Ё.Отгонбаяр сайд аа, цалингаасаа хуваалцаач
Хэдхэн жилийн өмнө дөө, багш нарын цалинг урьд хожид байгаагүйгээр нэмж, түүнийгээ улс орон даяар нэр төртэй зарласан даа. Тэр дундаа БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр аль ч үеийн сайдуудаас илүү сайн ажиллаж, багш нарынхаа нийгмийн асуудлыг цогцоор нь шийдсэн маягийн юм ярьж байсан байх. Барилгын инженер 500 мянган төгрөгний цалин авахгүй байхад багш нарын цалин л тийм хэмжээнд хүрлээ гэж шуугиж, шаагицгааж байж билээ. Түүнээс болоод багш болох гэсэн хүүхдүүдийн тоо ч эрс нэмэгдсэн байх. Тухайн үедээ нэмэгдэж байгаа юм шиг л харагдаж байж, хэдэн төгрөг нь. Гэхдээ ердөө л хагас хүрэхгүй жилийн дотор эрхэм сайдын, шийдвэр гаргагчдын заль илрэх нь тэр. Учир юу вэ гэвэл, тухайн үед багш нарын цалинг нэмж байгаа гэж өдөр, шөнөгүй телевизээр ярьсаар байгаад өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх шалтгааны эх суурийг тавиад өгчихсөн. Гэнэт л бүхий л бараа таваар, идэж уух юмын үнэ өссөн нь тэр шоунаас болсон гэж олон хүн үздэг юм билээ. Түүнээс гадна хуучин багш нар өгдөг байсан анги даалт, дэвтэр засалт, зэргийн нэмэгдэл энэ тэрийг болиулчихсан. Үүнийг сүүлийн хэдэн жил багш нар амаа цангатал ярьсан. Улмаар цалин ямар нэг хэмжээгээр нэмэгдээгүй гэдгийг ч нийгэмд ойлгуулахыг хичээж байсан ч БСШУЯ-ны явуулсан зальт арга тухай бүрт нь дарж байсан байх. Яагаад гэвэл яамнаас, эрхэм сайд Ё.Отгонбаярын зүгээс багш нарын цалин Монголд ажиллаж байгаа ямар ч хүний авдаг мөнгөнөөс их болсон гэж цаг, минут тутамд иргэдэд, эрх баригчдад, тэр ч битгий хэл багш нар өөрсдөө итгэтэл ярьсан юм чинь. Өнөөх худлаа үгийг 1000 давтвал үнэн болдог гэдэг шиг л. Гэхдээ худлаа үг л худлаа үг. Сайдын үг 10 мянга хэлсэн ч худлаа гэдэг нь энэ жилээс яруу тодоор харагдаж эхэлсэн. Өнөөх жаахан нэмэгдэл нь өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтөд нам цохиулсан. Түүгээр барахгүй нэмэгдэхээс өмнө байсан цалингаас нь хулгайлж эхэлж байгаа. Монголд дундач цалин аль хэдийнэ 300 мянгад хүрчихээд байхад багш нар 200 гаруй мянган төгрөг авч байна гээд бод л доо. Улс орны ирээдүйн эздийг бэлдэж байгаа, боловсрол олгож байгаа багш нар ийм эмгэнэлтэй, ядуусын эгнээнд шилжихдээ тулан амьдарч байгаа нь өөрөө боловсролын чанарыг алдагдахад хүргээд байгаа. Өглөө сургууль дээрээ инээмсэглэн ирж, хүүхдүүдэд чанартай боловсрол олгохын тулд хамаг бүхнээ зориулах ёстой багш нар хоолны мөнгөө яаж олох, цалингийн зээлээ хэрхэн дарах талаар бодож өдөр хоногийг өнгөрөөж байна. Энэ талаар багш нар өөрсдөө ам уралдан ярьж байна. Эрхийнхээ төлөө тэмцэх гэж байна. Гэтэл эрхэм сайд Ё.Отгонбаяр одоо болтол худал үгээ тоть шиг давтаад л байгаа. Сүүлдээ хэрэг илрэх дөхөхөөр багш нарын цалинг 23 хувь нэмэх талаар ярьж эхэлсэн. Насаараа ажилласан багш 300 гаруй мянган төгрөг авдаг байлаа гэхэд 23 хувь нэмэгдээд 400 мянга ч болохгүй. Сайн талаас нь харж үзээд хүрдэг юм аа гэхэд, элдэв татвараа авсаар байгаад л 300 мянгад хүрнэ. Ийм хэмжээний мөнгөөр амьдрах гээд үз дээ, эрхэм сайд аа. Бардаггүй л даваа чинь тэр байх даа. Ингэж байхаар та цалингаа, орлогоо багш нар хуваагаад тараачихвал хангалттай хүрч байж магадгүй л байх.
Н.Энхболд
URL: