Ц.Анандбазараар дамжуулж оросууд ”МИАТ”-ыг авсан уу

Тус компанийг оросууд хоёр жилийн өмнө буюу сонгуулийн үеэр нефтийн үнийг нэмээгүйнхээ төлөө авсан бололтой. Ийн хардахын учир одоогоос хоёр жилийн өмнө тухайн үеийн Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүгийн нэр дээр ОХУ-ын “НК-Роснефть” компанийн дэд ерөнхийлөгч С.М.Богданчиковаас нэгэн захидал ирж нэлээд дуулиан дагуулж, байсан билээ.
Уг захидалд “2008 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Москва хотноо болсон уулзалтын дүн “НК-Роснефть” нээлттэй хувьцаат компани болон ҮХЯ-ны хооронд байгуулах гэрээний төслийг үүгээр хүргүүлэв. Гэрээний төслийг авч үзээд 2008 оны хоёрдугаар сарын 2-ноос оройтолгүйгээр гарын үсэг зурахыг хүсье. Гарын үсэг зураагүй тохиолдолд энэ оны гуравдугаар сард “Роснефть” компаниас Монгол Улсад нийлүүлэхээр төлөвлөж буй нефть бүтээгдэхүүнд тохиролцсон үнийн асуудал шийдэгдэх болно” гэсэн байсан. Гарын үсэг зурахыг тулган шаардсан уг гэрээний хамгийн гол нөхцлийг ийн тусгасан байсан.
1.Монголын нефтийн бүтээгдэхүүний жижиглэн худалдааны зах зээл дээрх үйлчилгээний чанарын тогтвортой байдлыг хангах талаар хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар “РН-Монголия” ХХК /НК-Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн охин котпани/-д 100 ширхэг шатахуун түгээх станцын сүлжээ болон нефть бааз байгуулахад зориулсан газар олгох үүрэг хүлээж байна.
Энэ заалт ёсоор манайх шиг жижигхэн улсад аж амьдралын суурь үнийг тодорхойлдог нефтийн зах зээлдээ нэг улсын монополь тогтоох юм бол клончлолд орсонтой юуны ялаа байна вэ. 100 ШТС баривал шатахууны хэрэглээнээс эхлээд гэрэл цахилгаан гээд л хөдөлдөг бүхэн нь Оросоос хараат болно гэсэн үг. ОХУ-ын “Роснефть” компанитай үзэглэхдээ хүрээд байсан энэхүү гэрээний тэргүүн эгнээнд бичигдсэн энэ заалт шууд утгаараа манай улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн агуулгатай болох нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа биз ээ.
Харин дараагийн дугаарт бичигдсэн ”Талууд Монгол Улсын нисэх буудлууд дээр агаарын хөлгүүдийг онгоцны түлшээр цэнэглэх Монгол-Оросын хамтарсан компанийг байгуулж, “НК- Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн оролцоог 50+1 хувиар тогтоох санал байна” гэсэн нь шууд л МИАТ-ын чинь онгоцыг бид шатахуунаараа дүүргэж байя. Тэгээд тэр шатахууныг хэзээ, хэдэн төгрөгөөр танайд нийлүүлэхээ, мөн онгоцыг чинь хэзээ, хаашаа нисэхийг бид мэдэж байя гэж хэлж байгаатай агаар нэгэн сонсогдогдож байгаа биз. Үндэсний аюулгүй байдал, клончлол гэх мэт үгсийг санаанд оруулж байгаа энэ гэрээний талаар тухайн үеийн ҮХЯ-ны сайд /одоо УИХ-ын гишүүн/ Х.Наранхүүгээс тодруулах гэхээр ус балгасан юм шиг л дуугүй суудаг байсан.
Ингээд эрх баригчдын ашиг сонирхлын зөрчлийг хангахын тулд нийтэд ил болох ёсгүй байсан энэ гэрээ ил болсон нь нийгэмд бухимдал үүсгэнэ. Энэ талаар Засгийн газраас асуухад “учрыг нь ол” гэсэн даалгаварыг Х.Наранхүү сайдад өгсөн гэж байсан. Гэтэл үүнээс хэдхэн хоногийн дараа ОХУ-гаас дахин нэг бичиг ирсэн. Тэр бичигт манайд нефть бүтээгдэхүүн нийлүүлдэг ОХУ-ын “Роснефть” компани “Роснефть Монголиа” ХХК гээчийг байгуулж гүйцэтгэх захирлаар нь Д.Батболд гэдэг хүний томилжээ. Тэгээд зөвхөн энэ компаниараа дамжуулан бүтээгдэхүүн нийлүүлэх сонирхолтой гэдгээ илэрхийлсэн байв. Ингээд шинээр байгуулсан компани нь “2008 оны дөрөвдүгээр сард Монгол Улсын зах зээлд доорх үнээр нефтийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр болсон тул Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газарт захиалгыг батлагаажуулж, яаралтай ирүүлэхийг хүсье” гэжээ. Энэ үед тэд манайд нийлүүлэх шатахууныхаа үнийг тонн тутамдаа 40-80 ам.доллараар нэмсэн юм.
Бидний өмнө өдөр бүр өрнөж байдаг энэ процетурын цаана өнөөх гэрээ ийм байдлаар хэнд ч анзаарагдалгүй байгуулагдсан бололтой. Yүнийг ч манай улсын Засгийн газар зарлаж байсан. Тэд нефтийн үнийг хэвийн хэмжээнд барьж чадалгүй 100 дахь өдрөө буюу 2008 оны сонгуулийн дараа оросоос шатахуун авах болсон талаараа хэлж байсан. Ингээд л ард түмнийг сонголтоо хийсний дараа өөрсдөө бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаггүйн уршигаар манай газрын тосны бүтээгдэхүүн импортлогч компаниуд өндөр нэмэгдэлтэй шатахуунаа хэрэглэгчиддээ нийлүүлэх болсон. Тэдний нэг том бизнес нь Төрийн өмчит МИАТ компанид онгоцны тусгай зориулалттай ТС-1 шатахууныг нийлүүлэх асуудал байсан юм.
Энэ ашигтай бөгөөд эрсдэлгүй бизнесийн ээлжит тендер 2009 оны аравдугаар сарын 13-ны өдөр зарлагдсан боловч 29-ний өдөр тендерийн Үнэлгээний хорооны даргын 03-2213 дугаар албан бичгээр тендерийн урилгыг хүчингүй болгожээ. Үүнийг судлан үзэхэд, нийлүүлэгч тал болох “Роснефть” компани “Сод Монгол” группт онгоцны түлш нийлүүлэх давуу эрх олгосон тухай АМГТ-ны ирүүлсэн 431 тоот бичгийг үндэслэн тендерийн урилгыг хүчингүй болгож, МИАТ ХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг байгуулжээ.
Гэтэл “Роснефть” юуны учир “Сод Монгол”-д ийн давуу эрх олгосон нь хэн бүхэнд ойлгомжтой. Дээрх үйл явдлын өмнөхөн “Роснефть”, “Сод Монгол” группыг худалдан авсан бололтой. Дээрх бүх үйл явдлын баримт болж энэ оны долдугаар сарын 2-ний өдөр Улаанбаатар хот дахь Чингис хааны нэрэмжит олон улсын нисэх буудалд түлш цэнэглэх цогцолбор албан ёсоор ашиглалтад орлоо. 2009 оноос эхлэн барьсан ОХУ-ын “РН Аэро”, Монголын “Сод Монгол” группын хамтран байгуулсан “Мэргэван” компани уг цогцолборыг 13.2 сая ам.долларын өртөгтэйгээр байгуулж байгаа юм.
Уг арга хэмжээнд ОХУ-ын Тээврийн сайд Игорь Левитин, ЭБЭХ-ний дэд сайд Б.Ариунсан, “Роснефть” ХК-ийн дэд ерөнхийлөгч Игорь Ромашов, “Сод Монгол” группын Ерөнхийлөгч Ц.Анандбазар, ОХУ-ын ЭСЯ-ны ажилтан болон албаны бусад хүмүүс оролцож байсныг та бүхэн санаж байгаа байх. Хамгийн эрсдэлтэй нь МИАТ-ын дэргэд байгуулагдсан тус компианий 51 хувийг Росснефт, 49 хувийг “Сод Монгол” групп эзэмшиж байна. Монголын нийт газрын тосны бүтээгдэхүүний тал хувийг оросуудын гарт орлоо гэсэн үг. Тэр дундаа МИАТ-д шатахуун нийлүүлэх үйлдвэрийн эрх мэдлийг Оросууд авчихлаа гэхэд хилсдэхгүй байх.
Энэ үйл ажиллагаа нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7.2 дахь заалт буюу “Монгод Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байгаа нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” хэмээн заасныг ноцтой зөрчиж байгаа юм. “Роснефть”-ийн монгол дахь гар хөл болсон “Сод Монгол”-оос үүдэлтэй балаг үүгээр дуусахгүй нь. Дээр дурьдсан 100 ШТС-ыг байгуулж чадаагүй ч “Сод Монгол” группын мэдлийн 23 ШТС үйл ажиллагаа явуулж байгаагийн гурав нь л зохих зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулсаар байна. С.Энхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих