Хуурамч арилжаа буюу МӨНГӨ ХҮҮЛЭХ АЖИЛЛАГАА

trtyhtubfgsaerthurХөдөө аж ахуйн бирж хөл дээрээ баттай зогсчихож. Өнгөрсөн онд л гэхэд “төрөөд” удаагүй тус бирж 400 гаруй тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Харин сүүлийн дөрвөн жилийн дүнг нь нэгтгэвэл нэг их наяд төгрөгийг хол давна.
Ингээд зогсохгүй тус биржийн арилжаа зарим үед Монголын хөрөнгийн биржийг хэд давж, хэд ч нугалаад байна. Олон тэрбумаар тоологдох мөнгөн дүн, оролцогчдын тоог харвал Хөдөө аж ахуйн бирж үнэхээр өндийжээ. Гэвч хөшгийг нь сөхөөд харвал тэс өөр “жүжиг” тэнд өрнөдөг бололтой.

Биржийн арилжааг тайлбарлахаас урьдаад хэдхэн жилийн өмнө манай бодлого тодорхойлогчид тус байгууллагын дүр төрхийг хэрхэн төсөөлж байсныг нэхэн саная. Угтаа ченжийн дамжлагыг халж, зах зээлд бодит үнэ тогтоох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор тус биржийн үүдийг нээж байсан түүхтэй.

Түүгээр зогсохгүй, бирж байгуулж, төрөөс бус малчдаас тэрбумтан төрүүлнэ хэмээн салбарын сайд нь амлаж байсан нь саяхан мэт санагдана. Ийм л өөдрөг төсөөлөл тээн төр түүхий эдийн биржийг төрүүлсэн түүхтэй. Гэвч гэгээн төсөөлөл гэнэн мөрөөдөл болон хувирчээ. Өрхөө татаад дөрвөн жилийн иүүр үзэж буй Хөдөө аж ахуйн бирж өдгөө шимтгэл авч, бичиг цаас арилжихаас хэтэрдэггүй албан газар болчихоод байна.

ЖҮЖИГ ХЭРХЭН ӨРНӨДӨГ ВЭ

Учрыг нь одоо тайлбарлая. Биржтэй болохоос өмнө манай аж ахуйн нэгжүүд болон ченжүүд хөдөө аж ахуйн түүхий эдийг малчны хотноос шууд худалдаад авчихдаг байв. Энэ байдал өнөөдөр ч өөрчлөгдөөгүй, хэвээр үргэлжилж байна. Тухайлбал, арилжаа нь ид сэргэж буй ноолуураар жишээ татахад гарц нь ихэсдэг хаврын энэ өдрүүдэд ченжүүд хэдийнэ зүүн аймгийг зорин, панз үсэргэж яваа биз. Тэд малчин Доржийнд бууж морьдон, үнэ тохироод, түүхий эдийг нь худалдан авч байгаа. Ийнхүү ченж, малчин хоёр хоорондоо тохирч, худалдаа хийнэ. Хөдөөнөөс хурааж авчирсан ноолуураа бизнес эрхлэгчид угааж анхан шатны боловсруулалт хийгээд, экспортлоход бэлэн болгодог. Малчин, ченж гэсэн энэ гинжин хэлхээ жил бүрийн хавар өрнөдөг зүй тогтол. Өнгөрсөнд ч өдгөө ч өрнөж буй үйл явдал. Гэхдээ хөрөнгийн бирж бий болсноор энэ гинжин хэлхээнд шинэ дамжлага нэмэгдсэн. Тодруулбал, бизнес эрхлэгчид бэлэн болсон түүхий эдээ шууд хилийн чанадад гаргадаггүй. Зөвхөн биржээр арилжих ёстой гэсэн шаардлагыг гаалийн байгууллагаас тавьдаг. Тиймээс “Биржийн бичиг авчир” хэмээн гаалийн байцаагчид нэхээд гэдийчихдэг аж.

Гэтэл түүхий эдээ биржийн лангуунаас бус малчны хотноос худалдаж авсан ченжид байцаагчийн “ам”-ыг таглах нотолгоо хэрэгтэй болж байгаа юм. Ингээд л арилжаа хийсэн нотолгоо авахын тулд Хөдөө аж ахуйн бирж рүү харайлгадаг. Улмаар малчдаас авсан ноолуураа биржийн лангуун дээр тавиад, буцаагаад өөрөө худалдаж авдаг. Ердөө хэдхэн хуудас цаасны төлөө шүү дээ. Үүгээр зогсохгүй, өөрөө өөрөөсөө худалдан авсныхаа төлөө шимтгэл төлнө. Ингэж зохиомол худалдаа, хуурамч арилжааг хийх гэж зовон байж, адаг сүүлд нь хилийн чанадад экспортлодог байна. Лангуу нь хоосон бирж яагаад арилжаа хийгээд байдгийн шалтгаан нь энэ. Цаашлаад олон тэрбумаар хэмжигдэх арилжааны цаана ийм л жүжиг өрнөдөг аж.

Хөдөө аж ахуйн бирж шимтгэл авч, бичиг цаас арилжихаас хэтэрдэггүй албан газар болжээ

Хувийн хэвшлийнхний мэдээлж буйгаар нэг чингэлэг ноолуур, ноосыг биржээр дамжуулан борлуулахад нэг сая орчим төгрөгийн шимтгэл, даатгал зэргийг төлдөг үе ч байжээ. Санхүүгийн зохицуулах хорооны баталснаар тус биржээр дамжих арилжааны үнийн дүнгийн 0.04 хувийг шимтгэл хэлбэрээр авдаг журамтай. Ийм л эмгэнэлт жүжиг Хөдөө аж ахуйн биржид нүүрлэсэн.

“Ингэнэ гэж бид огт төсөөлөөгүй. Хууль эрх зүйн орчин нь боломжийн бүрдсэн. Гэхдээ хоёр хүний хэлцлээс шимтгэл авч, дундаас нь ашиг олдог оффисын зориулалттай байр болно гэж бодоогүй. Гэрээ бүртгэх, экспортын зөвшөрөөл олгох нь биржийн үйл ажиллагааны ердөө нэг хэсэг. Гол зорилго нь малчин, үйлдвэрлэгч хоёрыг холбосон дэд бүтэц бий болгоход оршиж байсан юм” гэж тус биржийн тухай хуулийн төслийг боловсруулсан Ч.Энх-Амгалан ярилаа.

ХУУЛЬ БУС ТАЙЛАН ДАГУУЛСАН ХУДАЛДАА

Харамсалтай нь хуурамч арилжаанаас хамгийн их хохирч буй нь малчид. Биржтэй болж, ченжийн дамжлагыг халж, бодит үнэ тогтох боломж бүрдлээ хэмээн магнай нь тэнийж суусан малчид өдгөө урам хугарч байна. Учир нь бизнес эрхлэгч малчидтай наймаа хийхдээ биржийн шимтгэлийг тооцож, тэднээс түүхий эд худалдаж авдаг. Мэдээж, бизнес эрхэлж буй хүн санхүүгийн тооцоонд үндэслэн худалдаа хийх нь гарцаагүй. Тиймээс биржийн шимтгэлийг малчдаар төлүүлдэг байна.

Дөрвөн цагийн эргэлтэд мал даган амьдарч, хөрс бэлчээрээ талхлан байж бэлтгэсэн ноолуураа тэд өнөөг хүртэл бодит үнэд хүргэж чадахгүй байсаар. Харин төр бирж нэртэй шимтгэл авах шинэ арга ашиглан, малчдын халаасыг хоосолж, бизнес эрхлэгчдэд шинэ саад учруулсныг үүнээс харж болно.

Ингээд зогсохгүи шударга бус тогтолцоо нь хууль бус үр дагаврыг ч дагуулсаар. Хувийн хэвшил худалдан авсан түүхий эдээ биржээр дамжуулан дахин худалдан авдгийг дээр өгүүлсэн. Ингэхдээ бизнес Эрхлэгчид малчдаас авсан мөнгөн дүнгээ тайлан балансдаа тусгадаг. Харин биржээр дамжуулж хийсэн арилжааныхаа дүнг хуурамч дансанд “даатгадаг” байна. Ингээд л хувийн хэвшил хуурамч данс хөтлөх шаардлага үүсдэг. Энэ нь ч аргагүй. Өөрөө өөртөө зарж буй тул татварын тайландаа юү ч гэж тусгах билээ дээ. Монголын арьс ширний холбооны гүйцэтгэх захирал  Т.Баярсайхан “Нэг барааг хоёр дахин худалдаж авах шаардлага үүсдэг. Ингэснээр Хөдөө аж ахуйн бирж бизнес эрхлэгчийг хүссэн, хүсээгүй хууль бус баланс хөтлөхөд хүргэдэг юм” гэв.

Тэгвэл эдгээр асуудлыг шийдэхийн тулд малчид, бизнес эрхлэгчдийг арилжаанд татан оруулах шаардлага гарна. Гэвч үүнд зарим саад тулгардаг байна. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд зааснаар 10 сая төгрөгөес дээш хэмжээний арилжаа хийвэл татвар төлөх ёстой. Тиймээс малчид хоршоо болж арилжаанд оролцохоос илүү компаниудад түүхий эдээ бэлэн мөнгөөр шууд борлуулахыг сонгодог. Тиймээс малчдын идэвх сул байдаг аж

» Биржээр дамжуулан борлуулахад нэг сая орчим төгрөгийн шимтгэл төлдөг үе ч байжээ.

» Арилжааны үнийн дүнгийн 0.04 хувийг шимтгэл хэлбэрээр авдаг журамтай.

» “Өнгөрсөн жилүүдэд биржийг сонгодог утгаар нь ажиллуулж чадаагүй. Ердөө түүхий эдийг экспортод гаргахын тулд ажиллуулж байсан дутагдал бий.

Цаашлаад Хөдөө аж ахуйн бирж ч арилжаанд бэлэн биш байна. Биднийг биржийн арилжааг сурвалжлахаар очиход технологи нь бэлэн биш байв. Гэтэл энэ бирж байгуулагдаад дөрвөн жилийн нүүр үзэж байгаа төдийгүй олон тэрбумаар хэмжигдэх арилжаа хийж амжсан архаг байгууллага баймаар.

Өргөн уудам нутгийг хамран арилжаа хийх дэд бүтэц бүрэн шийдээгүй өдий хүрснийг албаныхан ч өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа. Түүхий эдийн арилжаа дагасан дэд бүтэц, төлбөр тооцооны систем балаг хөгжөөгүй гэхэд болно. Энэ нь Хөдөө аж ахуйн биржийг мөлжих алба болгоход хүргээд байна. Арилжаа хийх худалдсан түүхий эдээ зөөх баталгаат тээвэр, аюулгүй агуулах өнөө хэр дутагдалтай. Үүнийг ч шинээр томилогдсон гүйцэтгэх захирал нь хэлж байв.

Уг нь тус биржид технологийн шинэчлэл хийхийн тулд хэсэгчлэн хувьчилсан. УИХ-ын тогтоолоор эхний ээлжинд биржийн 51 хувь буюу 106.350 сая хувьцааг хаалттай хүрээнд гаргасан юм. Гэвч хувьцааг нь худалдаж авсан төлбөр өнөөг хүртэл бүрдээгүй байгаа аж. Одоо татан төвлөрүүлэх ажил үргэлжилж буй. Ийм л бүүдгэр байдал тус биржид нүүрлэсэн байна.

Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатар “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жилүүдэд биржийг сонгодог утгаар нь ажиллуулж чадаагүй юм байна. Ердөө түүхий эдийг экспортлохын тулд ажиллуулж байсан дутагдал бий. Үүнийг засч, залруулна. Ойрын ирээдүйд таваарын бирж болгохоор зорьж байна. Зөвхөн хөдөө аж ахуйгаас гадна уул уурхайн түүхий эдийг арилжина” гэж амласан. Түүний амлалтыг ажвал биржийн шинэ удирдлага гажиг тогтолцоо, системийн цоорхойг ойлгож байгаа аж. Гэвч сайхан амлалт, гэгээн төсөөлөл малчид, бизнес эрхлэгчдийг тэтгэх бус хэрхэн мөлждгийг хангалттай амсаж байна. Цахим системийн цаана өрнөх хуурамч арилжаа, мөнгө хүүлэх ажиллагаа одоо ч үргэлжилсээр. Тиймээс амлалт бус ажил хэргийг шинэ удирдлага чухалчилна гэж найдъя.

[ЗГМ]


URL:

Сэтгэгдэл бичих