Аутизм буюу ганцаараа байхыг эрмэлзэгч
Уинстон Грумын “Форрест Гамп”, Дастин Хоффманы “Борооны хүн”, “Морьтой жаал” зэрэг кинонд аутизмын сэдвийг хөндөж, олон нийтэд хүргэж байсан. Мөн дэлхий нийтэд дөрөвдүгээр сарын 2-ныг Аутизмын өдөр хэмээн зарласан. Тиймээс аутизм гэж чухам юу болохыг “Монголын Аутизмын холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Алтангэрэлээс тодрууллаа.
-Аутизм гэж чухам юу вэ?
-Аутизм гэдэг бол өвчин биш. Аутизмын хүрээний эмгэг гэсэн албан ёсны нэршилтэй. Тархины үйл ажиллагаа саатах нэг төрлийн эмгэг буюу нийгмийн харилцааны бэрхшээл хэмээн хэлж болно. Ийм эмгэгтэй хүмүүсийн 30 гаруй хувь нь хэл ярианы бэрхшээлтэй байдаг. Зарим нь сонсголгүй ч байх тохиолдол бий. Эмгэгийн үүссэн шалтгаан нь дэлхий нийтэд тогтоогдоогүй. Бага насанд хийлгэсэн вакцинаас, генийн өөрчлөлт, хүнд металлын хордлого, удамшлын зэрэг хэд хэдэн таамаглалыг дэвшүүлсэн байдаг. Тиймээс энэхүү өвчин нь насан туршид эдгэрдэггүй эмгэг. Голдуу хоёр настайгаас нь мэдэгдэж эхэлдэг.
-Монгол Улс болон дэлхийн хэмжээнд ийм эмгэгтэй хэчнээн хүн байдаг вэ?
-Монголын хэмжээнд 18000 гаруй хүн байх магадлалтай. Гэхдээ одоогийн байдлаар бүртгэлтэй 130 орчим хүүхэд байна. Дэлхий нийтэд гаргасан судалгаа одоогоор алга. Гэхдээ тухайн улсын нийт хүн амын 0.62 хувь нь аутизмын хүрээний эмгэгтэй байх магадлалтай гэж үздэг.
-Ийм эмгэгтэй хүмүүст ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Энэ төрлийн эмгэг голдуу хүүхэд насанд илэрдэг бөгөөд шинж тэмдгийн хувьд хэвшмэл дэг журам шаардаж, тогтсон үйл хөдөлгөөн, өвөрмөц зүйл хийж, сонин дуу авиа гаргах, ганцаараа байхыг эрмэлзэх зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Ялангуяа бага насны хүүхдэд энэ шинж тэмдэг хүчтэй илэрдэг. Харин сургуулийн насны хүүхдэд хэл ярианы бэрхшээл, зожигрох, хүний нүд рүү эгцэлж харахгүй байх зэрэг шинжүүдээр илэрдэг байна.
-Хүүхдээ ийм эмгэгтэй, эсэхийг нь яаж мэдэх вэ? Сонин содон зүйл ажиглагддаг болов уу?
-Нийгмээс ирж буй цочролд хүүхэд өөрийгөө илэрхийлж, хариу үзүүлж байгаа арга нь бархирч орилох, тэрийж унах, өөрийнхөөрөө гөжих зэргээр ажиглагддаг. Хэрэв ийм үйлдэл үзүүлж буй хүүхэдтэй таарвал ямар сонин юм бэ гэж харахаасаа илүүтэй яагаад ингээд байгаа юм бол, арай аутизмтай юм биш биз гэдэг байдлаар харах хэрэгтэй. Мөн дээр дурьдсан шиг зүйлүүд ажиглагдвал шууд манай байгууллагад, эсвэл Шар хадны эмнэлгийн хүүхдийн сэтгэцийн эмчид үзүүлэх шаардлагатай.
-Аутизмын эмгэгтэй үед эмчилгээ эсвэл, ямар нэг засал хийгддэг үү?
-Өвчин биш учраас эдгэнэ гэсэн ойлголт байдаггүй. Мөн төгс эмчлэгддэггүй. Насан туршид нь аутизм гэх нэрийн хуудас дагалддаг. Гэхдээ аутизмтай хүүхдээ хэр хөгжүүлж чадна, тэр хэрээр л хөгжинө. Аутизм гэж оношлогдсон үеэсээ илүү хөгжсөн нэгэн байхад хөгжиж чадаагүй, бүр дордсон тохиолдол ч бий.
Тиймээс аутизмтай хүүхэд бүрийг хөгжүүлэхийн төлөө ээж, аавууд, холбогдох боловсролын байгууллагууд хамтарч ажиллах хэрэгтэй. Ийм эмгэгтэй хүүхдүүдэд хэл ярианы дасгал, хичээл заах, сэргээн засах эмчилгээг олон цагаар тусгайлан хийх шаардлагатай.
Г. Оюунтөгс
Засгийн газрын мэдээ
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
вакцин л даа.