Ардын намд АЮУЛЫН ХАРАНГА дэлдэж эхэллээ

Алдарт “Прогноз” төвийн судалгааны дүн гарчээ. Алдарт гээд байгаа нь энэхүү судалгааны төвийн судалгаагаар хуучин ху нар буюу МАН-ынхан нийгэмд ямар бодлого барих, сонгуулийн ажлаа хэрхэн явуулах, хар муу юу хийж болох зэргээ төлөвлөдөг байхгүй юу. Ингэсний хүчинд их удаан хугацаанд засаглалд сууж байгаа юм. Үүгээрээ их алдартай байгууллага. Ерөөсөө МАН-ын гол луужин л даа. Сонгууль бүрийн дараа энэхүү судалгааны төвийн дарга байсан хүмүүст том шан харамж ирдэг. Тухайлбал 2000 оны сонгуулийн дараа тус төвийн дарга А.Цанжидад БСШУ-ны сайдын суудлыг бэлэглэж байлаа. Удаах 2004 оны сонгуулийн дараа тус төвийн дарга О.Эрдэнэчимэгийг Элчин сайдаар явуулж байлаа гээд. Одоогийн дарга Б.Одхүү л харин мэнгэ нь голлож байх шиг байна.

Энэхүү “Прогноз” төв нь өнөөдөр “Нийгмийн ардчиллын хүрээлэн” гэсэн нэртэй болжээ. Ингэж ач холбогдол өгч, төсөв хөрөнгө хаясан том байгууллага болгох нь МАН-ынхны хувьд чухал л даа. Судалгааны байгууллагаас тагнуулын байгууллагын хэмжээнд хүргэж байгаа нь энэ юм. Ингэж дүгнэх өөрийн гэсэн өнгө төрхтэй, арга туршлагатай байгууллага л даа, “Прогноз” нь. Нэг жишээ авахад 2004 оны сонгуулийн явцад энэ төвөөс авсан судалгааны дүн, зөвлөмжийн дагуу нэгэн тойрог дээр муухай пиарыг хуучин ху-гийнхан хийж байсан нь санаанд байна. Хувьсгалт намын нэгэн залуу, Ардчиллын нөхөрт ялагдах нь “Прогноз”-ын судалгаагаар тодорхой болохгүй юу. Ингээд яах вэ гэдэг асуудалтай ху-чууд тулгарсны эцэст ийм арга хэмжээ авсан юм. Сонгуулийн сурталчилгаа дуусахаас гурав хоногийн өмнө Хувьсгалт намаас нэр дэвшигчийн зураг томоор хадсан гэрэлт самбарууд замын хажуугаар олон тавьсан байсныг ганцхан шөнийн дотор лоомдож хагачсан юм. Маргаашаас нь эхлээд ху-гийнхан “Ардчилсан намынхан ийм л муухай, хүний үнэргүй загнадаг байхгүй юу. Манай нэр дэвшигчийн самбаруудыг яаж лоомдож хагачсаныг нь хардаа” гээд пиардсан. Сонгогч түмэн “Нээрэн ямар муухай юм бэ. Хүнийг ингээд байх даа яахав дээ, муу ардчиллынхан” гэж хоёр өдөр шуугиад санал хураалт явагдаж билээ. МАН-ынхан л хэдэн залуу гаргаад үүрийн 4.00 цагийн орчим лоомдчихсон байдаг юм. Өрөвдүүлэх тактик гэж түүнийгээ сүүлд нь нэрлээд байсан санагдаж байна шүү. Өрсөлдөгч нь ялагдлын дээр “Яасан муухай юм хийдэг новш вэ” гэсэн нэр зүүсгэлтэй сонгууль дуусгасан юм. Ийм л “юм”-ыг энэхүү “Прогноз” төв, өнөөдрийн “Нийгмийн ардчилалын хүрээлэн” судалгааны байгууллагынхан хийж ирсэн билээ.

Энэхүү судалгааны хүрээлэнгийнхэн сая, есдүгээр сарын 16-30-ны хооронд нийслэлийн иргэдийн дунд уламжлалт, нарийвчилсан судалгаа явуулжээ. МАН-ын рейтинг ямар түвшинд байна гэж. МАН-ынхан маш сайн нууцалж чаддаг судалгааны энэ дүнгээ алдчихаж. Алдах алдах даа бүр Н.Энхбаярт алдчихаж. Н.Энхбаярт үнэнч цэргүүд энэ намын гурван гишүүн тутмын нэг нь байгаа болохоор алдалгүй яахав дээ. Энэ судалгаагаар МАН-ын рейтинг уначихжээ. Улаанбаатар хотод МАН-13 хувь, АН-15.4 хувь, МАХН-6.5 хувьтай гарсан байна. Энэхүү 13 хувийг 76 гишүүндээ хуваагаад үзэхээр улсын хэмжээнд МАН-ын 9 гишүүн л гарахаар байгаа юм. Улаанбаатараас бол нэг ч хүн гарахгүй нь тодорхой болжээ. Тус судалгааны дүнгээр бэлэн мөнгө амалсанд санал өгөхгүй, олон жил болсон намд санал өгөхгүй, олигархуудад санал өгөхгүй гэхчлэн гарсан байна. МАН-ынхан сүүлийн үед сүйд болоод бэлэн мөнгө тараахгүй, манай МАН бол шинэ, Ерөнхий сайдаа огцруулдагч юм бил үү… гэхчлэн гайхуулаад байсан нь ийм учиртай байж. Нууж байсан судалгааных нь дагуу л хийгдэж байсан ажил нь юм байна.

Одоо үнэнтэй эвлэрэх цаг нь болсон доо, Сү.Батболд, У.Хүрэлсүх… эд нар. Үхтлээ айх хэрэггүй юм. Үнэний эсрэг сөргүүлж гаргах хуучин муу санаа сэдэл, арга залиа ч хаямаар юм. Өөрсдөдөө дүгнэлт хиймээр юм. Та хоёр дэлгүүрт очиж талх авахад л ард түмэн ямар байгааг бага ч болтугай харчихна. Та нарын нууж байгаад алдчихсан тэрхүү судалгааны дүнгийн тайланд чинь тод хараар “Аюулын харанга дэлдэж байна” гэж бичээд та нарт танилцуулсан хэсэг байна лээ. Энэ бол үг шүү. Судалгаагаар нийслэлд ногоон намын Д.Энхбат ардаа дөрвөн хүнийг хийж их өндөр рейтингтэй гарсан байна лээ. Тэгсэн та хэдийн нэр Д.Энхбатын ард цогиж явах тэрхүү дөрвөн хүний ард явж байна лээ. Энэ чинь л талхны үнэ 100 төгрөгөөр нэмэгдэхэд ард түмний нуруун дээр ямар их дарамт ирдгийг мэдэхгүйг чинь хэлж байгаа хэрэг. Талхны үнийг ярихаар та нар жижиг юм ярилаа гээд урдаас том том мөнгө, хөрөнгө оруулалт ярьдаг. Тухайлбал Ерөнхий сайд “Айванхоу майнзаас монголчуудад 850 сая ам долларын ажил санал болголоо, энэ ажлаас нь авч хий л дээ. Тэгэх юм бол ажилгүй иргэн байхгүй болно. Манай Засгийн газраас 1.5 их наяд төгрөгийн ажлыг ард түмэндээ санал болгож байна, үүнээс авч хий л дээ. Гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, олон улсын байгуулагуудаас 500 сая ам долларын ажил санал болголоо, түүнээс авч ажил хий л дээ” гэж ярих. Үнэхээр их мөнгө. Энэ их мөнгөнөөс чинь иргэн Болд аваад ажил орлоготой явах боломж байгаа юм уу. Үнэндээ боломжгүй шүү дээ. МАН дагасан 200-400 өрхийн хүмүүс л тендер нэрээр энэ их мөнгийг авдаг. Авахын тулд төрд буй луйварчдад авлига өгдөг. Тендер авдаг, төрд ажилладаг ийм хоёр бүлгийн 1000 орчим өрх айлын хүмүүс л монголын энэ их баялгийг хувааж хагарталаа баяжиж байна. Ард түмэнд юу ч хүртэхгүй. Үүнийг л олж харах хэрэгтэйг, олж харсан бол баялагын тэгш хувиарлалтын төлөө шударгаар ажиллахыг сануулж ард түмэн чинь танай намд ийм үнэлэлт дүгнэлт өгч байна. “Буурлын буян, аавын хишиг жаахан баялгийг минь том ах та л ганцаараа цуслаад байна ш дээ” гэж төрийн эрхэнд мөнхөд хадаастай байгаа МАН-ын дарга та нарт ард түмэн наад судалгаагаар чинь хэлээд байна.

Тэнгэрийи одоос их мөнгө төгрөг, төсөл төлөвлөгөө ярих МАН-ын дарга нар газар дээр бууж ирээд амьдралтай танилц. Та нар АНУ-ын Ерөнхийлөгч, амьдралтай яаж танилцдагийг мэдэх үү. Америкийн Ерөнхийлөгч өглөө 5.00 цагт босдгийг ард түмэн нь мэддэг юм шүү дээ. Тэгж боссон Обама хамгийн эхлээд хаана бослого гарав гэдгийг, дараа нь хаана бослого гарч болохоор байна, дараа талхны үнэ ямар байна … ийм гурван мэдээллийг эхлээд авдаг юм гэнэ лээ. Өргөн утгаар нь ойлгоорой. Хаана бослого гарч болохоор гэдэг нь Америкт бензиний асуудал ямар байна… Иракт дайн гаргах ёстой юм байна гэдэг ч юм уу. Үйлчлэгч нь түүнд “Таны өглөөний цайнд нэг долларын сүү, хоёр долларын загас…” гээд танилцуулахад л ард түмэнд энэ үнэ… гэж харьцуулдаг гэхчлэн тэдний хэвлэлүүд бичсэн байдаг юм. Их гүрний, их том удирдагчид амьдралаас тасрахгүйн тулд ажил, амьдралын хэмнэлээ ингэж тохируулдаг бололтой. Манай томчууд яадаг гэхээр өглөөний 8.00 цагт үсэрч босоод түгжрэл дээр түгжрэл нэмэн дохио юмаа хангинуулан жолооч нарын бухимдлыг баран ордондоо ирдэг.

Ийм байхад иргэд үнэн дүнгээ тавилгүй яахав дээ. Энэ судалгаагаар МАН харин ч өндөр рейтингтай гарсан байна. Мэдээлэлд харьцангуй ойр нийслэлийн иргэд энэ намыг бараг дугуйлахгүй байх гэж бодож байсан юм. Тэгсэн басчиг хоосонгүй. Энэхүү “Прогноз” төв буюу “Нийгмийн ардчиллын хүрээлэн”-гийн судалгаа нь байнга үнэн зөв байдаг болохоор итгэхээс өөр арга алга. Тэгэхээр МАН энэ сонгуулиар үсгүй арчуулах нь тодорхой юм байна.

П.ХАШЧУЛУУН


URL:

Сэтгэгдэл бичих