Сүүлийн 3 жилд хар тамхины хэрэг гарах нь нэмэгджээ
Нийслэлийн прокурорын газраас “Нийслэл, дүүргийн прокурорын газрын хяналтанд 2014, 2015, 2016 он, 2017 оны эхний 3 сарын байдлаар Эрүүгийн хуулийн 188, 192, 193, 194, 195, 196 дугаар зүйлд заагдсан Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодистой холбоотой гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, тухайн гэмт хэрэг үйлдэгдэн гарсан шалтгаан нөхцөл”-ийг судалжээ.
2014 оноос хойш сүүлийн 3 жилийн хугацаанд прокуророос нийт 339 эрүүгийн хэрэгт хяналт тавьж ажилласнаас шүүхээр 41 хувийг шийдвэрлүүлсэн бол шүүх 235 хүнд ял оноосны дийлэнх буюу 63 хувьд 1-13 жил хүртэл хугацаагаар хорих, 32 хувьд баривчлах, 1.2 хувьд нь торгох ял оногдуулсан байна.
Манай оронд мансууруулах үйлчилгээтэй зэрлэг олсны ургамлын тархац их, тухайн эм, бэлдмэл, бодисыг БНХАУ-аас хилээр нууцаар оруулж ирдэг нь нийлүүлэлтийн эх сурвалж болдог ажээ. Нийгэм хөгжихийн хэрээр интернет орчноос мэдээллийг чөлөөтэй олж авдаг болсон, нөгөөтэйгүүр уг бодисын хор уршгийн талаар ялангуяа залуучууд тэр бүр сайн ойлголтгүй байдгаас гэмт хэрэгт уруу татагдахад хүрдэг зэрэг олон хүчин зүйлс энэ гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа юм байна.
Судалгааны дүнгээс үзэхэд дээрх гэмт хэргийн гаралт жил бүр өсөн нэмэгдэж цаашид зөвхөн хууль хяналтын байгууллага төдийгүй, бусад төр, захиргаа болон хувийн хэвшлийн байгууллагаас урьдчилан сэргийлэх талаар тодорхой ажил санаачлан, дэмжлэг үзүүлж хамтран ажиллах шаардлагатай байгаа талаар нийслэлийн прокурорын газрын прокурорууд хэлж байлаа.
Дээр дурдсан судалгааны мөрөөр Нийслэлийн прокурорын газраас харилцан ажилладаг төр захиргааны байгууллага, ерөнхий боловсролын болон Их, дээд сургуулийн оюутан, сурагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, яриа таниулгыг зохион явуулахаар сургалтын материал, гарын авлагыг боловсруулан ажиллаж байна.
URL: