Стандарт – хэм хэмжээ – шаардлага

-Шинжээч бичиж байна-

…Өнөөгийн улс орнуудын хөгжлийн нэг үзүүлэлт нь, тухайн оронд ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн амар тайван, бухимдалгүй амьдралын баталгаа болон алив зүйлийг хийж бүтээхэд амар хялбар байх боломж нь байдаг аж.

Бухимдал гэдэг олон зүйлээс үүдэлтэй. Хүнд суртлаас гадна алив зүйлийг бий болгох, хийж бүтээхэд илүү төвөгтэй байдаг нь нөлөөлдөг. Мэдээж бүх хүнийг бухимдалгүй байх боломжийг олгож чадахгүй хэдий ч, ийм байх боломжийг олгох нь хамгийн чухал аж. Энэ бол стандарт юм. Энэ стандартын ачаар л алив зүйл бусдад илүү ойлгомжтой байх төдийгүй, хийж бүтээхэд илүү хялбар байж чадах аж.

СТАНДАРТ

1. АНУ-д HOME DEPO нэртэй дэлгүүр байдгийг хүмүүс мэднэ. Монголд байдаг барилгын материалын бөөний худалдаатай адил юм даа. Энэ дэлгүүрийн онцлог нь бүх л бүтээгдэхүүн нь стандартыг маш хатуу мөрддөгт байдаг. Хэрвээ та гэртээ засвар хийхийг хүссэн бол тэнд таны авахыг хүссэн бүх л зүйл байх төдийгүй, таны амьдарч байгаа байшин барилгын хэмжээнд бүх л зүйл нь яв цав таарах учиртай.

Учир нь Америкт байшин барилгыг барихдаа хүртэл нэгдсэн стандартыг хатуу баримтална. Маш олон сонголт дунд та өөрийн хүссэн материалаа яг л хүссэн хэмжээгээр сонгож авч болохоос гадна засвар хийхэд хэрэг болох бүх л багаж, түүнд тохирсон хадаасыг хүртэл авч болно. Гэхдээ энэ бүхэн арга билгийн зохицолдоон мэт яг л таарч байдагт чанар нь оршдог.

2. Хэдийгээр дэлхийн автомашины үйлдвэрлэлд Япон улс тэргүүлдэг боловч, АНУ-ын зах зээлд авто машинаа нийлүүлэхдээ АНУ-ын зүгээс тавьж байгаа стандартыг хатуу баримтална. Япончууд өөрсдийн хэрэгцээт автомашинаа буруу талдаа залууртай хийдэг боловч АНУ-д нийлүүлэх автомашинаа зөв талдаа залууртай үйлдвэрлэдгээс эхэлнэ. Тохь тухыг илүүтэй чухалчилдаг америкчууд, өөрийн иргэдийн хэрэгцээнд  зориулан худалдан авах авто машиндаа энэчлэн маш олон стандартыг шаарддаг.

Жолоочийн болон зорчигчийн суудал ямар байх, дотоод салоны өнгө болон гаднах өнгөний зохицолдоон, хөгжим болон дүрс бичлэгийн тоноглол, халуун хүйтний тохируулга гээд бүх л зүйл өөрийн стандарттай. Худалдан авагч энэхүү үндсэн стандарт дээр өөрийн хүссэнээр нэмэлт тоноглол болон гоёл хийлгэх бүх л боломж нь бас байгаа.

3. Өндөр хөгжилтэй орнууд хүмүүсийн амьдран суудаг нийтийн орон сууцанд мөн л стандартыг хатуу баримталдаг. Нэг хүнд ноогдох талбайгаас гадна хэрэв бага насны хүүхэдтэй бол заавал тусдаа өрөөтэй, бас бие засах газартай байх шаардлага нь стандарт юм. Түүнчлэн оршин суугчдын тав тухын төлөө, энэ орон сууцны цогцолборт заавал байх ёстой угаалгын газар, автомашины зогсоолууд, бассейн, уулзалт болон баяр ёслол тэмдэглэх өрөө, интернетийн танхим, бялдаржуулах танхим, жижиг худалдааны газар гээд бүх л байгууламжууд нь энэ стандартад багтана.

Хэрэв та хувьдаа хаустай байхыг хүсвэл тухайн газрын нэгдсэн стандартад захирагдана. Өөрөөр хэлбэл таны амьдрах хаус тань хэдийгээр таны хувийн өмч боловч, яамар дизайн болон өнгөтэй байх, гадна талдаа ямар мод, ургамал болон цэцэгс тарьж, хэрхэн арчилж ургуулах нь бас л стандарт шаардлагатай. Энд бусдын ашиг сонирхлыг хүндэтгэхээс гадна хот төлөвлөлтийн хатуу бодлого, стандарт үйлчилж байдаг аж.

4. Өндөр хөгжилтэй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй болон тахир татуу иргэдэд зориулсан үйлчилгээний хатуу тогтсон стандарттай. Бүх л үйлчилгээний газруудын гадна талд тэдэнд зориулсан автомашины тусгай зогсоолоос гадна орох хаалга, тусгай бариултай шат, бие засах тусгай зориулалтын газруудыг стандартаар шаарддаг. Хэрэв ийм нэмэлт үйлчилгээг бий болгоогүй бол заавал бий болгохыг шаардахаас гадна их хэмжээгээр торгоно.

Тусгай заалтын автомашины зогсоол дээр өөрийн машинаа дур зоргоороо тавьсан бол 500-аас дээш доллараар торгоно. Бүх л тээврийн хэрэгсэлийн үйлчилгээнд тэргэнцэртэй хүнд үйлчлэх хатуу шаардлага бий. Нийтийн тээврийн автобус болон галт тэрэг, онгоцонд ийм хүмүүсийг онцгойлон авч үзэн үйлчилдэг нэгдсэн тогтолцоо байдаг аж. Бас кино театр болон бусад үзвэрийн газруудад ч тэдэнд зориулсан тусдаа суудлууд байх бөгөөд үйлчлэгчид хамгийн түрүүнд тэдэнд үйлчилдэг. Энэ бол хүний эрхийг дээдэлсэн хамгийн сайн стандарт ажээ.

5. АНУ-д бидний харж байгаагаар зам гүүр байгуулах болон зам ашиглалт өөрийн гэсэн маш сайн стандарттай. Зам гүүр байгуулах ажлыг тухайн хот төлөвлөлтийн бодлогод нийцүүлэн олон жилийн өмнөөс маш сайн судалгаа болон тооцоон дээр түшиглэн төлөвлөдөг аж. Бүх ажлаа стандартын дагуу маш нарийн төсөвлөн төлөвлөнө. Бид шинээр баригдаж байгаа зам болон гүүрийн ажлын хажуугаар өдөр болгон явж байхдаа гайхдаг. Нэг их олон хүн бужигнаад байхгүй хэрнээ маш хурдацтай, огтхон ч сааталгүй, олон нийтэд саад болон бухимдуулахгүйгээр
ажиллаж чадаж байгааг.

Тавьж байгаа замын зузаан нь тухайн замаар өдөрт зорчиж байгаа тээврийн хэрэгсэлүүдийн марк болон даацтай хэрхэн зохицолдохыг, замын тэмдэг тэмдэглэгээ нь хэнд ч ойлгомжтой байхыг, гэрлэн дохио нь жолоочид хаанаас ч харагдаж болохыг, замын өндөр ачааллын үед хэрхэн зохицуулахыг маш сайн судалгаан дээр үндэслэн стандартаар тогтоодог аж. Тийм болохоор автомашин жолоодож яваа хэн боловч бухимдаж цухалдахгүйгээр замын хөдөлгөөнд соёлтой оролцоно.

6. Барилга байгууламжийн бүх л ажлууд өөрийн стандарттай. Барилга барихын өмнө барилга барих газраа цэвэрлэн талбайг бэлэн болгож, тэнд шаардагдах ус, цахилгаан, дулаан болон мэдээллийн сүлжээний холболтыг оруулж бэлэн болгоно. Дараа нь барилгаа барих явц болгон өөрийн дараалалтай бас стандарттай. Давхар дээшлэх тусам доод давхарууд дотоод заслаа хийж эхэлнэ. Өрөөнүүдийн хэмжээ болон хаалга, цонх, сантехникийн холболтууд, барилгад ашиглах материалууд бүгд өөр өөрийн хатуу стандарттай. Газар хөдлөлт болон хөрсний бүтцээс хамааран суурийн байгууламжийг яаж хийхээ шийднэ. Харин барилгаа барьж дууссаны дараа уг газрын “нөхөн сэргээлт” болох байгаль орчныг сэргээн тохижуулах ажил хийгдэнэ. Хамгийн гол нь гадаад үзэмж болон орчны тохижилт нь ойр орчмын байгууламжтай нягт уялдаж байх учиртай. Үүнийг мөн л стандартаар тогтоодог.

7. Хүмүүсийн амарч зугаалах, аялж жуулчлахаар явах газар болгон тусдаа байгууламжтай. Аялж амарч яваа зам зуур бие засах газраас эхлээд, хооллож ундлах, амарч тухлах газар бүхэн өөрийн стандарттай. Энэ бүхнийг  газрын зурагт тэмдэглэн, мэдээллийн сүлжээнд байршуулсан байдаг. Хөдөө газар гэр бүлээрээ аялж яваад өлсөж ундаасах аваас тухалж хоол унд бэлтгэх газарт нь мах шарах газар, сүүдрэвч, тухалж суух ширээ сандал, хог хаягдлаа хаях сав, бие засах газар бүгд л бий. Заримдаа ийм газарт тухалж суухдаа “Улаанбаатараас хөдөө аймгууд руу явах зам болгонд ийм байгууламжуудыг хийж яагаад болдоггүй юм бол доо” гэж харамсан бодож л байсан.

Хэрэв тэгж чадвал байгаль орчин бохирдохоос эхлээд гал түймэр мэтийн гэнэтийн ослоос сэргийлж болох юм.  Аялж амарч яваа хүмүүс майханд тухлан хөдөө хонох бол хонох газар болгон нь  тусгайлан заагдсан байдаг. Хаа ч хамаагүй хонож бас болохгүй. Ядаж л аюулгүй байдал талаас нь бодолцсон стандарт юм даа.

… Энэчилэнгээр тоочоод байвал барагдахгүй. Хогийн сав болон шуудангийн үйлчилгээ, хаягжилт болон тэмдэглэгээ, сургуулийн автобус болон нийтийн тээврийн үйлчилгээ, бусад бүх л төрлийн үйлчилгээнүүд болгон өөр өөрийн стандарттай. Стандарт гэдэг нь байгууламж болон үйлчилгээний нэгдсэн хэм хэмжээ юм. Стандарт нь олон нийт болон үйлчлүүлэгчдийн тав тух, соёл, амгалан тайван байдалд зориулагддаг. Суурин соёл иргэншилд бие биенээ хүндэтгэх, нийтлэг эрх ашигт нэгдэн зохицох, хамтдаа хөгжин дэвжих боломжийг л энэ стандарт олгож байдаг. Төр болон олон нийтийн харилцааг хуулиар зохицуулж байдаг бол, нэгэн газар шороон дээр хамтдаа зохицон амьдрах боломжийг стандарт зохицуулж байдаг аж.

ХЭМ ХЭМЖЭЭ

…Монгол улсад минь Стандарт Хэмжил Зүйн Үндэсний Төв \СХЗҮТ\ гэдэг байгууллага бий л дээ. Бас Home Depo шиг барилгын материалын зах бий. Тэнд Хятадын стандартаар үйлдвэрлэсэн чанартай болон чанаргүй материалууд зөндөө бий. Бас Улаанбаатар хот минь жил болгон замаа засаж сайжруулж бас гүүр барьж байгаа. Гэхдээ замаа засахын тулд нэг хэсэг замаа хааж нэлээд хэдэн сар “бужигнана”. Заримдаа зассан замаас нь өмрөөд унах ахул “нөхөөс” тавьж орхино.

Зөндөө л олон сүрлэг барилгууд баригдаж байгаа. Харин зарим барилга нь баригдаж байхдаа нурж унасан гэсэн. Ашиглалтад орохоос нь  өмнө нурсан нь яамай даа. Ашиглалтад орсоны дараа нурсан бол яана. Зарим барилгын сантехникийн холболтыг хямд төсрийг нь бодоод хуучин материалаар хийснээс болоод өвлийн хүйтэнд задарч ус алдах тохиолдол бишгүй л нэг гарна.

Тэр болгонд шинээр тавьсан замаа “зад татаж” байгаад л “янзалж” орхино. Сүүлд нь хэн нь “зад татсан” замыг янзлах ёстой нь мэдэгдэхгүй “дээгүүрээ хэрэлдэж”, түмэн олныг бухимдуулах аж. Гэхдээ монгол орон минь хөгжиж байнаа. Хэдийгээр Стандарт тогтоон хянаж байх учиртай байгууллага нь байгаа боловч түүнийгээ зохих шаардлагын дагуу ажиллуулахгүй байгаад л хамаг учир нь байгаа бололтой.

Энэ байгууллагад төдийлөн ач холбогдол өгдөггүйг бодохоор, төсөв бага, мөнгө санхүү муутай, эрх мэдэл багатай болохоор “тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй”-н үлгэр болдог биз. Муугаар бодоход зөндөө олон эрх мэдэлтнүүд барилга, зам, бөөний худалдааны бизнес эрхэлдэг болохоор СТАНДАРТ-д тэгтлээ анхаарлаа хандуулахгүй л болов уу? Хямд үнээр хийж байж л тэдэнд “унах ашиг” өндөр байдаг болохоор тэд одоохондоо үүнийг  хүсэхгүй байгаа. Харин “Чанартай юм үнэтэй, чанаргүй юм хямд” байдгийн жишээг олон нийт л мэдэрч, бас хохирч байна.

Дээрх жишээнүүдийг уншсан хэн боловч “Сүртэй юм бэ? энэ бүхэн Монголд байгаа шүү дээ” гэж хэлэх байх л даа. Монголд байгаа л даа. Гэхдээ хэлбэрийн төдий байх, хүмүүст хүрч нөлөөлөхийн хооронд их зай байнаа. Энэхүү Стандарт нь таны гэр орон болон амьдралд орж таны ажил амьдралд сайнаар нөлөөлж байх учиртай. Ядаж л таны худалдаж авсан зүйл чанартай бас хэрэгцээг тань бүрэн хангаж таны таашаалд нийцэж байх, танд үйлчилж буй үйлчилгээ нь таны сэтгэлд бүрэн нийцэж, үүнийхээ төлөө төлж буй мөнгөндөө харамсахгүй байх боломжийг л СТАНДАРТ олгож байх юм шүү дээ.

Харин бид цаашдаа илүү сайнаар хөгжихийн тулд СТАНДАРТ-ыг л мөрдөж сурах бас үүнийг шаардах хэрэгтэй байна.

ШААРДЛАГА

…Миний бие саявтархан Улаанбаатар хотын хаягжилтын талаар “Улаанбаатар хотод байгаа миний аавд буюу хаягжаагүй Улаанбаатар” нэртэй санал бодлоо бичсэн юм. Гэтэл миний цахим хаягаар Улаанбаатар хотын захиргааны Хот төлөвлөлт, бодлогын газраас захидал ирүүлжээ. Тэр захидалд намайг Улаанбаатар хотын талаар маш бага мэдээлэлтэй байгааг “зэмлээд”, хот төлөвлөлтийн материал болон Улаанбаатар хотыг хаягжуулах зааврын хамтад ирүүлжээ.

Тэдгээр материалууд нь маш сайн боловсрогдсон байсан шүү. Баяр хүргэмээр. Харин хэрэгжилт нь хэр зэрэг байгааг хүмүүс мэдэх биз. Уг нь ийм материалуудаа олон нийтэд маш сайнаар сурталчлан ойлгуулж, хамтдаа хэрэгжүүлж байвал илүү сайн сан. Монголчууд бид цаасан дээр хийсэн зүйлээ л “ажил хэрэг” гэж эндүүрээд газар дээрх хэрэгжилтэд нь анхаарал тавьдаггүй муу зуршилтай. Алив ажил хэрэг хүмүүст хэрхэн хүрч, хэрхэн нөлөөлж байгаагаар л үр дүн нь хэмжигддэг. Гэхдээ мэдээж тэдэнд талархалгүй яахав. Лав л ойрын хугацаанд Улаанбаатар хот минь бүрэн хаягжиж, хэн ч, хэзээ ч, хаана ч “төөрч будилахгүй” болно гэдэгт итгэж байнаа.

…Хүмүүст хэрэг болох ажил хэрэг болон үйлчилгээг шаардах болгонд “Зөв сайхан санаа байнаа, гэхдээ хэрэгжүүлэхэд мөнгө нь хэрэгтэй. Мөнгөтэй бол ч…” гэж “ам таглана”. Заавал мөнгө шаардахгүйгээр хэрэгжүүлж болох маш олон зүйл байгаа.

Жишээлбэл, ЗАСГИЙН ГАЗАР болон УЛААНБААТАР хотын эрх баригчид:
-Орон сууцны цогцолборын СТАНДАРТ-ыг тогтоож шинээр баригдах орон сууц болгонд
1. нэгдсэн харуул хамгаалалт
2. автомашинуудын зогсоол
3. угаалгын газар
4. интернетийн өрөө
5. уулзалтын болон баяр ёслол тэмдэглэх өрөө
6. бассейн
7. бялдаржуулах танхим
8. хүнсний худалдаа зэргийг заавал байлгахыг стандартаар тогтоон хуульчилж зураг төсөлд нь тусгуулж байж барих зөвшөөрлийг өгч байх.

Хэрэв  үүнийг хатуу мөрдүүлж чадвал барилга барихыг хүссэн компаниуд өөрсдөө үүнийгээ хийж хэрэгжүүлэх болно. Энэ нь оршин суугчдад хичнээн сайнаар нөлөөлнө гээч.

-Тахир татуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг стандартаар тогтоон хуульчилж хэрэгжүүлэх боломж бий. Ийм хүмүүст зориулсан автомашиныг татвараас чөлөөлөн оруулж, зогсоолыг тусгайлан хийж, бүх үйлчилгээний газруудад ийм хүмүүст зориулсан хаалга, шат бариул, бие засах газар, тусгай сандал зэргийг заавал зураг төсөвтөө тусгуулж байж зөвшөөрөл авдаг болгож болно. Мөн нийтийн тээврийн хэрэгсэлүүдэд ч ийм хүмүүст үйлчлэх бүрэн тогтолцоог бий болгож хэрэгжүүлэхийг стандартаар тогтоон хэрэгжүүлж болно.

-Одоо байгаа баар цэнгээний газруудаа цөөлж, залуучуудын чөлөөт цагаа зөв аятайхнаар өнгөрөөж болох спортын болон бялдаржуулах газруудыг олноор байгуулахыг дэмжин, ийм байгууламжуудыг стандартаар тогтоон аймаг сум, дүүрэг болгонд байгуулж болно. Үүндээ сагсан бөмбөг, газрын теннис, гар бөмбөг, хөл бөбөгийн талбайнаас гадна, хүүхдийн тоглоомйн талбай, сүүдрэвч болон амарч тухлах газруудыг оруулах хэрэгтэй. Мөн шинээр баригдаж байгаа орон сууцны хороолол болгон ийм байгууламжтай байхыг стандартаар тогтоон, шаардаж хэрэгжүүлж болно. Хэрэв ингэвэл хаа газар босгож байгаа суваргуудаас илүүтэй Монголын хөгжилд хэрэг болно.

-Улаанбаатар хотоос хөдөө аймгууд руу явах замын дагуу, амарч тухлах цэгүүдийг стандартаар тогтоон байгуулж болно. Ийм газар болгонд мах шарах төхөөрөмж, сүүдрэвч, ширээ сандал, хогийн сав болон бие засах газруудыг заавал байгуулах хэрэгтэй.  Харин ийм байгууламжуудыг тухайн орон нутгийн байгаль орчныг хамгаалагчид хариуцуулж, үүнээс өөр газарт “тухалсан” хэнийг ч болов их мөнгөөр торгон шийтгэж байхаар хуульчилж болно. Хэрэв ингэж чадвал байгаль орчноо бохирдохоос сэргийлэн хамгаалж, элдэв осол гамшигаас сэргийлэх боломж бүрдэх болно.

-Замын стандартаа жаахан ирээдүйгээ харсан судалгаа тооцоон дээр түшиглэн шинэчилж, хатуу мөрдүүлэх хэрэгтэй байна. Ингэх нь замынхаа зузаан болон өргөнөөс нь хулгайлан завшиж, завшсан мөнгөөрөө хахууль өргөн УИХ-ын гишүүн болж, шархаа нөхсөн мөнгөөрөө хүнд даацын машин авч нүүрс зөөн, нөгөө замаа “тараан эвдэж” байгаа эрхмүүдийн хууль бус ажиллагааг зогсооход хэрэг болох юм. Монголчуудын амьдрал сайжрахын хэрээр хэрэглээ нь дээшилж байгаа энэ үед замын асуудал дээр арай л холыг харж стандартаа тогтоох болж байна. Хэрэв замаа сайн төлөвлөж, төсөвлөж чадвал замын түгжрэлээс үүдэлтэй бухимдал арилан, соёлтой найрсаг үйлчилгээ бий болно.

За тэгээд “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” гэдэгчлэн өөрчилж сайжруулж болох олон зүйл байна. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудын тухайн орондоо “хоргодоод”, бас Монголдоо бий болгохыг хүсээд байгаа зүйлийн нэг нь энэ СТАНДАРТ юм шүү дээ. Бүх зүйлээ хаяад уул уурхай гэж халууралгүйгээр нүдээ нээгээд харвал, бидний өмнө тулгамдаж байгаа эгэл юм шиг хэрнээ хэрэгтэй олон асуудлыг олж харах болно. Бас уул уурхайгаас орж ирж байгаа “их наяд мөнгө”-нөөсөө энэ мэтийн эгэл жирийн хүмүүсийн хөгжилд хэрэгтэй олон зүйлийг хийж хэрэгжүүлж болно.

Удахгүй болох гэж байгаа сонгуулийн олон амлалтад энэ санаа ч хэрэг болж магадгүй. Гэхдээ амлахаасаа гадна хэрэгжүүлж чадвал сайн сан. Нөгөө талаас олон нийт бид НАМ дагаж хошуурахаас илүүтэй, ТӨР бидний төлөө юу хийж, юуны төлөө анхаарлаа хандуулахыг мэдэж байгууштай. Ядаж л бид төрөөс мөнгө биш өөр зүйл шаардаж байх ёстойгоо мэдэж байх нь энэ цагт хэрэгтэй байна.

“ЭЗЭН ХИЧЭЭВЭЛ ЗАЯА ХИЧЭЭНЭ” гэдэг дээ. Бас “ХИЙХИЙГ ХҮССЭН ХҮНД БОЛОМЖ ОЛДОНО, ХИЙХИЙГ ХҮСЭХГҮЙ ХҮНД ШАЛТАГ ОЛДОНО” гэдэг үг ч бий.

Г.Галбадрах gala_mn@yahoo.com


URL:

Сэтгэгдэл бичих