Сонгинохайрхан дүүрэг “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлалаа
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн санаачилгаар “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян эхэллээ.
Нийслэлийн дүүргүүдээс хамгийн том газар нутагтай Сонгинохайрхан дүүрэгт хогны асуудал их бий. Улаанбаатар хотын хог хаягдлын 60 хувь нь тус дүүрэгт байрлах Нарангийн хогийн цэгт төвлөрдөг бөгөөд гэр хороолол ихтэй учраас ахуйн хог хаягдал их байгаа юм. Дүүргийн хэмжээний 32 хорооны нутаг дэвсгэрт нийт 166 үүсмэл хогийн цэг байдаг байна. Энэ нь нийт 1200 орчим рес хог хаягдал гэсэн үг юм. Цас хайлж хур хог ил гарч байгаа энэ үед Сонгинохайрхан дүүргийнхэн “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аян зарлажээ.
Төсөв мөнгөний хүндрэлтэй гээд хогондоо дарагдаад суух биш байгаа бололцоогоо ашиглаж, сүүлийн 3-4 жилд үүссэн үүсмэл хогийн цэгийг арилгаж иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хог хаяхгүй байх дадал төлөвшүүлэх, үүсмэл болон хур хог хаягдлын цэгийг бүрэн устгах, дахин хог хаягдлын цэг үүсгэхгүй байх үйл ажиллагааг идэвхжүүлэх, хог хаягдлыг бууруулах талаар шинэ арга барил бүхий санал, санаачлагыг дэмжих зорилгоор тус дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/145 тоот захирамж гаргажээ. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” аянд тус дүүргийн 32 хорооноос гадна нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, хог хаягдал цуглуулалт, тээвэрлэлтийн байгууллагууд оролцох юм. Хогноосоо салахад иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Иргэн бүр хоггүй орчныг бий болгоход гар бие оролцон, шинэ санал санаачлага гарган ажиллахыг уриалж байгаа ажээ. “Хоггүй орчин-Эрүүл амьдрал” болзолт уралдааныг 2017 оны 04 дүгээр сарын 01-нээс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зохион байгуулах гэнэ. Мөн Нарангийн энгэрийн хогийн цэгт хог боловсруулах үйлдвэр байгуулах талаар Япон улстай хамтран ажиллах төсөл хэрэгжүүлэх болсон байна. Нүдэнд ил харагдах хог хаягдлаас гадна хөрсний бохирдол, орчны бохирдол иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс Сонгинохайрханчууд хур хогноосоо салах аяныг ийнхүү эхлүүлжээ.
URL: