Б.Дэлгэрсайхан гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийнхөө хүмүүсийг шургуулж байна гэв үү?

8430

Ашигт малтмал, газрын тосны газарт  энэ сарын 22-ны өдрөөс  Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг агентлагийн албан хаагчдад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, арга зүйн туслалцаа үзүүлэхээр  ажиллаж эхэлсэн гэх албан мэдээлэл байна. Тэгвэл тус газарт ажиллаж буй АТГ-ын ажилчдад дайх үг байна. Юу гэхээр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Ашигт малтмал, газрын тосны газрын удирдлагуудтай ойр дотно байдлаа ашиглан өөрийнхөө хэд хэдэн хүнийг тус газарт ажилд оруулж, шургуулсан гэх мэдээллийг эх сурвалжууд хэлж ярьж байна. Тиймээс уг асуудлын мөрөөр шалган, нягталж Б.Дэлгэрсайхан гишүүн эрх сүрээ ашиглан, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоонуудыг тус газарт хийлгүүлсэн үү гэдэг асуудалд анхаарал хандуулахыг АТГ-аас хүсч буйгаа тодотгох байна.

Б.Дэлгэрсайхан гишүүний тухайд өнгөрсөн жилүүдэд оффшорын асуудлаар хэвлэлд олонтаа бичигдэж ирсэн. Мөн хууль зөрчсөн асуудлаар хоригдож шалгагдаж байсан нэгэн. Түүнийг  “Дорнын говь”-ийн гэх тодотгол өнгөрсөн жилүүдэд дагаж ирсэн.  Бизнесийн хүрээнээс танигдсан түүний мэргэжил нь бол мөрдөн байцаагч бөгөөд ажлын намтраас нь өгүүлэхэд, 1987 – 1989 онд Дорноговь аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1989 – 1992 онд ахлах мөрдөн байцаагч, мөрдөн байцаах газрын тасгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн бөгөөд 1993 онд “Дорнын говь” ХХК-ийг үүсгэн байгуулснаар бизнесийн салбарт эргэлт буцалтгүй хөл тавьсан байдаг. Нийгмийн шилжилтэд бүгд олноороо лавхан гишгээд байсан үед Б.Дэлгэрсайхан ч замаа сонгосон нь бизнес байсан байдаг. Нэгэнтээ бизнест хөл тавьсан тэрбээр өнгөрсөн жилүүдэд хятадуудтай нэлээд өргөн дэлгэр хамтын ажиллагааг өргөжүүлжээ. Ямартаа л тэрбээр Виржиний арлуудад хятадуудтай хамтарсан “Forever profit (Asia) holdings limited” гэх компаниа 2005 оны аравдугаар сард оффшор бүсэд бүртгүүлсэн бөгөөд Улаанбаатар дахь хаяг нь Чингэлтэй дүүргийн V хороонд оршдог гэсэн байдаг. Тэгсэн тэр хаягт нь  “Дорнын говь” компани нь бүртгэлтэй. Харин өөр нэг хаяг нь Сүхбаатар дүүрэгт орших нэгэн орон сууц байсан юм. Тус хаягаар Б.Дэлгэрсайхан “Eiffel View Universal Holdings” компани бүртгүүлсэн байдаг. Уг компанийг нь 2008 онд байгуулсан бөгөөд Сингапурт бүртгэлтэй юм билээ.

“Болдтөмөр ерөө гол”  гэх компанийн ард   Хятад,  Виржинийн арлуудаас хамтарсан хөрөнгө оруулагч байдаг гэдгийг Сангийн яамны албан хуудас баталгаажуулж байсныг хэлэх хэрэгтэй. Түүний  “Болдтөмөр ерөө гол”  компани нь  Монголын төмрийн хүдрийн ихээхэн нөөц бүхий ордыг хуу хаман урагш нь хил давуулах операцийг эхлүүлэн амжилттай явж ирсэн бөгөөд хоёр жилийн дотор 3.5 сая тонныг урагш нь урсгачихсан гэхээр үүргээ дажгүй биелүүлж байгаа хэрэг юм л даа. Тэрчлэн хууль журам зөрчсөн байж болзошгүй олон асуудалд холбогдож ирсэн. Тухайлбал,  “Дорнын говь” ХХК болоод “Болд төмөр Ерөө гол” компанийн хамтран байгуулсан  “Дорнын төмөр зам”  компани Сэлэнгэ аймгийн Ерөө суман дахь төмрийн хүдрийн ордоос өөрсдийн барьсан 90 км төмөр замаар хүдэр тээвэрлэн БНХАУ руу гаргахдаа вагоны даацын хэмжээг багасган гаальд мэдүүлж, онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй гэдэг үндэслэлээр хууль хяналтынхан Б.Дэлгэрсайханыг барьж, цагдан хорих 461 дүгээр ангид 72 цаг саатуулаад, прокурорын байгууллагаас батлан даалтад гаргах шийдвэрийг гаргасан удаатай. Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн албанаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулахаар УМБГ-т шилжүүлсэн гэдэг ч, тэгсхийгээд намжсан.Өнгөрсөн хугацаанд гарч байсан мэдээллүүдээс үзэхэд Б.Дэлгэрсайханыг  Н.Энхбаярын ойрын хүн гэж мэдээлсэн нь олон байдаг. Гэхдээ тэр МАХН биш МАН-д харьяалагдаж, улстөрийн карьераа хөөсөн. Гэхдээ хөшигний ард тэдний харилцаа ямар байдгийг шууд хэлэх аргагүй. Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх үед тус компани хувьдаа төмөр зам барих эрхийг авсан бөгөөд 2008 онд тус компани 150 хятад ажилчин оруулж ирэхэд ажлын байрны төлбөрөөс чөлөөлж өгсөн гэх  мэдээлэл хэвлэлүүдээр гарч байв. Засгийн газрын 2008 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдрийн 134 дүгээр тогтоолоор Баянголын орд газраас Ерөө өртөө хүртэл 98 км урттай төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгожээ. Төмөр замын суурь бүтцийг 100 хувь тухайн компанийн эзэмшлийнх байхаар зөвшөөрөл өгсөн нь Төмөр замын тээврийн тухай хуулийг зөрчсөн гэж шүүмжлэх хүмүүс олон байж ирсэн юм.

Тэгэхээр өнгөрсөн хугацаанд энэ мэт асуудалд холбогдож ирсэн Б.Дэлгэрсайхан гишүүн Ашигт малтмал, газрын тосны газарт өөрийн хүмүүсээ шургуулж байгаа юу гэдэг асуултын хариуг холбогдох байгууллагууд шалгаж тогтоох ёстой болж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


URL:

Нэр: Банзаа Огноо: 30 March 2017

Хулгайч ШУУ дээ

Сэтгэгдэл бичих