Визийн зөрчил хэтрүүлсэн гадаад иргэдэд арга хэмжээ авчээ

Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар өнгөрсөн сард Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, бүртгэл, зорчих, хөдөлмөр эрхлэх журам зөрчсөн болон визийн хугацаа хэтрүүлсэн зэрэг зөрчил гаргасан 31 орны 333 гадаадын иргэнд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авч, 54 сая 842 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.

Гадаад орнуудаас урьсан иргэнээ зохих хугацаанд бүртгүүлээгүй, хууль бусаар хөдөлмөр эрхлүүлсэн, визийн хугацааг хэтрүүлсэн, нуун далдалсан зэрэг зөрчлийн улмаас 135 аж ахуйн нэгж, байгууллагад нэг уригч иргэнд хуулийн дагуу арга хэмжээ авч, 160 сая 584 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Улмаар улсын төсөвт 215 сая 426 мөнгөн төгрөгийг төвлөрүүлжээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон зэрэг үндэслэлээр нийт найман орны 83 гадаадын иргэнийг Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан байна.

Газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилга, тоосго, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж, байгууллагын 131 иргэний бичиг баримтыг шалгаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон БНХАУ-ын долоон иргэнийг илрүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авчээ.

Т.Батсугар

niigmin toli


URL:

Сэтгэгдэл бичих