаа. Хүйтэн усанд эрүү дагжиж байсан ч ганц гараараа салтаагаа тас атган гүрийхээс өөр аргагүй байх байсан биз.
“Хэ, хэ, хэ…”
Тэр үеийг бодохоор одоо ч инээд хүрэхийг яана. Манду ээтгэр хамраа олонтаа сарталзуулав.
Цөөрмийн цаад талд гараад тариан талбайн шуудууны хажуугаар нэлээн удаан алхаж байтал тосгон руу орох зам гарч ирлээ. Зам дагуу тоосонд дарагдан байх сүрлэн байшин бол архины мухлаг билээ. Манду тосгоноос гарах болгондоо үүгээр дайрдаг байнгын зочин нь. Архины мухлагийн авгайтай байнга л тоглоом наргиан хийнэ.
Мухлагийн босго давангуутаа Манду “Эр нөхөр чинь ирлээ” гэхээр мухлагийн авгай “Эрэмдэг нөхөр минь хүрээд ирэв үү?“ гэнэ.
Уулзахаараа тэд байнга ингэж мэнд солино. Мандуд таагүй зүйл тохиолдвол энэ авгайг зорьж ирээд хажууд нь суухаар сэтгэл аяндаа тайвшрах шиг болдог билээ.
Мухлагийн дэргэдүүр өнгөрөхдөө Манду хальт ороод гардаг юм бил үү гэж бодсон ч үүдэн дэх олон гутал, мөн дотроос сонсогдох инээд наргианаас тээршаан цааш явлаа. Шинэ зам руу ороход удалгүй тосгон гарч ирлээ. Манду тосгоны захад түр тээнэгэлзэн зогсож байгаад галт тэрэгний буудлын эсрэг зүг рүү алхаж эхлэв. Зах руу явж байгаа нь тэр аж. Жинсү ирж байхад ганц хар амар загас ч болтугай авъя хэмээн боджээ. Зах онгойх өдөр биш ч загасны дэлгүүрээр орвол бүх төрлийн загас байв. Энийг авах гэхээр тэр нь аятайхан харагдаад, тэрийг авахаар очихоор хажуудах нь амттай санагдаад, бас авах гэхээр нөгөөх нь илүү харагдаад болдоггүй ээ. Хэсэг зуур үүгээр, түүгээр эргэлдэж байгаад эцэст нь хар амар загаснаас авлаа. Нөгөөхөө санжигануулан галт тэрэгний буудал руу алхаж байтал суга нь загатнаад эхлэв. Ганц гартаа загас барьсан тул яалтай ч билээ. Дэмий л мөрөө хавчисхийв. Галт тэрэгний буудлын хүлээлгийн танхимд оруутаа хананд өлгөөтэй цаг руу харлаа. Хоёр хорь. Хоёр цаг өнгөрчихсөн юм гэж үү? Би буруу харчихав уу? Нүдээ нухалж, нухалж ахиад харвал яах аргагүй хоёр хорь болж байв. Вандан сандал дээр суугаад удалгүй сэтгэл нь тавгүйтэж эхлэв. Хоёр хорь болж байна гэхээр өдрийн хоолны цаг өнгөрчихлөө гэж үү? Байж боломгүй юм. Сайн харвал цагны шил нь цуурч, тоосонд дарагдсан байв. Учрыг нь олох гэж ядлаа. Цаг тийм их явсан байх учиргүй дээ.
- Хүүхээ, цаг хэд болж байна?
Өөдөөс харж суусан хүрэмтэй хүнээс асуулаа.
- Арав дөч.
- Өө, тийм үү?
Манду толгойгоо дохилзуулан хоёр нүдээ хэд хэд анивчив. Арав дөч гэхээр нэг цаг үлдсэн байна шүү дээ. Тайвширч, уртаар санаа алдав. Гаансаа амандаа зуун асаалаа. Буудлын хүлээлгийн танхимд сууж байхад нэг юм бодогдоод байв. Тэр тухай бодохоор нуруугаар нь хүйт даах аж. Хуруу нь хөхөрч мойнийгоод, хөвд ургасан мод шиг болсон шуу нь одоо ч нүдэнд харагдах мэт.
Яг энэ буудлын урд талбайд зуу гаран хүн цугларсан байлаа. Манду ч тэдний нэг. Галт тэрэг хүлээж буй ч тэнд байсан бүх хүн хаачих гэж байгаагаа мэдэхгүй, зүгээр л галт тэргэнд суу гэвэл суух хүмүүс л байв. Тушаал заавар дагадаг хүмүүс шиг. Гэхдээ энэ бол арванхоёр, гурван жилийн өмнөх явдал л даа.
Японы Хоккайдо арлын нүүрсний уурхай руу явах хүмүүс, өмнөдийн арлууд руу явна гэсэн хүмүүс, бас Манжуур явбал дээр гэсэн хүмүүс байв. Манду Хоккайдо, өмнөдийн арлууд, Манжуурын аль нэг рүү л явах бололтой. Арай бид нарыг дагуулаад тэнгэр рүү л явчихгүй байлгүй гэсэн шүү юм бодоод тамхиныхаа утааг тоомжиргүй баагиулан сууж байлаа. Гэвч эхнэр нь тэртээ харагдах уд модны доор зогсоод нүд цавчихгүй харж байгаад сэтгэл өвдөж байлаа. Тиймээс халаасанд нь шүдэнз байсан ч хажуу дахь хүнээсээ гал асуунгаа буруу харж зогсов. Хүлээлгийн тавцан дээр очихдоо эргэж харвал эхнэр нь хашааны гадна зогсоод алчуураараа хамраа даран байлаа. Мандугийн хамар шархирав. Галт тэрэг дуу хангинуулан хөдлөх үед үнэхээр сэтгэл тавгүй болов. Нулимс цийлэлзээд ирэхэд яах ч арга байсангүй. Гэхдээ галт тэрэгний буудал тээр хойно хоцорч, цонхоор үзэж хараагүй шинэ содон зүйлс харагдаж эхлэхэд дахиад л яагаа ч үгүй юм шиг зүгээр болчихов. Харин ч сэтгэл сэргэлээ.
Анх удаа далай гэдгийг харж, аварга том усан онгоцонд сууж үзэв. Хүмүүс усан онгоцны шалан дээр тарж хэвтээд бөөлжиж, огих боловч Мандугийн хувьд толгой нь бага зэрэг эргэснээс өөрөөр сүйдтэй юм болсонгүй. Зарим нь өдөрт хошоодыг өгдөг атга будаанаасаа үлдээж, далд хийж байхад тэрбээр нэг өдрийнхийгөө дор нь гударчихдаг байлаа. Дөрөв дэх өдрийн нар жаргах үест “Буухад бэлдээд.” гэсэн тушаал буув. Бүгд дор дороо ачаа саваа бэлдэж эхэллээ. Манду ч хоцролгүй хулууны дайтай баадантай юмаа мөрлөв. Онгоцны тавцан дээр гартал тэнгэр халуу шатаж, далайн ус галд хайлах төмөр адил улайсан мэлтэлзэж байлаа. Нар юу юугүй далайн усанд унах нь уу гэлтэй харагдав. Анх удаа л тийм том улаан нарыг харлаа. Мөн далайн цаана улбар шаргал туяа татуулан аварга том уул харагджээ. Нүд гялбам энэ үзэгдлийг харан бүгд амаа ангайн алмайрч хоцров. Манду мөрөө өргөн дуу алдлаа. Гэвч арал дээр амьсгал давчдам халуун өдрүүд, хүнд хүчир хөдөлмөр, мөн тэмээлзгэнэ шиг том шумуулын сүрэг тэднийг хүлээж байв.
Арал дээр онгоцны зогсоол барих ажил хийв. Шумууланд хазуулж, том том булдруутай болсон биеэ маажин, бороо мэт цутгах хөлсөө арчин, өглөөний нарнаас үдшийн наран хүртэл уул ухан шороо зөөхөд нутагтаа тариалангийн ажилд нухлагдсан бие нь сульдаж, тэсэхийн аргагүй болжээ. Ус нь ч таарахгүй, хоол нь ч амархан муудаж тэсэхэд үнэхээр бэрхтэй байв. Ажиллаж байхдаа гэнэт татаж унах нь энүүхэнд боллоо. Харин Манду өглөө, оройдоо бага зэрэг гүйлгэхээс биш арай ч татаж унасангүй. Ус аажмаар биед нь зохиж, хүнд хүчир ажил ч аяндаа гарт нь орж байлаа. Шөнө шунгинан цуглах шумуулын сүргийг эс тооцвол ингэс, тэгсхийгээд аргалж болохоор байвч шумуул ёстой зэвүү хүргэж байв.
Хүн үнэхээр айхтар хүчтэн шүү. Тэр их бартаат уулсын дунд онгоцны зогсоол барьж чадлаа. Гэвч ажил үүгээр зогссонгүй, бүр их ажилд дарагдлаа. Холбоотны цэргийн онгоц нисэж ирснээс хойш ажил шөнө дунд хүртэл үргэлжилдэг болж, уулын хормойд агуй ухаж эхлэв. Онгоц байрлуулах агуй гэнэ. Мөн бүх тоног төхөөрөмжүүдийг агуй руу зөөх хэрэгтэй болжээ.
Энд тэндгүй бөмбөг дэлбэрэх чимээ уулыг доргионо. Агаарын довтолгооноос сэргийлэх түгшүүрийн дохио дуугарвал ажлаа зогсоогоод, бүгд газарт наалдан хэвтэх ёстой байв. Онгоц буцах хүртэл хэвтэх ёстой. Заримдаа бүтэн нэг цагийн туршид газар хэвтэн хүлээх нь харин ч биед амар санагдана. Тиймээс тэрүүхэндээ агаарын довтолгоо хэзээ болох бол гэж хүлээдэг байлаа. Хааяа түгшүүрийн дохиог ч сонсохгүй ажлаа хийсээр байдаг байв.
Тийм үед бүгд л том гарз учирлаа гэж ихэд харамсана. Үнэндээ түгшүүрийн дохио дуугаргахаас өмнө онгоц нисээд, шунгаад ирдэг байж билээ. Ингэхэд дэндүү цочирдож, маш их хохирол амсдаг байв. Манду ч чухам үүнээс болж өрөөсөн гараа алдсан юм.
Нэгэн өдөр бас л агуй дотор хад нураагаад байж байлаа. Хадны завсраар нүх гаргаад, тэсрэх бөмбөг байрлуулах ажил хийж байв. Байрлуулж дуусгаад бүгд гадагшаа гарч, ганцхан хүн үлдээд галыг ноцоодог байлаа. Тэгээд дэлбэрэхээс нь өмнө шалавхан гадагшаа гүйж гарах хэрэгтэй. Тэр гайт өдөр Мандугийн ээлж таарчээ. Бүгд гарсны дараа шүдэнзээ гаргаж ирэв. Гэтэл нэг л муу совин татаад явчихжээ. Шумууланд хазуулсан ормоор загатнаад эхлэв. Маажсан боловч дээрдсэнгүй. Духаа үрчийлгэн шүдэнз зурлаа. Дорхноо унтарчихав. Дөрвөн шүдэнз зурж байж нэг юм ноцоов. Ноцохыг нь харчихаад агуйн ам руу түргэхэн гүйв. Гадаа яг гарах гэж байтал уул нурах чимээтэй зэрэгцэн чихний омгийг хүчтэй шудраад авах шиг болов. Мандугийн ухаан орж, гарав. Агаарын довтолгоо байжээ. Уулын хяр даваад орж ирсэн онгоц толгой дээгүүр нь шүргэх нь холгүй нисээд өнгөрөв. Яах учраа олж амжаагүй байтал дараагийнх нь залгуулаад нисээд ирэв. Манду айсандаа агуй руу буцаад гүйгээд орчихов. Гүйж оронгуутаа агуйн шалан дээр тэрийгээд хэвтэж орхилоо. Яг тэр мөчид “пас, няс”-хийн тэсрэх бөмбөгнүүд дэлбэрэх нь тэр. Мандугийн хоёр нүдэнд гал авалцаж байв.
Манду арай чамай нүдээ нээтэл холгүйхэн хэнийх нь мэдэгдэхгүй нэг гар хэвтэж байжээ. Хуруу нь хөхөрч харлаад, яг л хөвдөнд баригдсан мод шиг харагдаж байв. Манду өөрийнх нь мөрөнд залгаатай байсан гар болохыг мэдэнгүүтээ ухаан алдчихжээ. Нүдээ дахин нээтэл зөөлөн хөнжилд хэвтэж байх агаад, нэг мөрөөр нь тэсэхийн аргагүй хатгуулан өвдөж байлаа. Гарыг нь тайрах мэс засал дууссан ажээ.
Галт тэрэгний дуу сонсогдов. Тэртээ уулын хярыг тойроод ирж байгаа бололтой. Манду суудлаа гөвөн босож, дэргэдээ тавьсан загасаа авлаа. Дуут дохио ойртох тусам түүний сэтгэл догдолж байв. Хүлээлгийн танхимаас гүйн гарч, сайн харахын тулд хашаанд ойртон өлмий дээрээ өндөлзөв. Хонх дуугарахтай зэрэгцэн галт тэрэг дуу шуугиантай орж ирлээ. Уурын тэрэгний хажуунаас уур савсаж байлаа. Манду түгшин сандрав. Хав хар галт тэрэгнээс хүмүүс цувран гарч ирцгээлээ. Тун олон хүн иржээ. Манду ийш тийшээ гүйлгэн харлаа. Гэвч хүүгийнх нь царай харагдсангүй. Тээр тэнд, тасалбар зардаг газарт бөөгнөрөх хүмүүсийн дунд хоёр суга таягтай догонцон алхах эрэмдэг нэг цэрэг байх боловч Манду түүн рүү анхаарлаа хандуулсангүй. Галт тэрэгнээс бүгд буучихсан бололтой. Одоо галт тэргэнд суух гэсэн хэдхэн хүн тавцан дээр үлдэв. Тоглоом шоглоомоор захиа явуулаагүй байлтай… Манду сэтгэл нь түгшиж эхлэв. Хачирхалтай юм даа гэж бодон зогсож байтал архан талаас нь “Аав аа!” гэж дуудах сонсогдлоо.
Манду мэл гайхан эргэж харав. Тэр мөчид Мандугийн хоёр нүд нь бүлтийж, ам нь ангайжээ. Түүний хүү гарцаагүй мөн боловч Мандугийн мэдэх Жинсү биш байлаа. Хоёр суга таягтай зогсох хүүгийнх нь өмдний өрөөсөн гуя салхинд дэрвэж байв. Мандугийн нүд харанхуйлжээ. Хэсэг алмайрсны эцэст хамрынх нь самсаа шархиран, нүдэнд нь нулимс цийлэгнээд ирлээ.
- Золиг минь!
Мандугийн амнаас гарсан хамгийн эхний үг энэ. Хоолой нь чичирхийлж байв. Загас барьсан гараа тас атгажээ.
- Юу болох нь энэ вэ?
- Аав аа!
- Золиг минь дээ, золиг минь…
Мандугийн хамар шархирч, нусаа татав. Нэг мэдэхнээ Жинсүгийн хоёр нүднээс нулимс урсчээ. Манду энэ бүхэн Жинсүгийн буруу мэтээр хахирган хоолойгоор “Бушуул, явъя!” гэж хүйтэн хөндий хэлчихээд өмнө нь ороод алхав.
Жинсү уруулыг нь бүрхэх шорвог нулимсыг хэлнийхээ үзүүрээр долоож орхиод, аавынхаа араас доголон алхлаа. Түрүүнд яваа Манду араас нь дагах хүү рүүгээ эргэж ч харсангүй. Нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байв. Хүндээс хүнд ачаа үүрсэн хүн мэт газар ширтэн, хааяахан нэг шүүрс алдан хурдан алхсаар байлаа. Таяг тулан алхах Жинсүд ууртай, басхүү ширүүхэн алхах хүний алхааг гүйцэх үнэхээр хэцүү байв. Нэг, хоёр алхмаар хоцорсоор сулхан дуудвал сонсохооргүй хойно хоцорлоо. Жинсү хоолойд нь зангирах зүйлийг залгихгүй тэсэх гэж шүдээ зуув. Тэгээд хоёр таяг, нэг хөлөө чармайн зөөж байлаа. Манду архины мухлагийн үүдэнд хүрээд сая нэг юм эргэн харжээ. Жинсү модны дор зогсоод бие засаж байлаа. Таягаа газар хаячихсан, нэг гараараа мод тэвэрчихсэн, нөгөө гараараа өнөөх юмаа барьчихсан шээлгэж байгааг нь харвал зэвүү хүрч, дур гутмаар ажээ. Манду хөмсөг зангидан уртаар санаа алдлаа. Улмаар мухлагийн гадаа очоод хаалгыг нь угз татав.
Лангууны ард атирч суугаад дотуур хувцсаа янзалж байсан эзэн авгай инээмсэглэн байж хормойгоо засчээ. Манду хариу инээсэнгүй. Босго даван орохдоо ч “Эр нөхөр чинь ирлээ” хэмээн хашгирсангүй. Магадгүй, анх удаагаа л ийшээ ийм баргар царайтай орж ирсэн нь энэ байх. Авгай үүнийг анзаарсан шинжгүй, “Нөхөр минь, яачихаа вэ?” хэмээн нуг нуг инээсэн ч Манду өнөөх л янзаараа санаа алдав. Лангууны өмнө очиж суухтай зэрэгцэн, “Хурдал, хурдал” гэж шавдуулав.
- Хүүш, яасан завгүй байх юм.
- Хурдан том тагш өгөөд аль.
- Өнөөдөр яагаад ийм янзгүй байна аа?
Авгай архи аягалж өгөхөд Манду дахиад л уртаар санаа алдав. Тэгээд архиа амандаа ойртуулжээ. Хүд, хүд, хүд. Архи ч сайхан орлоо. Том тагштай архийг нэг амьсгаагаар хөнтөрчихөөд, авгайн урд хоосон тагшаа тавьжээ. Ийм маягаар гурван тагш хоосолсны дараа л чангаар хэхрэв. Авгай ч нүдээ дүрлийлгэн, хэлээ эргэлдүүлэв. Даруулга үгүйгээр архийг ингэж угсруулж уухыг нь хараад нүд нь орой дээрээ гарч, чих нь халуу дүүгэв. Архи биеэр нь тарахад Манду сая л нэг юм тайвшрав бололтой хаалгыг нээн гадагшаа өлийв. Жинсү духандаа хөлс бурзайлган ойртож айсуй.
- Жинсү! гэж аав нь дуудлаа.
- Наашаа ороод ир.
Жинсү дуулгавартай нь аргагүй доголсоор ирэв. Ирээд босгон дээр суухад авгай түүнийг хараад, “Наашаа ороод ир.” гэв.
- Энд ч сайхан шүү. Тэрөээр аяга угаагч шиг алчуураар дух, хамраа арчлаа.
- Дуртай газраа суу. Алив, аяга гоймонтой шөл өгөөдөх.
- Хөөе.
- Хоёр хүнийх шүү… Гүнжидийн тос дусаагаарай.
- Хүүе.
Эзэн авгай жоготой инээгээд, Мандугийн хажуугаас зууран, сагсанд чанасан гоймон хоёр боодлыг авлаа.
Жинсү гоймон шоржигнуулан сорж байхад авгай Мандугийн чихэнд ойртон
- Хүү чинь юм уу? хэмээн асуув.
Манду толгойгоо үл мэдэг дохисон ч баярласан шинжгүй байв. Жинсүг шөлөө ууж дууссаны дараа Манду
- Дахиад идэх үү? гэж асуулаа.
- Үгүй ээ, болсон.
- Ахиад нэг тавгийг идвэл ид.
- Үгүй ээ, болсон.
Жинсү амаа арчаад суудлаасаа өндийв. Мухлагаас гарсан аав, хүү хоёр тариан талбайн замаар орлоо. Энэ удаад Манду биш Жинсү түрүүлж явав. Таяг тулан дэгэн догон алхах хүүгээ араас нь харан өрөөсөн гартай тэрбээр хөлөө чирэн алхана. Гарт нь санжиганах загас нааш, цааш хөдлөн бүжиглэх шиг. Хэт яаруу ууснаас болсон уу, Мандугийн дотор халж, хөл нь гуйвж байлаа. Хамраараа халуун амьсгаа үлээж, ухаан санаа нь орж гаран сэтгэл хөнгөрөх шиг болов.
- Жинсү!
- Аан.
- Чи яаж яваад ийм болчихов оо?
- Дайны талбарт л ийм болчихлоо. Гар бөмбөгний хэлтэрхийнд оногдчихсон.
- Гар бөмбөгний хэлтэрхий?
- Тийм.
- Хм.
- Эдгэхгүй удаад, дотогшоогоо идээлээд байсан учраас цэргийн эмнэлэгт тайрчихсан!
- Яана даа.
- Одоо яаж амьдарна аа?
- Яаж амьдарна аа гэж юу гэсэн үг вэ? Амьд хүн аргатай гэдэг юм. Тэгж битгий ярь.
- Намайг хар. Өрөөсөн гартай ч бусдаас дутахгүй амьдарч болоод л байна. Бусдын нүдэнд өрөвдөлтэй харагддаг ч өөрийнхөөрөө амьдарч л байна даг.
- Ядаж тань шиг өрөөсөн гартай ч хоёр хөлтэй байсан бол дээр байсан юм. Өрөөсөн хөлтэй болохоор алхах, суух ч түвэгтэй юм.
- Тэр ч тийм биш шүү. Алхаж чадлаа гээд яах юм? Хоёр гартай байж л хүссэнээ хийнэ шүү дээ.
- Тийм гэж үү?
- Тийм гээд байхад даа. Тиймээс гэртээ суугаад хийж болох ажлыг чи хийгээд, гарч орж хийх ажлыг аав нь хийе. Тэгэхэд л болоод явчихна шүү дээ.
- За, аав аа.
Жинсү аав руугаа эргэж харан ийнхүү хариулав. Манду эргэж харсан хүүгээ инээн урамшуулав. Архи уухаар ёс юм шиг шээс хүрдэг нь түвэгтэй. Манду зам дагуу атирч суугаад загастай уутаа амандаа зуух гэж оролдов. Түүнийг харсан Жинсү,
- Аав аа, загасаа надад өгчих гэлээ.
Ганц гартай учраас гартаа юм барьсан чигээр морь харна гэдэг бүтэхгүй. Аав нь шээж дуусах хүртэл, хүү нь нэг гартаа хоёр таягаа тулаад, нөгөө гартаа загасаа барин зайдуухан зогслоо. Дуусаад Манду хүүгийнхээ гараас загасаа авав.
Цөөрөмд хүрч ирлээ. Нөгөө нарийн гүүр. Жинсү битүүхэн санаа зовов. Ус нь тэгтлээ гүнзгий биш боловч ёроолдоо элстэй учир таяг тулан гарах амаргүй. Нарийн гүүрээр гарна гэдэг бүр санасны гарз… Жинсү аргагүйдэж, газарт суун өмдөө шууж эхлэв. Манду хэсэг алмайрч, хүүгийнхээ хийж байгааг харж байснаа “Хүү минь, өмдөө шуугаад яахав. Надад үүрүүлчих” гэлээ. “Үүрээд л гарчихъя. За, энийг авч бай” гээд амар загасаа Жинсүд өгөв.
Жинсү хэсэг балмагдсан ч өөр яалтай билээ, загасыг авлаа. Манду хүүгийнхээ урд нуруугаа ойртуулж, ганц гараа хойшоо сунган “За, алив!” гэв.
Жинсү таяг, загасаа хоёр гартаа атгаад, аавынхаа нуруунд үүрүүлжээ. Манду ганц гараараа хүүгийнхээ нэг хөлийг дэмжлээ. Тэгээд “Гараараа миний хүзүүгээр тэвэрчих” гэв.
Жинсү машид баярласандаа нэг нүдээ ирмэж, загас, таягтай гараараа аавынхаа хүзүүгээр тэвэрчээ. Манду хүчлэн бослоо. Үл ялиг дэнжигнэсэн ч алхаж болохоор байв. Нарийн гүүрэн дээгүүр хөлөө зөөн болгоомжтой алхахдаа Манду дотроо “Хүү минь цэл залуухан насандаа ийм ч болчих гэж дээ” хэмээн бодлоо. “Ямар үйл лай нь таарахаараа чи минь ийм болчихов доо. Тэнгэр нь хаясан хүүхэд” хэмээхэд аавдаа үүрүүлсэн Жинсү сэтгэл нь зовнисон бололтой “Би хүртэл ийм болчихдог, та ч ёстой азгүй хүн юм даа. Үхэж, далд орох минь яав даа” гэж амандаа бувтнав.
Манду архи нь хараахан гараагүй байсан ч хүүгээ үүрэн нарийн гүүрээр хянамгай гэгч алхсаар. Өмнө нь дүнхийх Луут толгой тэднийг чимээ аниргүй харж байлаа.
Ха Гөнчан
Эх сурвалж www.wikimon.mn
URL: