Гоо сайхны зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байсан этгээдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

149086775458dcd62a55963Гоо сайхны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлгүй, Монгол Улсад бүртгэлгүй эм тариагаар эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байсан гоо сайхны газрын үйл ажиллагааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас олж үйл ажиллагааг нь зогсоосон байгаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Рапид харш” хотхонд БНСУ-ын иргэн Чоо Ганг Мен гоо сайхны газар ажиллуулж, өөрөө байрлаж байсан юм. Чоо Ганг Мен гэгч эмнэлгийн бус нөхцөлд, эрүүл ахуй халдвар хамгааллын шаардлага хангахгүй орчинд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “miracle, kabellien” зэрэг тариаг хэрэглэн эмчилгээний гоо заслын үйлчилгээ үзүүлж байжээ.

Иймд гоо заслын үйл ажиллагааг улсын ахлах байцаагчийн актаар зогсоож, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй хоёр нэрийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч устгалд оруулсан байгаа юм.

Түүнчлэн Чоо Ганг Менийг цагдаагийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар албаны эх сурвалж хэлэв.

Дээрх хяналт шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй бөгөөд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй эмээр арьс салтын бүрэн бүтэн байдлыг алдагдуулж гоо заслын тусламж үйлчилгээ үзүүлж, тусламж үйлчилгээнээс үүсэх эмнэлгийн хог хаягдлыг зохих журмын дагуу устгах арга хэмжээ аваагүй байсан нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварт өртөх эрсдэлийг бий болгосон гэдгийг НМХГ-аас мэдээлсэн юм.

О.Сайхан

zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих