С.Зоригийг хөнөөсөн хэрэг ба таамаглалууд

7511Улс төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг алсан хэрэг илрээсэй гэж монголчууд олон жил хүлээж байгаа. Одоо хэрэг захаасаа илэрч олны хүртээл болж эхэлж байх шиг байна. Гэхдээ асуудал но гэдэг шиг зүйлс их ажиглагдах юм аа. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр иргэд бидэнд ирж буй мэдээллээс ажихад хэдийгээр ахуйн эр эмийн хардалт сэрдэлтийн шинжтэй гэж таниулахыг оролдсон ч гэлээ захиалж хүнийг алсан, улс төрийн хэрэг байсан шинжтэй болох нь улам тодорхой болоод байх шиг ээ. Хэргийн талаар монголчууд янз бүрээр л ярьж бичиж буйг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, социал сайтуудад тавигдсан мэдээнүүдээс харж болно.

Гол зүйл захиалагч дээр төвлөрч байна уу даа. Хэн байв аа. Одоогийн байдлаар захиалагч нь талийгаач Отгонбилэг байсан гэх зам руу хөтлөөд байна. Талийгаач Зоригийг захиалгаар алсан хүмүүс нь Отгонбилэгийн талын хүмүүс байсан болж ял авч буйгаас үзэхэд тийм л дүгнэлтэд олон нийтийг хүргэхээр байна. Талийгаач хүн рүү чихээд өнгөрөх гээд байна уу. Түүний ард үр хүүхэд нь одоо ч амьд сэрүүн байгаа шүү дээ. Хэрэв тийм бол яагаад Отгонбилэг агсан Зоригийг захиалах билээ гэдэг асуудал үүснэ. Мэдээж мөнгө, эрх мэдэл, ашиг сонирхлын зөрчлийн яриа л тийм түвшний хүмүүсийн хувьд үүсэх бизээ.

Хөдөлмөрийн баатар Отгонбилэг нь Эрдэнэт үйлдвэрийн дарга байхдаа энэ үйлдвэрийг зогсоочилгүй, өөд нь татаж яван Монгол Улсын эдийн засаг хүнд үед зэсийн бүтээгдэхүүн борлуулснаас үүдсэн их мөнгө улсад оруулж амь тариа хийж байсныхаа төлөө хөдөлмөрийн баатар цол хүртсэн байдаг. Мөн их баяжсан, хөрөнгөтэй хүн болсон байсан нь гадаадын дансанд байсан мөнгийг нь эхнэр хүүхэд нь авах гэж оролдоод бүтэж өгөхгүй байгаа тухай хэвлэл мэдээллээс ил болж байсан. Улсын төлөө чөмгөө дундартал зүтгэж байсан хүн юм бол талийгаач Отгонбилэг нь хэзээдээ өчнөөн сая ам.долларын хөрөнгөтэй болтлоо баяжиж амжих билээ дээ.

Тэгвэл Отгонбилэг агсан ард түмний баялаг болох зэсийн баяжмалыг гадаад зах зээлд борлуулах явцад үүссэн зөрүүнээс завшиж баяжсан юм биш биз, тэгээд түүнийгээ нуухын тулд улстөрчид, намуудад хандив авлига өгч аргалж байсан юм биш биз, түүнийг нь мэдсэн, бизнесийг нь таслахыг оролдсон Зоригийг алсан юм болов уу, одоо тэрнийг нь нэхэх гэхээр амьд сэрүүн болоод төр, улсад нөлөө бүхий эрхмүүдэд, намуудад халтай болох гээд байгаа юм биш биз, хэргээ нуун дарагдуулахын тулд хэргийн үнэнд ойртсон мөрдөгч, байцаагч, хууль хяналтын хүмүүсийг устгаад байсан юм биш биз, үүсгэсэн хэргийнхээ золиос нь Отгонбилэг агсан өөрөө болж нисдэг тэрэгний ослоос сүйдсэн юм биш биз, сүүлийн үед МАНАН-гийн намынхны дунд үүссэн намналдаан нь явсаар байгаад эргээд Зоригийн аллага, Отгонбилэгийн агсаны үхэл, хувьчлал зэрэг олон асуудал руу эргээд байгаа юм биш биз гэхчлэн олон эргэлзээ таамаглалуудыг үүсгээд байна. Мөн гадаад улсын гар орсон юм биш биз гэдэг ч таамаглал байдаг. Үүнийг харин хэр зэрэг судалсан тухай мэдээлэл хомс.

Ямартай ч энэ хэргийг илрүүлэх нэрээр нэлээд олон жил улс төрийн намууд, улстөрчид шоудаж сонгуульд орж, албан тушаалд хүрцгээсэн. Зарим нэг нь илрэхгүй, илэрвэл хэлсэн хүн нь үхнэ гэж хүртэл олныг айлгаад байх шиг. Ямар санаатайг бүү мэд. Ямартай ч хэрэг илрэхгүй бол энэ улсад үнэн юм гэдэг байдаггүй гэж хэлсэнтэй адил болж нөгөө ардчилал, ил тод байдал, тусгай хангамж, хүний эрх, эрх чөлөө, шудрага ёс энэ тэр гэж яриад ч нэмэргүй болох биз ээ. Илрүүлэх нэрээр гэмгүй хүмүүсийг дашрамд нь бүү хэлмэгдүүлээсэй.  Харин одоо  “….эзнийг нь цаад эзнийг нь …” гэж кинон дээр гардаг шиг цаад эзэн нь, эзэд нь л монголчуудад хэрэгтэй байна.

Иргэн Ц.Мөнхжаргал


URL:

Сэтгэгдэл бичих