Монголын уран ба Оросын сонирхол
Хэдийгээр Японд атомын цахилгаан станц дэлбэрч цөмийн эрчим хүчийг ашиглах асуудлаарх олон улсын байр сууринд багагүй сөрөг нөлөө үзүүлсэн боловч цөмийн эрчим хүчийг сонирхох томоохон гүрнүүдийн “амбиц” огт өөрчлөгдөөгүй тухай гадаадын шинжээчид бичих болжээ. Тэдний үзэж байгаагаар болл цөмийн түлш буюу ураны хүдрийн эрэлт хэрэгцээ улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ нь нэг талаас Фукушимагийн ослыг үл харгалзан зарим улс орнууд ойрын ирээдүйд цөмийн эрчим хүчийг улам их хэмжээгээр ашиглана гэж тооцож байгаатай холбоотой аж. Харин нэг том асуудал гарч ирж байгаа нь хэн энэ цөмийн түлшний зах зээлийн нийлүүлэлтэд зонхилогч байж чадах вэ гэдэг асуудал юм.
Хүйтэн дайны үеэс эхлэн уран баяжуулах чиглэлээр хамгийн их хүч хөрөнгө зарж, энэ салбарт боловсруулалтын асар их хүчин чадлыг бий болгосон хоёр орон байдаг нь ОХУ болон АНУ. Хүйтэн дайны дараа ч эдгээр супер гүрнүүдийн цөмийн түлшний зах зээл дээрх үүрэг буурахгүй байгаа аж.
Тухайлбал, манай хойд хөрш ОХУ-ын хувьд л гэхэд жилдээ зургаан мянган тонн баяжуулсан ураны нийлүүлэлт хийх бололцоо байгаа бөгөөд тус улстай энэ чиглэлээр хамтран ажиллах дэлхийн улс орнуудын захиалга дээрх хүчин чадлыг нь давахаар болж ирж байгаа гэнэ. Энэ юу гэсэн үг вэ гэвэл ОХУ-аас нийлүүлэгдэх баяжуулсан уран болон цөмийн түлшний хэмжээ цаашид ч эрэлт ихтэй байхыг нотолж байгаа аж.
Зарим нэг эх сурвалжийн мэдээлснийг харахад хүйтэн дайнаас хойшхи хугацаанд дэлхийн хэмжээний ураны эрэлт хэрэгцээний 60 хувийг Орос болон АНУ-ын нөөцөөс нийлүүлсээр ирсэн байна.
Эндээс харахад л манай хойд хөрш нэгэн үед зэвсэглэлээр уралддаг байсан АНУ-ын хамтаар ураны зах зээл дээр ямар том байр суурь эзэлсээр ирснийг ойлгож болно. Нөгөө талаар бол дээрх баримт нь супер хоёр гүрний ашигтай, ирээдүйтэй ураны зах зээл дээрх ширүүн өрсөлдөөнийг нь мөн тодорхойлж байгаа хэрэг.
Олонхи шинжээчдийн таамагласнаар бол тун удахгүй ураны үнэ эрс нэмэгдэх аж. Одоо нэг фунт ураны хүдрийг 55 ам.доллараар авч байгаа бол тун удахгүй энэ үнэ 80 ам.доллар болж нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул энэ зах зээл дээрх томоохон гүрнүүдийн өрсөлдөөн бүр ч ширүүн болох хандлагатай байгаа юм. Ялангуяа Энэтхэг, БНСУ болон Хятад зэрэг эдийн засгийн асар их боломжтой улс орнууд цөмийн эрчим хүчний станцуудыг барих өөрсдийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд саад учрахгүй гэж үзэж байгаа нь дээрх өрсөлдөөнд ташуур өгч байгаа хэрэг юм. Одоогоор Оросын уран баяжуулах хүчин чадал АНУ-хаас дөрөв, тав дахин илүү байгаа гэнэ.
Харин ОХУ-ын хувьд энэ зах зээл дээрх одоогийн байр сууриа хадгалахад ойрын ирээдүйд нэг том асуудал гарч ирж болохоор байгаа гэнэ. Энэ нь хойд хөршийн ураны нөөц ойрын 10-15 жилийн дотор үндсэндээ барагдахаар болсонтой холбоотой. Тиймээс Оросын ураны салбар дахь зонхилогч компани болох “АРМЗ” “(Атомредметзолото) гэхэд цэвэр дотоодын ураны нөөц дээрээ тулгуурлан үйлдвэрлэлээ явуулахад олон улсын зах зээл дээрх нийт ураны үйлдвэрлэлийн 7-хон хувь л болж байгаа юм байна.
Гэхдээ тус компани энэ хэмжээг ойрын хугацаанд эрс өсгөж 2030 он гэхэд дэлхийн хэмжээний ураны хүдрийн нийлүүлэлтийн 25-аас доошгүй хувийг дангаараа нийлүүлдэг байх зорилт тавиад байгаа аж. Мөн “АРМЗ” нь дэлхийн баяжуулсан ураны зах зээл дээрхи нийлүүлэлтийн 40 хувийг дангаараа гаргаж байх том “амбицтай” ажиллаж байгаа гэнэ. Тиймээс Орос улс ураны зах зээл дээрх байр сууриа алдахгүйн тулд гадаад улс орнууд дахь ураны нөөцийг олборлох боломжийг нухацтай судлахаас өөр аргагүйд хүрсэн талаар гадаадын шинжээчид бичиж эхэлжээ. Тэдний тодорхойлж байгаагаар бол Оросууд ураны зах зээл дээрх өрсөлдөөнд байр сууриа алдахгүй байхын тулд түшиж болох хамгийн боломжтой нөөц бүхий тулах цэг нь юуны өмнө хөрш орнууд нь байх болно гэж оноож байна.
Казахстан-Орос: Оросуудын нэлээд анхаарал тавьж харилцаа тогтоогоод байгаа эхний түнш нь ураны томоохон нөөц бүхий Казахстан юм. Хэдийгээр Казахстаны ураны хүдрийн нөөц нь дэлхийн нийт ураны нөөцийн 12 хувийг л эзэлдэг ч тус улс гадаад зах зээлд нийлүүлэлтээрээ хамгийн идэвхтэй орнуудын тоонд орж байна. Казахстан нь өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээний ураны нийт нийлүүлэлтийн гуравны нэгийг дангаараа гаргаж байгаа юм. Орос болон Казахстаны хооронд уран олборлолтын салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээр болон хөрөнгө оруулалтууд нь хэдийнэ хэрэгжиж эхэлсэн бөгөөд эдгээр нь өнгөрсөн зунаас мөрдөж эхэлсэн Гаалийн холбооны хамтын ажиллагааны нэг хэлбэр болон биеллээ олж байгаа аж. (Дашрамд дурдахад Монгол Улс энэхүү Гаалийн Холбоонд нэгдэхээр санал тавин ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхий сайд Эрхүү хотноо зарлаж байсан билээ.ред)
Харин Казахстан болон Оросын ураны салбар дахь хамтын ажиллагаа нь улстөрийн нарийн зохион байгуулалттай ажиллагаа болж хувирсан бөгөөд зарим нэг зохисгүй үйл явдлын учиг болж байсан гэх мэдээлэл барууны хэвлэлээр гарсаар байна. Eurasianet агентлагийн сурвалжлагчийн бичсэнээр бол маш их хэмжээний ашиг авчирдаг ураны ордуудыг ашиглах асуудлаар Оросын талын сонирхол болон хувь хэмжээг шударга бус хэмээн эсэргүүцэх үйлдэл гарч байжээ. Казахстаны энэ салбарын томоохон компани болох “Казатомпром”-ийн захирал асан Мухтар Жакишевийг ийм тэмцэл хийснийх нь төлөө 2010 онд 14 жилийн хорих ялаар шийтгэж байсан гэж дээрх эх сурвалж баталж байна. Түүнийг хорих болсон шалтгаан нь Казахстаны ураны салбар дахь хамтын ажиллагаанд Оросын ашиг сонирхлыг сөрснөөс үүдэлтэй хэмээн хардаж байгаа ажээ.
Монгол-Орос: Оросын ураны салбар дахь ашиг сонирхлыг хангах бас нэг түшиц газар нь Монгол болж байна гэж барууны ажиглагчид тодорхойлжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол Монголын ураны нөөц хамгийн багаар бодоход 25 мянган тонн гэж тодорхойлсон байна. Гол ордууд нь Дорнод аймагт байх бөгөөд социализмын үед ЗХУ-тай хамтран ашиглаж байсныг монголчууд сайн мэднэ. Зарим шинжээчдийн тооцоогоор бол Монголын ураны нөөцөөс жилдээ хоёр мянган тонн ураны хүдрийг боловсруулан гаргахад жилд дунджаар 300 сая.ам долларын ашиг олоод байх бололцоотой гэнэ.
Монголын ураны нөөц буюу Дорнодын орд нь Оросын Байгалийн чинад дахь Приаргунскийн уулын баяжуулах үйлдвэрээс ердөө 400 км зайтай бөгөөд төмөр замаар холбогдсон байгаа нь Оросын сонирхолд бүрэн нийцэж байгаа талаар гадаадын шинжээчид онцлон тэмдэглэж байгаа юм. Оросууд ч мөн Дорнодын ураны ордыг чухал ач холбогдолтой хэмээн үзэж энэ ордод олборлолт явуулснаар Приаргунскийн баяжуулах үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн одоогийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм байна. Дэд бүтцийн нэг шугамаар холбогдсон зэрэг давуу тал нь дээрх баяжуулах үйлдвэрт өргөн далайцтай ирээдүйг нээж өгч байна гэж Оросын тал ч үзэсээр ирсэн байдаг.
Тэгэхдээ Монголын ураны ордыг онилсон Оросын сонирхол өөрийн гэсэн том сүүдэр тусгаж эхэлсэн гэж барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүмжилсээр байгаа юм. Дорнодын ураны орд дээр олборлолт явуулах эрх авсан “Хаан Ресурс” хэмээх Канад, Орос, Монголын компанийг тойрсон маргаан нь үүний нэг тод жишээ болж байна хэмээн тэд үзэж байгаа аж. Орос, Канад, Монгол гэсэн гурван талын энэ орд дахь оролцооны хувийг өөрчлөх тухай асуудлаас болж үүссэн тэмцэл одоо ч үргэлжилсээр байгаа юм. Зарим эх сурвалж энэ маргаан бол Монголын ураны нөөц дээр өөрийн ноёрхлыг тогтоож, Канад зэрэг бусад гүрнүүдийн оролцоог бууруулах гэсэн Оросын улстөрийн явуулга хэмээн хардаж байгаа гэнэ.
Энэ маргааны учир шалтгаан гээд олон зүйл нь Казахстанд болсон Жакишевийн хэрэг явдалтай ижил байгаа тухай барууны хэвлэлүүд бичиж байгаа аж. Энэ хэрэг явдлаас болж 2007 онд нэг ширхэг нь 5.64 ам.долларын үнэд хүрч байсан “Хаан Ресурс” компанийн хувьцаа өдгөө 24 цент буюу нэг ам.доллар ч хүрэхээ байсан нь маргааны хувьд одоогоор мэдэгдэж байгаа хамгийн тодорхой үр дүн нь болж байгаа ажээ.
М.НАСТ
“Ардын эрх” сонин
URL: