Г.Дэнзэн нар “Эрдэнэс Тавантолгой” компанид 5.5 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ
-Г.Дэнзэн: Би эгчийн компани ялахад дэмжлэг үзүүлээрэй гэсэн-
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэн, Я.Батсуурь, Г.Түмэнхүү, Т.Төгсбаяр, Д.Баярмаа нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хурал өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. Шүүх хурлын эхний өдөр шүүгдэгч, тэдний өмгөөлөгчдийн хүсэлтээр эхэлж, шүүгдэгчдийн мэдүүлгээр үргэлжилсээр 22:30 цагийн үед завсарласан юм.
Г.ДЭНЗЭН ГЭРЧҮҮД ОРОЛЦУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч, өмгөөлөгч, иргэний хариуцагч нараас нийт гурван удаагийн хүсэлт гаргажээ. Тодруулбал, Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням шүүх хуралдаанд гэрч Ж.Батболд, Д.Батболд нарыг оролцуулах хүсэлт гаргажээ. Шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хэлэлцэж гэрчүүд өмнөх удаагийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, гэрчүүд шүүх хуралдаанд ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй, өмнө нь мөрдөн байцаалтын шатанд гаргасан гэрчүүдийн мэдүүлгийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх замаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэн хэрэгсэхгүй болгосон байна.
Түүнчлэн шүүгдэгч Г.Түмэнхүү өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийг нэмж авах шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн Г.Түмэнхүүгийн өмгөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд ирсэн, шүүх хуралдаан өмнө нь шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах, гэрч, хохирогч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, хэргийн материалтай танилцах боломжоор хангах үүднээс хоёр удаа, нийт 35 хоногоор хойшилсон, өмгөөлөгч нэмж авах хангалттай хугацаа байсан, шүүх шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр хангалттай хангасан гэж үзэв.
Үүний дараа иргэний хариуцагч нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан юм. Гэвч үүнийг шүүгчид мөн л хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар шүүх нотлох баримт цуглуулах үүрэг хүлээхгүй бөгөөд шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдах тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.
ШҮҮГДЭГЧДИЙГ 5.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛТОЙ ХЭРГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХЭМЭЭСЭН ГЭВ
Г.Дэнзэн нарт прокурорын байгууллагаас авлига, албан тушаалын хэд, хэдэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм. Шүүх хурлын үеэр улсын яллагч шүүгдэгчдэд оноосон яллах дүгнэлтийг уншиж танилцуулсан. Яллах дүгнэлтэд дурдсанаар Г.Дэнзэн Монгол Улсын Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн хил гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгсэл жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүү худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа албан тушаалаа урвуулж өөрийн төрсөн эгч Г.Улзмаа, найз н.Энхболд нарын нэр дээр үүсгэн байгуулсан, өөрийн хамаарал бүхий “Эн Ай Ди Би” компанийг хууль бусаар сонгон шалгаруулсан. Улмаар улсын төсвийн хөрөнгийн 137 сая төгрөгийг хувьдаа завшиж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан.
Мөн ЗГХЭГ-ын дэд дарга бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь, тус газрын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Түмэнхүү, хууль эрхзүйн хэлтсийн хуульч н.Бадмаараг, Т.Төгсбаяр, иргэн Д.Баярмаа нартай бүлэглэн тус компаниас 2013 оны нэгдүгээр сарын 8-нд нээхээр товлон зарласан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг, Цагаан хад гэх газарт гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт эхнэр Г.Уянгын нэрээр иргэн Д.Баярмаатай хамтран худалдан авсан “Говь повер” ХХК-ийг оролцуулж ялуулсан. Ингэхдээ гүйцэтгэх захирал Я.Батсууриар тендерийн үнэлгээний хорооны гишүүдийг өөрчлүүлэн, нарийн бичгийн даргаар нь өөрийн төрсөн эгч Г.Улзмаагийн хамтран амьдрагч, тус компанийн худалдан авах, ханган нийлүүлэлтийн хэлтсийн мэргэжилтэн Г.Түмэнхүүг томилсон тушаалыг 2012 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гаргуулсан. Ингэснээр сонгон шалгаруулалтад оролцогчдын шударгаар өрсөлдөх боломж нөхцлийг хаасан гэж үзжээ.
Түүнээс гадна “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсууриар “Говь повер” компанитай 2013 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх 17.7 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулж гэрээний урьдчилгаа хэлбэрээр 700 сая төгрөгийг “Говь повер” компанид шилжүүлэн авчээ. 2013 оны зургадугаар сарын 22-нд Засгийн газрын тогтоол гарч, Эрдэнэс тавантолгой компаниас цаашид Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт цаашид Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ авах шаардлагагүй болсны улмаас “Говь повер” компанитай байгуулсан гэрээг цуцлах болсон байна. Гэвч “Говь повер” компаниас гэрээ цуцалсантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” компаниас Гаалийн хяналтын бүсийн талбай, техник тоног төхөөрөмж зэрэг үндсэн хөрөнгө, түүнд оруулсан хөрөнгө оруулалтын зардал, ирээдүйд олох байсан ашиг алдагдал зэрэг нийт 7.4 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхийг шаардсан хууль бус нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Түүний дараа Я.Батсуурьтай хууль бус эвлэрлийн гэрээ байгуулж, “Эрдэнэс Тавантолгой” компанид нийтдээ 5.5 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэсэн юм.
“МАНАЙ ЭХНЭРИЙН ГЭЖ ХЭЛЭГДЭХ “ГОВЬ ПОВЕР” КОМПАНИ ЯАЖ ТЕНДЕРТ ОРЖ СОНГОГДСОНЫГ МЭДЭХГҮЙ”
Уг хэргийн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчид хэдэнтээ мэдүүлэг өгснийг улсын яллагч онцолсон юм. Г.Дэнзэнгийн хувьд “Би “Говь повер” ХХК-ийн захирал Баярмаа, хувьцаа эзэмшигч Баярхүү нарыг танихгүй, мэдэхгүй. Үзүүлж буй тэмдэглэлийн дэвтрийн утасны дугаар жагсааж бичсэн хэсгийн 101 дэх хэсэгтэй танилцлаа. Энэ жагсаалтууд миний гараар бичигдсэн байх боловч тэнд бичигдсэн Баярмаа гэгчийг мэдэхгүй байна. “Говь повер” ХХК-д огт оролцоогүй бөгөөд энэ компанитай хамааралгүй. Миний бие 2010 онд тэргүүн шадар сайдын зөвлөх билүү ахлах зөвлөхийн аль нэгээр ажиллаж байсан. …Замын-Үүд чөлөөт бүсэд 150 тонн пүү нийлүүлсэн “Эн ай ди би” компанид миний хувьд ямар нэгэн шууд оролцоо байхгүй. Сүүлд 2011 онд манай эгч Г.Улзмаагийн оролцоотой компани байсныг мэдсэн…Би хууль зөрчиж эгчийнхээ компанийг сонгон шалгаруулсан гэж мэдээгүй…Намайг “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсоны дараа манай эгч Г.Улзмаа тус компаниас зарласан гаалийн хяналтын талбайн тендерт “Хар арслан” компаниараа оролцоно гэж бодсон юм байна лээ. Миний хувьд тухайн үед Түмэнхүүд /Г.Улзмаагийн хамтран амьдрагч/ хандаж энэ тендерт “Хар арслан” компанийг ялахад нь дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Сүүлд Түмэнхүү надад хэлэхдээ тендерийн нөхцөл шаардлагыг хангаагүй учир шалгараагүй гэж хэлсэн. Манай эгч Г.Улзмаа надад хэлэхдээ энэ тендерт “Далайн хилэнц”, “Хар арслан”, “Хүсэл мөрөөдөл” гэх компаниудаар зэрэг ороод аль нэг нь шалгарна. Тэгээд мөнгөтэй болно гэж хэлж байсан. Би Түмэнхүүд эгчийн санал болгосон компаниудаас нэгийг нь шалгарахад дэмжлэг үзүүлээрэй гэж хэлж байсан. Тэгээд сүүлд нь аль нь шаардлага хангаагүй гэж Түмэнхүү хэлсэн…Манай эхнэрийн гэж хэлэгдэх “Говь повер” компани яаж энэ тендерт орж сонгогдсоныг би мэддэггүй. Анхнаасаа манай эгчийн компани гараад ирчих болов уу гэж бодож байсан. Харамсалтай нь “Говь повер” компани гараад ирсэн” гэж мэдүүлжээ.
Шүүх хурал өчигдөр гэрчүүдийн мэдүүлгээр үргэлжилсэн юм. Дугаар шилжих мөчид шинжээч нарын дүгнэлтээ танилцуулж байв.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хар амиа хичээсэн адгийн новшуудыг шоронд нь хийж, эд хөрөнгийг нь хурааж авч улсын орлого болго