Улаанбаатар хотыг 3000 метрээс харахад
Улаанбаатар хотыг 3000 метрийн өндрөөс харлаа. Хамгийн содон нүдэнд туссан нь цахилгаан станцуудын утаа байлаа. Галт уул ингэж дэлбэрдэг байхдаа гэмээр их утаа суунаглаж байна. Мөн нийслэл хотын барилга байгууламжаас илүүтэй, эмх замбараагүй мэт гэр хорооллын хашаанууд тодхон харагдах. Чингис хаан олон улсын нисэх буудлаас “Изинис эйрвейз” онгоц хөөрөнгүүт Спортын шинэ ордон Яармаг, Нисэх хавьдаа “хамба” гэмээр хамгийн том нь байна. Нийслэл хотын төв хэсэгт барилгууд эгнэж, тэдгээрээс төв цэнгэлдэх тод харагдаж байлаа. Ийм байдлаар ниссээр хотоос алсарч Төв аймаг дахь “Цонжинболдог” цогцолбор дээгүүр нисэхүйеэ Чингисийн хөшөө гоёмсог, сайхан харагдаж байв. Ийнхүү нийслэл хотыг бүхэлд нь 3000 метрийн өндрөөс харах аялал үргэлжлэв. Энэ бол иргэний агаарын тээврийн“Изинис эйрвейз” компани сэтгүүлчдийг Улаанбаатар хотын дээгүүр нь нисч, сурвалжлага хийх болон зураг авах боломж олгосон “Mедиа тур” аялал байсан юм.
Тус компани орон нутагт нисдэг 95 хүний суудалтай “Авро Ар Жэй” нисэх онгоцоор сэтгүүлчдийг 40 гаруй минут турш аялууллаа. Энэхүү онгоц шороон зурвас дээр буух, 7500 метрийн өндөрт нисэх чадвартай гэж байлаа. “Изинис эйрвэйз” компани одоогоор олон улсын Улаанбаатар-Улаан-Үүд, Улаанбаатар-Хайлаар, орон нутагт 14 чиглэлд нислэг үйлдэж байгаа гэв. Мөн “Изинис эйрвейз” компанийн Швед улсад үйлдвэрлэсэн Сааб гэдэг 34 хүний суудалтай бага оврын онгоцоор нэг цаг нислэг үйлдэхэд таван сая төгрөгийн үнэтэй байдаг ажээ. Одоогоор ийм төрлийн үйлчилгээг гадаад дотоодын зочид гийчид ирсэн үед Засгийн газраас захиалдаг. Мөн уул уурхайн компаниуд ч ихээр үйлчлүүлдэг гэж байлаа.
Мөн тус компанийнхан энэ аяллын өмнө сэтгүүлчдийг “Буянт ухаа” олон улсын нисэх онгоцны буудал дахь өөрийн нислэгийн удирдлагын төв болон барьж буй ангар /нисэх онгоцны засвар үйлчилгээний төв/-ын барилгын явц зэргийг танилцуулсан юм.
“Изинис эйрвейз” компани нь 2006 онд байгуулагдсан бөгөөд одоо онгоцны засвар үйлчилгээний томоохон бааз байгуулахаар ажлаа эхэлжээ. Тус компани нь Монгол улсын Иргэний агаарын тээврийн салбарт шинэлэг дэвшилтэт технологи, менежментийн шилдэг арга барилыг нэвтрүүлэн олон улсын жишигт нийцсэн аюулгүй, найдвартай агаарын тээврийн үйлчилгээг зорчигчиддоо үзүүлэх замаар Монгол улсын хэмжээнд болон ЕвроАзийн бүс нутгийн чиглэлүүдэд зорчих зорилго тавьжээ.
Б.Ойнбилэг
“Ардын эрх” сонин
URL: