МАН-ын ”ӨР дарсан” гэх Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа газар авсангүй
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн далд сурталчилгаа, “тархи угаах” ажиллагаа хэдийнэ эхэлжээ. Нэр дэвшигчдийн нэрс тавдугаар сард ил болох ч намууд хэдийнэ сурталчилгааны ажилдаа ханцуй шамлан орсон бололтой, сэтгэл хөдөлгөм таатай мэдээнүүд ар араасаа хөврөх боллоо.
Монгол Улс 2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая ам.долларын өр зээлээ бүрэн төлж, барагдууллаа гэх сайхан мэдээг хэдхэн хоногийн өмнө Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат олон нийтэд дуулгасан. Энэ үеэр тэрбээр “2017 оны гуравдугаар сард төлөх ёстой 580 сая долларын хугацаа тулсан өр зээлээ Монгол Улс төлж чадах уу, чадахгүй дампуурлаа зарлуулах уу гэсэн ард түмэн болон олон улсынхны эргэлзээ, тээнэгэлзээ дунд бид анх ажил авсан. Харин өнөөдөр Монгол Улс хугацаа тулсан бондын өргүй болж, 580 сая ам.долларынхаа өрийн асуудлыг бүрэн шийдэж, улмаар жолоо цулбуургүй мэт уруудаж явсан эдийн засагтаа ч, итгэл алдраад гараад явчихсан гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ч ногоон гэрэл асааж чадлаа. Энэ бол хоосон яриа, улс төрийн PR биш нь ердөө хэдхэн хоногийн өмнө олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан Засгийн газрын 124 сая ам.долларын захиалгатай бондод гадаадын хөрөнгө оруулагчид 3.3 тэрбум ам.долларын санал ирүүлснээс бэлээхэн харагдаж байна” хэмээсэн юм. Энэхүү мэдээ нь эх орноо гэсэн цохилох зүрхтэй хүн болгонд сайхан санагдаж, үнэхээр ногоон гэрэл ассан мэт хөөрцөглөж байв. Үүгээр ч үл барам Ерөнхий сайд болоод МАН-ынханг тахин шүтэж, өөр хооронд магтан ярьцгааж байлаа.
Гэтэл үүнээс гуравхан хоногийн дараа Ардчилсан намаас мэдээлэл хийж, өнөөх Ерөнхий сайдын бүрэн төлж барагдуулсан гэх их өрийг өмнөх өрнөөс ч өндөр хүүтэй бонд гаргах замаар өрийг өрөөр төлсөн болохыг дуулгав. Энэхүү мэдээлэл ёстой л олны зүрхэнд шар ус хуруулах шиг болсон нь нууц биш. Өрийг өндөр хүүтэй өрөөр дарсан талаар Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай “Монгол Улсын Ерөнхий сайд хэдхэн хоногин өмнө яам, агентлаг, газрын дарга нартай уулзах үеэрээ бодит үнэнийг гуйвуулсан, хэт улс төржсөн мэдэгдэл хийсэнд туйлын харамсаж байна. Үнэндээ өнгөрсөн долоо хоногт төлж дууссан гэж буй бондын өр бол 2012 оны 3 дугаар сард тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Сү.Батболдын Засгийн газрын үед гаргасан Евро бондын өрийг өрөөр дарах замаар “Хуралдай” бондыг гаргаж, тэрхүү 580 сая ам.долларын өрийг төлсөн. Гэтэл энэхүү өрийг бүрэн төлж барагдуулсан мэтээр мэдэгдсэн нь хариуцлагагүй үйлдэл боллоо. Евро бондын хүү 5.75, хугацаа нь 5 жил байсан бол саяны гаргасан “Хуралдай” бонд нь 8.75 хувийн хүүтэй. Ингэж л өндөр хүүтэй бонд гаргаж өрийг өрөөр дарлаа. Гэтэл үүнээс болж улсад хүүний зөрүүнээс 358 сая ам долларын хохирол учирч байна” гэдгийг мэдээлсэн. Энэхүү нүцгэн үнэн болсон мэдээлэл нь өнөөх тэнгэрт мандаад байсан Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, МАН-ынханы нэр хүндийг шаварт хутгаж орхисон юм.
МАН-ынхан дахин ард түмэнд таалагдах, сайхан мэдээг өчигдөр дуулгав. Тодруулбал “Монгол Улс “Чалко” компанид өргүй болж, улмаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны 1072 хувьцаанд ашиг хуваарилах боломж бүрдүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгосон. Чалкогийн ӨР-ийг төлж дууссан талаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2010 оноос хойш “Чалко” компанид 240 орчим ам.долларын зээл төлж, өнгөрсөн оны 10 дугаар сарын байдлаар 110 сая ам.долларын өр үлдсэн байсан. Үүнийг долоон сарын хугацаанд бүрэн төлж дууслаа. Энэхүү төлбөрийг төлж барагдуулахад манай компанийн зөв менежмент, Засгийн газраас өгсөн Баруун Цанхийн ордын олборлолтыг эхлүүлэх, нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулах чиглэл чухал үүрэг гүйцэтгэлээ. Нүүрсний үнэ 2016 оны есдүгээр сард тонн тутам нь 26 ам.доллар байсан. Баруун Цанхийн ордын нүүрсийг нээлттэй үнийн сонгон шалгаруулалтаар борлуулснаар 72.5 боллоо. Тус ордын нүүрснийг олборлох тендерт “Монгол уурхайчин нэгдэл” буюу “Хишиг Арвин”, “Олборлолт”, “Мера” компанийн хамтарсан төсөл ялалт байгуулсан. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүд нүүрсний олборлолт хийх техник, боловсон хүчинтэй болсныг илэрхийлж байна. Дотоодын аж ахуйн нэгжээр олборлолт хийлгэснээр 200 тэрбум төгрөг Монголд үлдэж байгаа юм” гэдгийг тодотгосон.
Угтаа бол төлж барагдуулсан гэх сүр дуулиан болгоод буй өрийг Монгол Улсын Засгийн газар 2011 онд буюу Ерөнхий сайд Сү.Батболдын үед Хятадын компаниас нүүрсээр төлж барагдуулах болзолтойгоор зээлж авсан мөнгө юм. Энэхүү мөнгийг МАН-ынхан сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлэн иргэдэд “Эх орны хишиг” 21 000 төгрөг болгон тараасан. Ингэхдээ тэд гэрээнд Монголын талд ашиггүй олон заалт оруулсан. Тухайлбал “Олон улсын зах зээлийн үнийг дагахгүй, БНХАУ-ын зах зээлийн үнийг дагана. БНХАУ-д үнэ буурвал бууна, өсвөл дагаж өсөхгүй” гэх мэт заалт оруулснаас болж өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК олон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж, дампуурлын ирмэгт хүрч байсан удаатай. Үнэн хэрэгтээ Шинэчлэлийн Засгийн газрын үед энэ заалтыг өөрчилснөөр нүүрсний үнэ ханш хөдлөх боломж бүрдэж, улмаар сүүлийн хагас жилийн хугацаанд нүүрсний үнэ дэлхийн зах зээлд өссөний ачаар ийнхүү өрөө төлж дуусгах боломж бүрдсэн хэрэг. Гэтэл МАН-ынхан энэ бүхнийг өөрсдөө хийж, эрийн сайндаа бусдын тавьсан өрийг төлж барагдуулсан мэт аашлаж байгаа нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байна.
Ямартай ч эрх барьж буй нам ӨР дарсан гэх PR-аар сонгуулийн сурталчилгаагаа эхэлж байгаа бол энэ бүхний үнэн нүүр царайг АН-ын илчлэх зарчимаар мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа хийж эхлэв бололтой.
Б.Энхжин
24tsag.mn
URL: