УХААЛАГ АВТОБУСНЫ УХАМСАРГҮЙ ИРГЭДИЙН АСУУДАЛ ДУУСАХ НЬ

olloo_mn_1490753238_olloo_mn_1481673681_BUSНийтийн тээврийн үйлчилгээнд шинэчлэл хийгдсэнээр ааш муутай кондукторуудын үүрэг үгүй болсон. Гэхдээ жолооч нарын хувьд зорчигч нараа зорьсон газарт нь аюулгүй хүргэхээс гадна мөнгөний хайрцаг, карт уншигч төхөөрөмжөө хянах, автобусаа цэвэрлэх гээд хүлээх үүрэг нь нэмэгджээ. Нийтийн тээврийн үйлчилгээний зорчих үнэ тариф, хөлс төлөлтийн тогтолцоог өөрчлөх энэхүү ажлын үр дүнд үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, иргэд зорчигч тав тухтай үйлчлүүлэх боломж бүрдсэнээс гадна зардлыг бууруулах, хугацаа хэмнэх зэрэг маш олон давуу тал бий болсон.

Өмнө нь автобусанд суухад ааштай мөнгө хураагч нар хүмүүст үйлчилгээ үзүүлэх биш, сэтгэлзүйн дарамтад оруулдаг байсан гэдгийг иргэд энэ ажлаас хойш л мэдэрч эхлээд байгаа юм. Тэд иргэдийг хэл амаар доромжилж, загнахаас гадна тасалбараа бүрэн таслахгүй, мөнгө цааш нь зувчуулахаас эхлээд асуудал их байсан. Үүнээс болж нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэд байнгын бухимдалтай, тээврийн компаниуд нь ч алдагдалтай ажиллаж байсан юм.

Харин одоо энэ асуудал цахим картны ачаар бага ч гэсэн цэгцрээд байгаа. Нийтийн тээврээр үйлчлүүлэхэд хашгирч, хэрэлдэж, хүмүүсийг сэтгэлзүйн дарамтад оруулах хүнгүй болсноор картаар, эсвэл бэлнээр мөнгөө төлсөн л бол автобусандаа сууж, тав тухтайхан үйлчлүүлэх боломжтой болсон.

Мэдээж аливаа шинэчлэл, эхлэлд сайны хажуугаар саар зүйл гарах нь ойлгомжтой. Тухайлбал, энэ ажил эхэлснээс хойш олон мөнгө хураагч ажилгүй болсон. Түүнчлэн цахим картгүй хүмүүс автобусны хайрцганд мөнгөө дутуу хийх, мөнгөн дэвсгэртээ хэд хуваан урж, олон дахин зорчих зэрэг сөрөг үзэгдлүүд гарч байгаа нь нууц биш. Үүнээс болж автобус компаниудын орлогод нөлөөлж байна гэсэн гомдол байнга гарах болсон.

Энэ ажлыг цэгцлэхийн тулд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниуд орлогоо хянах зорилгоор шалгагч нарыг үе үе ажиллуулж байгаа юм байна. Гэтэл шалгагч нартай зэрэгцээд иргэдээс гомдол их ирэх болжээ. Тодруулбал, цэнхэр халат өмссөн хүн автобусны мөнгө хийдэг хайрцагны дэргэд зогсчихоод зорчигчдоос мөнгийг хайрцганд хийх бус, шууд өөрт нь өгөхийг шаардаж байна, иргэдтэй хэрүүл хийж байна гэсэн гомдол ирж буй юм.Арайхийн цэгцэрч байсан энэ асуудал эргээд хуучин хэвэндээ орлоо, дахиад далд эдийн засаг руу шилжлээ гэж иргэд үзэж буйгаа илэрхийлэн, санал гомдол гаргах болсон.

Ерөнхийдөө иргэд өмнө байсан кондукторуудыг өдгөө хүлээн авахгүй байна гэсэн үг.Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх энгийн арга бол бүх иргэдийг смарт карттай болгох юм. Одоогоор нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн 40 хувь нь л смарт картыг хэрэглэж байгаа аж. Үнэндээ иргэд  цахим карт авч 500 төгрөгөөр зорчихоос илүү 200, 300 төгрөг хийж зорчихыг илүүд үзэж байна. Үүнээс л үүдэж нэлээд хэл амтай эхэлсэн ч дэлхийн жишгийг дагаж хийгдсэн ухаалаг автобус төсөл өнөөдөр үр дүн муутай байна гэж дүгнэгдэхэд хүрч байна. Өөрөөр хэлбэл ухаалаг автобус төслийг ухамсаргүй иргэд үр дүнгүй болгож байсан.

Тэгвэл энэ асуудал нэг мөр шийдэгдэх тийшээ хандаад байна. Учир нь ирэх сарын 1-нээс  автобусан дахь бэлэн мөнгөний хайрцгийг хураахаар болсон. Ингэснээр иргэд  нийтийн тээврээр зорчихдоо зөвхөн картаар зорчих ёстой болж байна. Энэ хүрээнд амьдралын боломж тааруу 20 мянган иргэнд смарт карт үнэгүй тараах бол бусад иргэд 2000 төгрөгөөр худалдан авах боломжтой юм.

Нийтийн тээвэр 100 хувь ухаалаг системд шилжсэнээр нийтийн тээврийн компаниуд алдагдалтай ажиллаж байна хэмээн үе үе гомдоллож, ажил хаялт зарладаг байдаг бүр мөсөн үгүй болно хэмээн албаныхан үзэж байна. Үнэнийг хэлэхэд  өмнө нь нийтийн тээврийн жолооч, мөнгө хураагч нар  иргэдийн мөнгөнөөс хумсалж, орлогоо нуудаг байсан. Харин иргэдийн тал нь  карт хэрэглэдэг болсоноос хойш жолооч нар дангаараа зарим иргэдийн мөнгийг хариулт өгөх нэрээр хураан өөртөө авах тохиолдол нэлээдгүй байсан. Үүний хажуугаар иргэд дутуу, урагдсан мөнгө хийж зорчсоноор нийтийн тээврийнхэн алдагдалтай ажиллаж байсан юм. Тэгвэл энэ асуудал бүх иргэд карттай болсоноор шийдэгдэх боломж бүрдлээ. Иймд алдагдалтай ажилладаг нэрийн дор үе үе ажил хаяж иргэдийг хохироодог асуудал үгүй болно хэмээн иргэд найдаж  байна.

Б.Сансар
olloo.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих